Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ

Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн-ий урилгаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 3 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва, А.Ундраа, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Төвшинтөгс нар орж ажиллаа.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг айлчлалынхаа үеэр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн, Үндэсний Ассамблей дахь Солонгос-Монголын парламентын бүлгийн дарга Ган Чан Ир нартай тус тусын албан уулзалт хийв.

БНСУ-ын Үндэсний Ассамлбейн дэд дарга Пак Жү Сөн уулзалтын эхэнд Монгол Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа таатай буйгаа илэрхийлээд БНСУ, Монгол Улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, өдгөө Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсний зэрэгцээ хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ. Пак Жү Сөн дэд дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ цаашид парламент хоорондын харилцаа, түүний дотор найрамдлын бүлгүүд хоорондын ойр дотно харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр “БНСУ-д хөдөлмөр эрхлэх, суралцах зорилгоор ирж буй Монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 760 гаруй гадаад оюутан БНСУ-д улсад суралцахаар ирдгийн дотор 17 нь Монгол оюутан байна. Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнууд цаашид хоёр улсын харилцаанд гүүр болж ажиллах чухал үүргийг гүйцэтгэнэ” гэв.

Сүүлийн үед Солонгост нарийн ширхэгтэй тоосонцор ихэсч, энэ нь нийгмийн хурцадмал асуудлуудын нэг болоод байна. Тоосонцор үүсч буй газарт нь арга хэмжээ авахгүй бол БНСУ дангаараа тэмцээд тодорхой үр дүнд хүрэхгүй тул уг асуудлыг олон улсын хэмжээнд, ялангуяа Монгол, Хятад зэрэг орнуудтай хамтран шийдвэрлэх шаардлагатай гэдгийг Пак Жү Сөн дэд дарга онцолж хэлэв.

Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэд дарга “БНСУ, Монгол Улсын хооронд нэг авиа компани нислэг үйлдэж, онгоцны багтаамж бага байгаа зэрэг шалтгаанаар тийзийн үнэ өндөр байна. Энэ зах зээлд нэгээс илүү компани өрсөлдөх боломжийг олгосноор нислэгийн давтамж нэмэгдэн  тийзийн үнэ буурч, улмаар хэрэглэгчид хүссэн цагтаа боломжийн үнээр харилцан зорчих боломж нээгдэнэ” гэж үзэж байгаагаа илэрхийлээд энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхэд монголын хууль тогтоогчдоос дэмжлэг хүсэв.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад хандан урилга ирүүлж, айлчлал хийх бололцоо олгосон явдалд талархал илэрхийлээд Пак Жү Сөн дэд даргын хэлсэнтэй санал нэг байгааг илэрхийллээ. БНСУ-ын Засгийн газар Монгол Улсаас жил бүр авах оюутны тоог нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд монголчуудын БНСУ-д хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог нэмэгдүүлэх асуудлыг анхааралдаа авч,  дэмжиж ажиллахыг Үндэсний Ассамблейн дэд даргаас хүсэв.

Мөн тэрээр хоёр улсын парламент хоорондын харилцаа, түүний дотор Тамгын газрууд хоорондын харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцолж, Парламентын дэргэдэх Судалгааны төвүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг солонгосын талд тавив.

Ё.Баатарбилэг дарга хэлэхдээ “Туурин, шар шорооны асуудал нь БНСУ төдийгүй бүс нутгийн хэмжээнд яригдах асуудал бөгөөд Монгол Улс, БНХАУ болон БНСУ хамтран томоохон судалгааны баг ажиллуулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн тоосонцорын эсрэг тодорхой, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах нь үр дүнтэй” гэв.  Уулзалтын үеэр байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргад УИХ-ын дарга, дэд даргын мэндчилгээг уламжилж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажилласан УИХ-ын төлөөлөгчид мөн дээрх асуудлуудаар саналаа хэлсний дотор агаарын орон зайг ашиглах нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдолтой бөгөөд Япон Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй шинэ нисэх буудлын төсөл дууссаны дараа агаарын тээврийн бодлогод өөрчлөлт оруулах эрх зүйн шаардлага бий болсныг онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж