“Их Британи галаар наадаж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

“Их Британи галаар наадаж байна” гэв

“Их Британи галаар наадаж байна” гэв

 НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өчигдрийн хуралдаан дээр ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия Их Британийг “Галаар наадаж байна” хэмээн анхааруулжээ. Василий Небензия  Их Британид Оросын экс тагнуулчийг хордуулсан хэрэгт Москваг буруутгаж буйд дахин няцаалт өгч, “ОХУ-ыг буруутгах нь ямар ч утгагүй зүйл. Та нар арай дээр үлгэр зохиож чадсангүй юу?” хэмээгээд “Бид Британийн хамтрагчдадаа “Та нар галаар наадаж байна. Үүндээ харамсах хэрэг гарна шүү” гэдгийг хэлсэн” гэжээ.

Оросын экс тагнуулч Сергей Скрипал болон түүний охин Юлия нар гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн ойролцоо мэдрэлд нөлөөлөх хортой бодист хордож, ухаангүй байхад нь онцгой байдлын ажилтнууд олсон билээ. Тэднийг хордуулсан бодис мэдрэлд нөлөөлөх химийн хүчтэй хорт бодис Новичок гэдгийг тогтоосон. Экс тагнуулч Сергей болон түүний охин одоо Их Британийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа билээ. Юлиягийн бие сайжирч ухаан орсон тухай Британийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Их Британийн засгийн газар цэрэг армийн зориулалттай Новичок хорт бодисыг Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн гэж үзэж, энэ хэрэгт ОХУ-ын эрх баригчдыг буруутгаж байгаа боловч Москва энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн.  Их Британийн армийн химийн зэвсгийн лабораторийн шинжээчид Сергей, Юлия нарын хордсон химийн бодисыг цэрэг армийн зориулалттай Новичок хэмээх бодис болохыг тогтоосон боловч хаана үйлдвэрлэснийг тогтоож чадаагүй билээ.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж