Х.Баттулга: Лиценз нэрээр баялгийг зардаг болсон

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Лиценз нэрээр баялгийг зардаг болсон

Х.Баттулга: Лиценз нэрээр баялгийг зардаг болсон

Баялгийн асуудал нь зөвхөн Монголын асуудал биш. Баялаг ихтэй 50 улсын асуудал. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хүн амын 1.5 тэрбумынх нь амьдралтай холбоотойг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь ярив.

Монгол газрын доороо зэс, нүүрс, төмөр, алт, мөнгө, цайр, нефть гээд асар их баялагтай. Гэвч алтан дээр суусан гуйлгачин хэвээр байгаа шалтгаан нь дүрэмгүй тоглолт. Баялгаа зөв ашиглахын тулд  эхлээд дүрмээ зөв тогтоох. Харин дүрмийг хэн, яаж тогтоох вэ?. Энэ бол  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөгжил-Ардчилал клуб болон Конрад-Аденауэр  сангаас зохион байгуулсан “Баялгийн засаглал” чуулганы үеэр яригдсан гол сэдэв. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “ Монгол Улс 100 оноо авахаас 54 оноо авчээ. Төрийн өмчийн компанийн засаглалын тал дээр Монгол Улс 100 оноо авахаас 40, үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сангийн хувьд 100 оноо авахаас 42 оноо авсан байна. Монгол баялгийн засаглал султай. Бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх боломжгүй болж байна. Үндсэн хуульд байгалийн баялаг бүгд ард түмний гэсэн байдаг. Гэвч цөөн хэдэн хүнийх болж байна. Лиценз гэдэг нэрээр баялгийг худалддаг болсон. Лиценз өөрөө худалдагддаг болсон. Үр дүн бүх хүн өртэй болсон” талаар ярилаа.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь баялгийн засаглалын гол үндсүүдийг танилцуулахдаа  нэгт, илрүүлэлт ашиглалт шийдвэр гаргах, хоёрт, сайн нөхцөлөөр олборлох, гуравт, орлогыг удирдах, дөрөвт, тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах болохыг дурдлаа. Түүний хэлж байгаагаар баялгийн засаглалыг бэхжүүлэхэд “Баялгийн менежмент ил тод байх явдлыг хангах, Албан тушаалтнуудад хариуцлага тооцох чадавхтай хяналтын албан институциудыг бий болгох, Албан тушаалтнуудад олон нийтийн зүгээс хариуцлага тооцох боломжийг хангах” нь чухал аж.

 Баялгийн олборлолт, баялгийн хараал, баялгийн  сан, баялгийн хуваарилалт, баялгийн засаглалын тухай, энэ таван сэдвээс алт нэгийг нь сонсоогүй хүн бараг байхгүй болсон. Тэгвэл сүүлийн үед Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас “Баялгийн сан”-гийн тухай ярих болсон. Энэ нь ч шинэ сэдэв биш.  “Байгалийн сан” байгуулах нь ямар ач холбогдолтой талаар Д.Сумъяабазарын зөвлөх Т.Цогтбаяр хэлэхдээ “Баялгийн үнийн хэлбэлзлээс нийт эдийн засаг болон төсвийг хамгаалах, ирээдүй хойч үеийнхэнд зориулж нөхөн сэргээгдэхгүй баялгийг санхүүгийн хөрөнгө оруулалтад хувиргаж хуримтлуулах”-д чиглэгдэж байгааг онцлоод Хуримтлал, хөгжлийн сан гэж юу болохыг Казакстаны жишээн дээр ярилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлахаас сан байгуулах ажил эхлэх юм байна. Хууль баталснаар  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтцийг шинэчлэх аж. Мөн стратегийн зарим ордын төрийн эзэмшлийн хувьцааг эргэлтэд оруулж, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин хараат компаниудын үнэт цаасыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа аж.  Дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтойг сайдын зөвлөх илтгэлдээ дурдсан юм.

“Баялгаа зөв, хүртээмжтэй, тэгш ашиглахын тулд нэгдүгээрт, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг дээд зэргээр хангах, тухайлбал төр засаг, компаниудын хооронд байгуулдаг үндсэн гэрээнүүд, компанийн жинхэнэ эздийн мэдээллийг ил болгоход онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэв. Цаашдаа уул уурхайн салбарын зохицуулалтгүй, далд явагдаж байгаа үйл ажиллагааны нэг болох түүхий эдийн худалдаа, экспортын асуудал, үүнд ялангуяа төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүнийг ямар компани худалдан авдаг, зуучилдаг, тэднийг хэрхэн сонгон шалгаруулдаг болохыг ил болгох асуудлыг ярилцсан юм.

Эцэст нь энэ уулзалтаас “Баялгийн сан” гэдэг бас нэг үлгэртэй үлдэхгүйн тулд 2013 оноос ярьж эхэлсэн санаагаа ажил хэрэг болгох нь гол асуудал нь болжээ.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж