Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны сувилагч нар өнөөдөр /2018.04.06/ ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн”-д оролцогчид УИХ, Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн шатлал бүхий эрүүл мэндийн байгууллагын ҮЭ-ийн хороодын дарга, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг 120 орчим хүн оролцлоо. Зөвлөгөөний үеэр дээрх асуудлыг яаралтай шийдвэрлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу тавдугаар сарын 12-ны өдөр ажил хаялтыг эхлүүлж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү шаардлагад сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 12-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ. Хэрэв тэдний шаардлагад хариу өгөхгүй бол тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнуудыг нь тэмцэлдээ оруулахаа мэдэгдлээ.
Сувилагчдын цалин 420-560 мянган төгрөг байдаг
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмартай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар Монгол улсад сувилагчийн хомсдол үүссэн гэж ярьж байна. Цаашид сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын түвшинд ямар ажил хийх хэрэгтэй вэ?
-Манай эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарын улсын гуравдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна. Энэ зөвлөгөөнд оролцогчид нэлээдгүй удаан хугацаанд сувилагчдад тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Өнөөдөр салбар бүрт л хүний нөөцийн хомсдол байгаа. Гэхдээ сувилагч нар дээр илүүтэй харагдаж байна. Өнөөгийн нийгэмд сувилагч нар мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болчхож. Яагаад вэ гэхээр бага цалинтай, амьдралд нь хаана ч хүрдэггүй учраас тэр юм. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд мөрдөгддөг эмнэлгүүдийн стандарт хэрэгжихгүй байна. Жишээлбэл хүүхдийн сувилагч гэхэд өдөртөө долоон хүүхдэд хүрч ажиллах ёстой. Гэтэл бодит байдалд 50 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор гурваас тав дахин ачаалалтай ажиллаж байна.
-Энэ онд хэчнээн оюутан сувилагч мэргэжлээр төгссөн бэ? Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд нийт хэчнээн сувилагч ажиллаж байгаа вэ?
-Энэ онд сувилагч мэргэжлээр 288 төгсөгч төгсөж байгаа. Энэ бол маш бага тоо. Цаашдаа ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагч нар хомсдоод эхэлж байгаа гэдгийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар сувилагчдын цалин 420-560 мянган төгрөг байдаг. Үүнийг хамгийн багадаа сая төгрөгт хүргэх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс олон улсын сувилагч нарын өдөр буюу тавдугаар сарын 12-нд ажил хаялт, жагсаал цуглаан хийх саналтай байгаа.
-Өнөөдрийн зөвлөгөөнөөс ямар шаардлага хүргүүлсэн бэ?
-Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлэх цаг болсон. Өнгөрсөн 2017 онд цалингаа нэмүүлэхийн тулд бид тэмцсэн. Гэтэл 300 мянган төгрөгөөр аргацаад “гал унтраасан”. 2018 оны хоёрдугаар улиралд цалингийн нэмэлт хэлэлцээр хийхээр болсон. Энэ хэлэлцээрийг яаралтай эхлүүлж төр засгийн зүгээс цалинг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй сувилагч ажилладаг гэсэн тоо бий. Угтаа бол эрүүл мэндийн ажилтнуудын хийж байгаа тэмцэл бол ард иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхийн төлөөх хийж байгаа тэмцэл гэж ойлгож болно.
Цалингийн зээлээр л амьдарч байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг
-Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын мэс заслын сувилагчаар 30 дах жилдээ ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт сувилагч хүний үүрэг маш чухал байдаг. Сувилагч бид нар яг л өвчтөнтэйгөө тулж ажиллаж хүмүүс байдаг. Тухайн хүнийг эдгээх, илааршуулах үйл явцыг хариуцан ажилладаг. Сувилагч хүний ажлын нөхцөл, цалин үнэхээр дутагдалтай байна. Анх сувилагч болоход 120 мянган төгрөгийн цалинтай эхлүүлж 560 мянган төгрөг хүртэл ажиллаж байна. Бидний цалин өнөөдрийн нийгэмд хаана ч хүрэлцдэггүй. Цалингийн зээлээр л амьдарч байна. Цалингийнхаа 70 хувийг зээлдээ өгчихдөг тул үлдэгдлээр нь амьдрахад үнэхээр бэрхшээлтэй.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга С.Энхцэцэг
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудал яригдаж байна. Тэр дундаа сувилагч нарын асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Нийт сувилагчдын стандартад долоон хүнд нэг сувилагч оногдох ёстой. Тэгтэл өдөрт 40-45 үйлчлүүлэгч оногдож байна. Эдгээр хүмүүсээс сувилахуйн чанарыг шаардах хэцүү. Ингэж ажиллаж байгааг ард иргэд сайн ойлгодоггүй. Бодлогын түвшинд төр засаг шийдвэрлэх ёстой. Саяхан АШУҮИС -ийн ажлын байрны уулзалтад очиход сувилагчаар ажиллах сонирхолтой хүн цөөхөн байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол ажил хаялт хийнэ. 2014 оноос хойш цалин нэмэгдүүлнэ гэж ярьсан.
Э.АРИУН