2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

2018 онд шинээр баригдах авто замуудтай танилц

Авто замын салбарын хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдөр /2018.04.06/ Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийнханд үүрэг чиглэл өглөө.


Авто замын салбарт  2018  онд улсын төсөв, гадаадын  зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр есөн чиглэлийн 556.2 км авто замын  барилгын  ажлыг шинээр эхлүүлж,11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг  он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетонон  болон модон гүүрийн  барилга, их засварын ажил, хоёр байршилд  нүхэн гарцын барилгын ажлыг  эхлүүлэхээр төлөвлөжээ.

Яамнаас энэ онд  1000 орчим км замыг улсын  комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 2018 онд  хоёр том ажил хийгдэж байгаагийн нэг нь гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам. Одоогоор ажлын явц 56.6 хувьтай явагдаж байна. Харин хоёр дахь нь төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр Баянхонгор –Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг концессоор удахгүй эхлүүлэх аж. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвүүдийг нийслэл  хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд авто замын салбарт 2018 онд шинээр эхлүүлэх томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:

Улсын төсвийн хөрөнгөөр

  • Гурванбулаг –Хишиг-Өндөр чиглэлийн авто замын төгсгөлийн 22 км хатуу хучилттай авто зам

  •  Баян –Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  •  Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай авто замын барилгын ажил

Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр

  • Азийн авто замын  сүлжээний АН-4 чиглэл  буюу Баруун босоо тэнхлэгийн Ховд-Баян-Өлгий  чиглэлийн 163.9  км авто замын барилгын ажил

  • Баянхонгор Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто зам

  • Тосонцэнгэл  Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто  зам

  • Улаанбаатар Хөшигийн хөндийн  олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.1 км  хурдны авто зам

  •  Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр Сонгино-Хяргас  нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км авто  замын барилгын ажлыг  он дамжин хийгдэж байна.

Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр

  • Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7  км авто зам

  • Увс аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар

  • Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил

  • Дашинчилин-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг тус  тус эхлүүлэх аж.

Дээрх төсөл хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн баруун таван аймаг буюу Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 он гэхэд  нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдож, улсын чанартай авто замын сүлжээний 50 гаруй хувь нь буюу 7720 км хатуу хучилттай авто замтай болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж