“Ирээдүйгээс” ирсэн төхөөрөмжүүд

Хуучирсан мэдээ: 2018.04.06-нд нийтлэгдсэн

“Ирээдүйгээс” ирсэн төхөөрөмжүүд

“Ирээдүйгээс” ирсэн төхөөрөмжүүд

Ердөө 10-хан жилийн өмнө бид тун энгийн бүтэц, хийцтэй гар утас хэрэглэж, цаасан дээр гараар нямбайлан бичсэн жинхэнэ захидал солилцдог байлаа. Харин одоо бол төрөл бүрийн үүрэг рольтой түмэн янзын апп-ууд, цахим түрийвч, камертай ухаалаг утас гээд бидний хэрэглээ огт өөр болсон. Гэсэн ч шинжлэх ухаанчид, эрдэмтэд, инженерүүд биднийг гайхшируулах шинэ, содон нээлт хийсээр л байгаа. Хүний хэрэглээг хөнгөвчилж, “би яагаад ингэж бодоогүй юм бол оо”, эсвэл “үүнийг ямар хүн сэтгэчихэв ээ” гэж бодмоор тун энгийн мөртлөө туйлын ухаалаг техник хэрэгсэл, төхөөрөмжүүдийг танилцуулъя.

 1 

ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭХ ФУНКЦ БҮХИЙ МУУРНЫ жорлон

Гэртээ муур тэжээдэг хамгийн залуу эзэд аль хэдийн үүнийг авсан ч байж мэднэ. Мууранд зориулсан энэ жорлон тэжээвэр амьтны ялгадсыг үнэрийг нь дарж, тусгай уут руу шилжүүлдэг. Муурны эзэн тагийг нээлээ, бохироор дүүрсэн уутыг авлаа, хаялаа, гүйцээ. Загвар, хийцийн хувьд ч тун “ирээдүйлэг”. Үнийн хувьд харин чамгүй өндөр, 450 ам.доллараар худалдаалагддаг гэнэ.

 2 

УХААЛАГ ЦАГАРИГ

Дижитал эрин зуунд тусгай хэрэгсэл, төхөөрөмжгүйгээр дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэнэ гэдэг бараг л шидэт үлгэр болсон. Харин VHOOP нэртэй энэхүү ухаалаг цагаригт маш олон тооны мэдрэгч суурилуулсан. Ингэснээр цагариг эргүүлж, дасгал хийсний дараа таны дасгалын үр дүн, биед ирэх ачаалал, шатаасан илчлэгийн хэмжээ гээд бүхий л үр дүнг гар утсанд чинь илгээнэ.

 3 

УХААЛАГ БЭЛГЭВЧ

British Condoms компани хэдэн жилийн өмнө i.Con нэртэй “ухаалаг бэлгэвч” гэх шинэ нээлтээ танилцуулсан юм. Фитнессийн бугуйвч мэт харагдах энэ эд гэхдээ биеийн арай өөр хэсэгт зориулагдсан бөгөөд өөр “үйл ажиллагаа”-г хянана. Бэлгэвчний үндсэн үүрэг болох жирэмслэлтээс хамгаалж, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэхгүй. Гэхдээ зохион бүтээгчид нь энэ тал дээр ажиллаж байгаа гэнэ лээ.

i.Con ухаалаг бэлгэвчний гол үүрэг нь бэлгийн хавьтлын үеэр үргэлжлэх хугацаа, зарцуулсан эрч хүч, хөдөлгөөний хурд, хамгийн олон давтамжтай сонгосон байрлал, тэдгээрийн давтамж, биеийн дулаан, шатаасан илчлэгийн хэмжээ гээд бүгдийг тооцоолно. Хэрэглэгч хүсвэл энэ мэдээллээ бусадтай хуваалцаж бас болно.

 4 

ӨӨРӨӨ ЯВДАГ ЧЕМОДАН

Ажлын болон амин шаардлагаар ойр ойрхон аялж, зугаалдаг хүмүүст зориулан ForwardX тун сонирхолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь эзнээ алдалгүй араас нь дагаж явдаг тусгай чемодан юм. Танд ямар нэг ташуур, саваа, эсвэл тусгай команд өгөх шаардлага байхгүй. Та ухаалаг бугуйвчийг гартаа зүүгээд л болоо. Чемодан тань таны араас “мөшгих” болно. Бас ердийн чемоданы адилаар ашиглах бариул ч бий.

 5 

РОБОТ ЗӨГИЙ

“Хар толь” гэх телевизийн цуврал кинонд гардаг шиг робот зөгийг Walmart компани бүтээж, патентжуулж авахаар хөөцөлдөж эхэлжээ. Робот зөгийн гол зорилго байгаль орчныг хамгаалах. Тодруулбал, робот зөгий дроны үүрэг гүйцэтгэх бөгөөд эрдэмтэд, байгаль хамгаалагчид судалгаа, шинжилгээндээ өргөнөөр ашиглах боломжтой юм. Устаж, үгүй болох дөхсөн ургамлын төрөл зүйлийг аврах, ямар ч уур амьсгалтай аль ч бүс нутагт хөдөө аж ахуйг хөгжүүлэх гээд олон ажилд үр өгөөжөө өгнө гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байна.

 6 

УХААЛАГ ЗӨГИЙН ҮҮР

Одоогоос хэдхэн жилийн өмнө Австралийн нэгэн бизнесмэн ашиглахад тун хялбар, тусгай зөгийн үүр бүтээж, патентжуулж авчээ. Ерөнхийдөө шувууны үүр шиг гэсэн үг. Зөгий сүрэглэн амьдарна, бас балыг нь түвэггүй авч болно.

 7 

ШӨНИЙН ГЭРЭЛТЭЙ СУУЛТУУР

Энэ суултуур IllumiBowl гэдэг нэртэй. Жорлонгийн суултуурыг хүрээг дагуулан бүдэг тусгалтай гэрэл байрлуулснаар та шөнө орноосоо босоод 00 орохдоо гэрлээ асааж, нүдээ гялбуулах шаардлагагүй болж байгаа юм.

 8 

ХАЛААСНЫ СПЕКТРОМЕТР

Хэрэв та эрүүл хооллолтод онцгой ач холбогдол өгч, байгаль орчноо анхаардаг бол энэ эд танд яг тохирно. LinkSquare нэртэй энэ жижиг хэмжигч төхөөрөмжийг ашиглан хоол хүнс, уух ундаа, шингэн эд зүйлс болон бусад ямар ч төрлийн материалыг “шалгаж” болно. Тухайлбал, аль бүтээгдэхүүн нь хамгийн шинэ, соргог болохыг танд шуудхан хэлж өгнө. Гал тогоондоо, хүнсээ цуглуулж явахдаа, эсвэл аялж зугаалж явахдаа ашиглахад хамгийн тохиромжтой.

 9 

ХУРХИРАХЫГ ЗОГСООДОГ НҮДНИЙ МАСК

Хятадын VVFLY компани хүний унтах үеийн асуудлуудыг маш олон жил судалжээ. Үр дүнд нь тайван сайхан унтаж амрах орчин нөхцөлийг бүрдүүлж, хурхиралтыг зогсоох төхөөрөмж бүтээсэн байна. Үйлдвэрлэгчийн тайлбарлаж буйгаар тусгай зориулалтын чичиргээний ачаар энэхүү маск нь амьсгалыг хэвийн болгож, улмаар хурхирахыг болиулдаг гэнэ.

 10 

ЯРИАГАА НУУЦЛАХ ХААЛТ

Hushme нэртэй энэ төхөөрөмж хачирхалтай харагдаж байгаа ч маш чухал зорилготой. Энэ нь таны хэлсэн үг нэг бүрийг нууц байлгах үүрэгтэй. Та утсаа бариад хаана ч ярьж болно, гэхдээ таны яриаг утасны цаад эзнээс өөр хэн ч сонсохгүй, та эргэн тойрныхондоо огтхон ч садаа болохгүй. Тун хэрэгтэй эд, гэхдээ харагдах байдлыг нь жаахан сайжруулмаар ч юм шиг.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж