Цэцэрлэгийн багачуудаа яах вэ, хотын дарга аа?

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багачуудаа яах вэ, хотын дарга аа?

Цэцэрлэгийн багачуудаа яах вэ, хотын дарга аа?

Хотын даргын зөвлөлийн шийдвэрээр нийслэлийн 32 мянга гаруй албан хаагч энэ сарын 15-аас өглөөний 08.00 цагт ажлаа эхлүүлэх боллоо. Бүтээн байгуулалтын их ажлын үеэр авто машины түгжрэлийг сааруулахын тулд дээрх зохицуулалтыг хийх нь зөв ч 07.00 цаг дөхүүлж ажлаа эхлүүлдэг нийтийн тээвэртэй, цэцэрлэг нь 08.30 цагаас хүүхэд хүлээн авдаг байхад энэ шийдвэр хөрсөн дээрээ буудаг болов уу. Учир нь ажлын цагийн хуваарьт оруулж байгаа өөрчлөлт нь цэцэрлэгүүдэд, мөн нийтийн тээврийнхэнд хамаарахгүй. Гэтэл ажилдаа очихын өмнө хүүхдээ цэцэрлэгт хүргэх шаардлагатай нэг хэсэг бий. Тэд өглөө ажлаасаа чөлөө авах уу, эсвэл таслах уу. Ажлынхаа ойролцоо хүүхдээ цэцэрлэгт өгдөг бол эхэлж ажилдаа ирж бүртгүүлчихээд буцаад гарахаас аргагүй.

Зарим албан хаагч нарын хувьд асуудал бага л гарах байх. Тэр тусмаа гэр бүлийн хоёрын нэгийнх нь ажил 09.00 цагт эхэлдэг бол. Ах, эгч нар нь дүүгээ цэцэрлэгт хүргэчих насанд хүрсэн бол бас боломж бий. Эмээ, өвөөд нь энэ албыг зарим нэг нь хариуцуулах биз.

Гэхдээ л балчир хүүхдээ эцэг, эхчүүд өөрсдөө л цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байх нь илүү найдвартай. Дээр нь нийтийн тээврийн үйлчилгээ хамгийн эртдээ 06.45 цагт хөдлөх хуваарьтай. Гэтэл хотын төвөөсөө хол амьдардаг албан хаагч нарын хувьд 08.00 цагт амжиж ажилдаа ирнэ гэдэг бол ер нь хэцүү.

Яагаад гэвэл нийтийн тээврийн эхний хөдлөх автобусыг 06.00 байхаар зохицуулахгүй бол 30 мянга гаруй албан хаагч авто машинтай явна гэвэл юун түгжрэлийг сааруулах бүр өдөөх юм болно. Уг нь өнгөрсөн өвөл нийслэлийн төр захиргааны албан хаагч нарыг ажлын тав хоногийн нэг өдөр автомашинаар бус автобусаар үйлчлүүлж байхыг уриалсан. Хэрэгждэг эсэхийг мэдэхгүй юм. Хэдийгээр нийслэлийн төр захиргааны байгууллагад харьяалагддаг албан хаагч нар 30 мянгуулаа автомашинтай гэж бодогдохгүй байгаа ч ажлаасаа хоцрохгүйн тулд наад зах нь такси барихаас эхлээд шаардлага гарч л таарна.

Иймээс хотын удирдлагуудаа энэ шийдвэрээ амьдралд хэрэгжих бодитой болгохын тулд нийтийн тээврийн эхний рейсийн цагийг одоогийнхоос урагшлуулах,  цэцэрлэгийн ажлын цагийг мөн дээрх цагийн хуваарьтай уялдуулах зэрэг зохицуулалт хийхгүй бол эцсийн дүндээ хэрэгждэггүй шийдвэр болж бууж мэдэхээр байна. Иргэдэд хашааны газраа өмчлөх, иргэний бүртгэлийнхээ зөрчлийг арилгуулахаас эхлээд нийслэлийн төр захиргааны байгууллагад хандах шаардлагатай ажил олон байдаг. Тэр бүгд ажлаа 09.00 цагаас эхлэхээс урьтаж, амжуулъя гээд харьяа дүүрэг дээрээ ирэхэд албан хаагч нь ажилдаа ирчихээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэхээр буцаад гарсан байвал ахин, дахин нааш цааш явах л ажил гарна. Иймээс иргэдээ чирэгдүүлэхгүй, албан хаагч нараа ажил хийдүүлэхгүй байх боломжоор хангаж, шийдвэрээ хэрэгжүүлэхийг хүсье.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж