У.Хүрэлсүхэд зэхсэн “хуйцай”

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхэд зэхсэн “хуйцай”

У.Хүрэлсүхэд зэхсэн “хуйцай”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх бөгөөд энэ үеэр Хайнань мужид болох Бо-Аогийн форумд уригдан оролцох юм. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, албан ёсны уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр албан ёсны гадаад айлчлалаа өнгөрсөн оны есдүгээр сард БНСУ-аас эхэлж, айлчлалын хүрээнд 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч агаарын бохирдлыг бууруулахад зарцуулаад байгаа билээ.

Ерөнхий сайдын айлчлалын тов гарсан энэ оны хоёрдугаар сараас эхлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ уг айлчлалын бэлтгэлийг хангахаар урд хөршид удаа дараа ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын онцлог гэвэл Монгол Улсын Их хурал, Засгийн газар бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөх талаар идэвхтэй ярьж байгаа учраас гадаад түншүүддээ хаалгаа цэлийтэл нээх эхлэл нь гэж үзэж болно. Бо-Аогийн форумын хувьд үүсгэн байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хятад Улс болон дэлхий дахиныг холбох чухал гүүр болсон төдийгүй Азийн онцлог болон дэлхийн нөлөөлөлтэй олон улсын харилцааны платформ болоод байгааг тэмдэглүүштэй. Тиймээс ч энэ удаагийн форумаар “Нээлттэй, инновацлаг Ази, хөгжин цэцэглэж буй дэлхий” сэдэвтэйгээр зохион байгуулагдаж буй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Энэ жилийн форумаар Хятад Улс хөгжил шинэчлэл, нээлттэй байдлын шинэ төлөвийг танилцуулах хөгжил шинэчлэлийн шинэ арга хэмжээнүүдээ танилцуулна гэж байгаа юм.  

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хөтөлбөрийг зөвхөн “онгоцны буудал дээр” танилцуулна гэсэн яриа Төрийн ордноос дуулдаж буйгаас үзэхэд тийм ч ил тод биш, зарим асуудал нууцын зэрэглэлтэй байгаа бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр, энэ удаад ялангуяа төмөр замын асуудлыг бусад асуудлаас “сугалж” хэлэлцэхээр зэхэж байгаа, тийм бэлтгэл ч хийгдсэн гэнэ.

Зам тээврийн хөгжлийн яамны талаас дөрвөн боомтыг олон улсын боомт болгохоор Хятадын талтай хэлэлцээр хийсэн. Эдүгээ энэ дөрвөн боомтын нэг нь л олон улсын чанартай болсон. Мөн Ханги Мандалын боомтыг олон улсын чанартай боомт болгох саналаа тавьсан болон Хятадын тал нааштайгаар хүлээж авсан тухай салбарын сайд ярьсан. Тэгэхээр ямартай ч нэг шинэ боомттой болоод ирэх нь лав. Нөгөөтэйгүүр “таг гацсан” шинэ төмөр замаа урагшлуулах талаар ямар нэг гоц гойд саналтай, сайн ч бай, саар ч бай шинэ мэдээтэй ирэх болов уу.

Хэрэв үнэхээр “том төслүүдээ хөдөлгөх” зорилт хэвээрээ бол энэ айлчлалын үр дүн маш чухал ач холбогдолтой. Одоо улстөржихгүйгээр буюу өөр сонголтгүйгээр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахгүй бол салбарын сайдын хэлсэн “дэлгэсэн тэрлэг” нь хэн бүхнээс харамласаар байтал өнгө нь гандаж үнэ нь буурч хоёр хөрш тойруулж төмөр замаа бариад “Монголгүйгээр” холбогдож дуусах нь. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгэндээ “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж батлуулсан эрхэм гишүүн, тухайн үеийн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаад би олзуурхаж байна. Нэгэнт батлагдсан бодлогыг хэрэгжүүлээд ажил болгох их үйлс таныг хүлээж байгаа шүү” гэх урмын үг унагана билээ.

Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хэзээ албан ёсны айлчлал хийх, Бээжин түүнийг хүлээж авах эсэх талаарх мэдээлэл тун бүрхэг байгаа. Үүнийг улс төрийн өнцгөөс харвал түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хоёр хоногийн дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон тус улсын Засгийн газраас ирүүлсэн баярын мэндчилгээнд “Хятад, Монголын харилцаанд сэв суулгаж болохуйц хариуцлагагүй үг хэлж, гүтгэсэн тал удаа дараа гаргасанд нь харамсаж буйгаа илэрхийлсэн” өгүүлбэр цохиж явсан нь ч есөн сарын хугацаанд “уригдаж амжаагүй” байгаатай нь холбоотой байж болох юм.

Гэвч “томоохон төслүүдээ хөдөлгөх” мессэж тараасан Монголын талтай Бээжин тун ч эвлэгхэн харилцах, жорыг нь тааруулсан “хуйцай” хэдийнэ бэлтгэсэн нь лавтай. Учир нь тэд Монгол дарга нарыг юунд дуртайг дэндүү мэднэ. Дээр нь “цэргийн хүн” тодотголтой У.Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайд ч багагүй “судлагдсан” нь ойлгомжтой. Тиймээс энэ удаагийн айлчлалаас, тэр тусмаа айлчлалын “нууцаас” төмөр замын талаарх шинэ мэдээ л гол хүлээлтийг үүсгээд байна. Харин “хуйцааны хачир”-ын тухайд хөнгөлөлттэй зээл тусламж зэргийг дайж мэдэх нь хэвийн үзэгдэл. Бээжин энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгатай “дулаан” харилцаатай улстөрч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд болсноор тус улсад хийж буй анхны айлчлалынхаа үеэр Хятад, Монголын харилцааны уур амьсгалыг хэрхэн зөөллөх мэдрэмж, чадварыг нь сонирхон шинжих нь лавтай. Мөн түүний Засгийн газраас баталсан “гурван тулгуурт шинэ сэргэлтийн бодлого”,  уг бодлого доторх “Нэг бодлого-Нэг улс” үзэл баримтлалын дор “олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого” гэсэн стратеги зорилтыг ихээхэн анхаарч байгаа нь лавтай. Ойрын зургаан жилд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.Путин, таван жилд БНХАУ-ын даргаар Ши Жиньпин ажиллах энэ замын уртад У.Хүрэлсүх сайд “хуйцай”, “борщ”-оос хэрхэн тааруулж хүртсээр зорьсон газартаа хүрэхийг “гарааны зурхайгаас” шинжих л үлдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж