Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирлээ

Нью-Жерси Девилс плэй-оффт эргэн ирлээ

NHL-н шилдгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэх шилдэг хаалгач М.Бродёр, хүчирхэг Канад хамгаалагч С.Нидермайер болон С.Стивенс нарын эрин үед байнгын плэй-оффт шалгарч Стэнлийн цомыг гурвантаа хүртэж байсан Нью-Жерси Девилс баг 6 жилийн дараа плэй-оффт эргэн ирлээ. Хамгийн сүүлд 2011-2012 оны улиралд Стэнлийн цомын шигшээ тоглолтонд шалгарч байсан ч түүнээс хойш 5 улирал плэй-оффын гадна үлдээд байсан юм.

Ерөнхий менежер Р.Шерогийн дасгалжуулагчдаа итгэх итгэл, дасгалжуулагч Ж.Хайнсын хичээл зүтгэл, өнгөрсөн зуны солилцоо наймааны үр дүн, драфтын сонголт зэрэг нь энэ багийг зөв зүгт явж байгааг харууллаа. Ялангуяа Дорнод бүсийн хүчирхэг багуудтай Метрополитиан дивизионоос плэй-оффт шалгарсан нь сайн үзүүлэлт юм. Өнгөрсөн зун драфтын тэргүүн сонголтоор Швейцар хүү Н.Хиршерийг авч, сүүлийн жилүүдэд драфтаас үргэлж дээгүүр сонголтоор тоглогчдыг элсүүлж буй Эдмонтон Ойлерсоос 2010 оны драфтын тэргүүн сонголт Т.Халлыг авсан. Багт шинээр ирсэн эдгээр тоглогчид багтаа шууд эерэг нөлөө үзүүлж улирлын турш багаа гоол болон гоолын дамжуулалтаар тэргүүлсэн. Одоо харин плэй-оффт хэрхэхийг харах л үлдэж байна. Вашингтон Капиталстай эсвэл Тампа Бэй Лайтнингтай таарах магадлал өндөр байгаа бөгөөд амаргүй даваа байх нь мэдээж юм. Гэсэн ч энэ улирал бол багийн хувьд хангалттай туршлага, ур чадвар олж авч, багийн сэтгэлзүйн хувьд том сэргэлт болох нь дамжиггүй юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж