Төрийн алтан санд орно уу!

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Төрийн алтан санд орно уу!

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Төрийн алтан сан” нэртэй байгууллага байгуулна гэнэ. Энэ газар нь Монголын төрд хэрэг болохоор чадвартай хүмүүсийн нөөц “авдар” нь байх юм даг уу даа. Энэ бол түүний хувьд хийж сурсан ажлуудынх нь нэг юм. Экс Ерөнхийлөгчийн хувьд Монголын улс төрд нэлээд хүчээ авч байхдаа “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэх газрыг нээн ажиллуулж чөлөөтэй байсан Монголын хэвлэлийн салбарыг атгаж байв. Энэ сан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг эрх чөлөөтэй болгоогүй бөгөөд улам л хайрцаглаж “хадсан” даа.  Мөн өөртөө хайртай залуусыг бэлтгэх зорилгоор “Төрийн албан хаагчдыг чадавхижуулах төв” гэх газрыг ч нээн ажиллуулж байв. МАХН-ын дарга байх үедээ “Монголын ардчилсан социалист залуучуудын хол­боо” гэх байгууллагыг нээн ажиллуулж хэдэн “хийрхүү” залуусыг нэг дор цуглуулж байв. Тэр байгууллагыг тухайн үед удирдаж байсан залуусаас одоо тун цөөн хүн л үлдсэн. Зарим нь шоронд орсон, бас хөөгдсөн хүн хүртэл бий. Одоо тэр байгууллага нь ламд үзүүлсэн үү яасан мэдэхгүй нэрээ өөрчилчихсөн байна лээ. Мөн “Улаан сарнай” гэсэн нэртэй арга хэмжээ зарлан өөртөө хайртай залуусыг нэг үдшийн турш телевизээр гаргадаг байсан. Гэвч түү­ний өсөж өндийлгөсөн бү­хэн түүнд хайр зарлаад байсангүй. Нэг л өдөр тэр хүчгүйдсэн. Тэр хэн болохоо мэдэх, хэн байснаа мэдрэх нь мэдээж хэцүү л байсан байх. Тиймдээ ч дахин хөл дээрээ босохоор тэмцэж эхлээд байгаа.  Тэр нь “Төрийн алтан сан” гэдэг байгууллага. Энэ байгууллагаар тэр олон залуусыг нэгтгэх байх. Гэхдээ л үр дүн нь шорон гяндан, үхэл хагацал, үгүйрэл хоосрол байж мэднэ шүү, залуус аа. Хулгайч хүн бол нэг л арга техникээрээ л явдаг. Анх хулгай хийж сурахдаа айлын цонх хагалсан бол дараагийн удаа хулгай хийхдээ цонх хагалж л орохгүй бол болж өгдөггүй юм гэнэ лээ. Эндээс нэг л сурц харагдаад байгаа юм. Тэр сурсан зүйлээ л хийж байна, гайхаад хэрэггүй. Монголчуудын мартамхай зан түүнийг ингэж хөглөдөг ч байж мэднэ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж