Чонын амнаас барын аманд орох уу, гишүүд ээ

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Чонын амнаас барын аманд орох уу, гишүүд ээ

Чонын амнаас барын аманд орох уу, гишүүд ээ

-ШҮҮХИЙГ ШҮҮХИЙН ЦААНА-

2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны 24.00 цаг. Шинэ хуучин хоёр он солигдох торгон мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга товч тодорхой үг хэлсэн нь “Шинэ онд хуулийн засаглал ялсан жил байх болно” гэсэн үг байсан. Эргээд харахад энэ үг их олон зорилготой байжээ.Цагдаа, прокурор, шүүх. Цагдаа цагийн найз, эрийн муу цагдаа гэх зэргээр элдвээр хэлдэг ч цагаа тулахаар “Миний цагдаа намайг хамгаална” гээд гүйгээд очдог хүн бүүр олон. Уулын мод хүртэл урттай богинотой байдаг болохоор цагдаа болгон эрийн муу, эсвэл эрийн муу болгон цагдаа болдоггүй байх л даа. Гэвч, монголчуудын тархинд эртнээс суучихсан энэ ойлголт дээр гал өрдөж муу дээр нь муухай, муухай дээр нь улцан, улцан дээр нь авилгач болгох сонирхолтой харваачид АТГ, прокурор, шүүхийг чиглүүлж сумаа тавиад нумаа нуухаа больж.17 тэрбумын тендерийн хэрэг, Төмөр зам, Сайншандын асуудлыг шалгасан, хорьсон цагдаа шүүхийнхэн шударга бус, харин өрсөлдөгчдийг нь барьж хоривол жигтэйхэн шударга гэж итгэдэгт нь илүү аймаар. Шударга ёсны тухай ярьж байгаа бол өөрсдөө шударгаар хэргээ шалгуулчих хэрэгтэй л дээ, уг нь.Сүүлийн хэдэн сар хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хуулийн салбарыг ээлж дараалан барьж аваад балбаж байна. Тэднийг харлуулах хар пи-арыг харахад АТГ, УЕП, ШЕЗ-ийн дарга нар муу ажилласан биш харин тэд ажлаа хийгээд байгаа учраас хэн нэгэнд таалагдаагүй, таалагдаагүй учраас замаасаа зайлуулахын тулд салбарыг нь онилоод нум, сумаа ээлж чөлөөгүй тавиад байжээ… гэх ийм л хардлага төрж байна.Г.Баасан, Х.Бат-Ялалт, Х.Нямбаатар. Бүгд хуульчид. Г.Баасан нь АТГ-ын даргын тухай, Х.Нямбаатар баян шүүгчдийн тухай, Х.Бат-Ялалт шүүгчид банкны барьцаанд орсон тухай. Бүгдээрээ өнөөдөр АТГ, УЕП, ШЕЗ-ийн даргыг сольсоор Монголд шударга явдал тогтоно гэж итгэлтэй яриад байгаа. Харин би эргэлзэж байна.

Тэнд хэнийг даргаар тавибал тэр шударга ёс нь  тогтох юм бэ гэх нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь, тэд яагаад өмнө нь энэ хэрэг явдлыг илчилж дэлгээгүй юм бэ.АТГ-ын Олон нийтийн зөвлөл болсноосоо хойш Г.Баасангийн хийсэн хэвлэлийн бага хурал болгон Х.Энхжаргал гэдэг хүнийг харлуулах, муулчлахад зориулагджээ. “АТГ-ын дарга ажлаа хийхгүй байна, Д.Энхжаргалыг солимоор байна” гэсэн ахмадын холбооны Г.Баасангийн зориудын зохион байгуулалттай хийдэг хэвлэлийн бага хурал “үндсэн” зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо. Ажил хийхгүй байгаа АТГ-ын даргыг солино гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлт дээр ил тод зарлачихсан билээ.Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байгаа юм. Ерөнхийлөгчид таалагдаагүй хуулийнхныг халж, солих юм уу. Эсвэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Үндсэн хуулийг өөрчлөх үү. “АТГ, Ардын нам хоёр ажил хийлгэсэнгүй” гэж нэгэнтээ мэдэгдэж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  ‘АТГ-ыг бид авахгүй бол ажил явахгүй байна’ гэдэг нь ч ямар учиртай үг вэ? АТГ-ыг аваад ямар ажил хийлгэх гэсэн юм бол.Асуух асуулт олон байгаа ч асуудал нь ганц, Х.Баттулга Ерөнхийлөгчид, АТГ-ын дарга Д.Энхжаргалд, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд биш, тогтолцоондоо болжээ.

Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хуулийн салбарыг мянган шинэчлээд нэмэргүй. Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчилж, эрх мэдлээс болж эмээлийн хоёр бүүрэг, голын хоёр эрэг шиг болсон институциудаа  нэгтгэх хэрэгтэй гэсэн үг.Дашрамд, сэдэв олдвол яаж сэвж болдгийг, хүн нь байвал хэрэг тохоход амархан болохыг шүүгчид мах цусаараа мэдрээ байлгүй.  Хүнийг хэн, хэзээ, яаж хэлмэгдүүлэхэд маш амархан бэ гэдгийг шүү.Шүүхийг шүүж огт болохгүй гэсэн зүйл мэдээж огт байх ёсгүй. Шүүхийн өмнө шүүгч, цагдаа, малчин, багш, би, та хэн ч байлаа, адилхан тэгш эрхтэй. Шүүгч илүү цалинтай байж болох ч багшаас илүү хуулийн өмнө эрх ямба эдлэх учиргүй. Тэд ажлаа муу хийж байвал халагдах нь зүйн асуудал. Ажилдаа хариуцлагагүй, авлига авсан, хүнийг хэлмэгдүүлсэн хэнийг ч хуулийн дагуу халж сольж болно. Гагцхүү Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, улс төрийн ахлах зөвлөхөд нь таалагдахгүй байна гэх шалтгаанаар бусдыг халдаг, сольдог хууль бол байхгүй юм. Гэвч “Чиний үг таалагдахгүй байна’ гэж гишүүдийн микрофоныг нь хаадаг хүмүүст тэр хууль дүрэм юу юм бэ… байлгүй дээ.

Угтаа, шүүх засаглал яагаад ялзарсан тухай биш, ялзарсан асуудлыг ганц, нэг хүнд тохох гээд улайрах, улстөрчид шүүхийг шүүгээд эхлэхээр асуудлын мөн чанар нь утгаа алдчихаж байгаа хэрэг. Шүүх засаглал чинь ямар муухай юм бэ гэх акцын ард хоёр, гурван хүний өргөдлийг нь өөрөөр нь бичүүлчихвэл сайхан болно гэж яриад унавал зорилго нь бүүр өөр гэсэн үг. Тэгэхээр тогтолцоогоо өөрчлөх үү, эсвэл Ерөнхийлөгчийн хүссэнээр АТГ, шүүх, прокурорын даргаа сольж өгөөд чонын амнаас барын аманд орох уу, өөрсдөө мэдэцгээ, гишүүд ээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж