Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуулиа боловсронгуй болгож байна уу гэдэг асуудлыг хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
-УИХ 2013 онд Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж байсан. Гэтэл өнгөрсөн жил дахиад сайжруулах даалгавар өгсөн. Хэрэв зөвлөмжийг дагахгүй бол саарал жагсаалтад оруулна. Мөнгө угаах гэмт хэрэг гэж юуг хэлээд байна вэ?
–Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахаас өмнө цагаан захтнуудын буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр л мөнгө угаах гэмт хэргийг ярьдаг байсан. Гадаад болон дотоод дахь сүлжээгээ ашиглан хууль бус мөнгийг хууль ёсны болгох үйл ажиллагааг мөнгө угаах гэмт хэрэгт багтаадаг байсан юм.
Харин ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу УИХ Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа мөнгө угаах гэмт хэргийн хүрээг өргөжүүлж, аливаа гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого, эд хөрөнгө, үр шимийг хууль ёсны болгож зүсийг хувиргах, хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулах, бусдад шилжүүлэх үйл ажиллагааг мөнгө угаах гэмт хэрэгт тооцно гэдгийг тодорхойлж өгсөн. Нэг ёсны энэ төрлийн хэрэг үйлдсэн бол иргэнээсээ эхлээд албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээдэг байхаар зохицуулалтыг өргөжүүлж өгсөн. Ингэж хүрээг өргөтгөснөөр өмнө нь мөнгө угаах гэмт хэргийн заалтын хийдлээр хуулийн хариуцлагаас мултарч байсан үйлдлүүд боломжгүй болсон. Жижиг хулгайгаас эхлээд том хулгай мөнгө угаах гэмт хэргийг хязгаарлах хуулийн цоорхойгоор гарах боломжгүй болсон гэж ойлгох хэрэгтэй.
ФАТФ-аас удаа дараа хууль эрх зүйн орчин хангалтгүй байна гэж дүгнэснийг бид ч хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд мөнгө угаах гэдэг зүйл ангиар шалгагдсан, шийтгэгдсэн хэргийн тоо маш хангалтгүй. Хоёрхон хэрэг шүүхээр орсон ч хангалттай ял шийтгэл аваагүй.
-Ямар хэргүүд билээ, тодруулж өгөөч. Хууль эрх зүйн орчин хангалтгүй байснаас уу, эсвэл шүүх дээр хэргийг таслахдаа бага ял оноов уу?
-Нэг нь МИАТ, нөгөө нь Иргэний нисэхийн хэрэг. Өмнөх УИХ хоёр ч удаа Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэмт хэргийн зүйл заалтанд өөрчлөлт хийсэн байдаг. Энэ бол хардаж болохуйц ноцтой асуудал.
-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар “Эрдэнэт”-ийн хэрэг, оффшортой холбоотой асуудлууд мөнгө угаах гэмт хэрэгт хамаарах нь гэж ойлгож болох уу. Ер нь энэ төрлийн хэрэгтэй зөвхөн хуулиар тэмцээд үр дүнд хүрдэг юм уу?
-Жижиг гарын хулгайчид Монгол Улсын иргэний халааснаас түрийвчтэй мөнгө, утас хулгайлаад зүсийг нь хувиргадаг бол цагаан захтнуудын хэрэг гэж нэрлэгддэг том гарын хулгайчид мөнгө угаах гэмт хэргийг гадаадын банк, хувь хүмүүстэй хамтарч зүсийг хувиргах ажлыг хийдэг. Тэр утгаараа ганцхан хуулийн зохицуулалтыг сайжруулснаар биш гадаад улс орны ижил төрлийн байгууллагатай нягт хамтын ажиллагаа байгуулах замаар эрх зүйн болон эрүүгийн эрх зүйн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрийг өргөтгөх замаар тэмцэж байж үр дүнгээ өгнө гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ төрлийн ажлууд ч хийгдэж байгаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа Хонгконг, Макаод айлчилж нэлээд хүчин чармайлт гаргасны үр дүнд Хонгконгтой эрүүгийн эрх зүйн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр хийсэн юм. Саяхан хэлэлцээрийг баталлаа. Удахгүй Макаотой хамтран ажиллах хэлэлцээр зурна. Манайхны гол мөнгө эргэлдүүлдэг оффшор бүс гэх утгаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, нотолж, хуулийн цээрлэл үзүүлэхэд ихэд тустай бодитой ажил болсон.
Саяны асуусан тохиолдлуудын тухайд гадаад улсуудад, өндөр нууцлалтай, хамгаалалтай арилжааны банк, санхүүгийн байгууллагад болж байгаа учраас тусгай арга хэрэгслээр тэмцэж байж, гэмт хэргийг илрүүлэх, нотлох, эргээд шүүхийн өмнө цээрлэл үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн асуудалтай холбоотойгоор маш олон халхавч компаниудыг хувь хүн өөр этгээдүүдийн нэр дээр байгуулдаг. Түүнийгээ шилжүүлдэг, зээл авдаг, зүсийг нь хувиргадаг үйлдлүүд яригдаж, нотлогдсон.
Нөгөө талаас хууль хяналтын байгууллагууд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд энэ хэргийг авч үзэхэд хууль эрх зүйн орчин дээр дээр асуудал байгаа нь илэрсэн. Жишээлбэл, эцсийн өмчлөгч гэдэгт хэнийг тооцох вэ гэдэг асуудал байгаа. Ялангуяа маш олон удаагийн үйлдлээр зүсийг нь хувиргасан, олон дахин дамжуулж шилжүүлж байгаа ийм үйлдлүүдэд Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд оруулж байгаа зарчмын өөрчлөлт нь тухайн хууль бус хөрөнгийг эсвэл сэжигтэй гүйлгээнд явж байгаа хуулийн этгээд, давамгай хувьцаа эзэмшигч, эсвэл үүсгэн байгуулагчийг нэгдүгээрт тооцно. Хэрэв тэр этгээд олдохгүй буюу эсвэл энэ надад хамаагүй, эсвэл би мэдээгүй гэх мэтчлэнгээр янз бүрээр ярьж болно. Өөрөөсөө бултуулах, зайлуулах өөр хүнтэй холбох гэх мэт. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийг удирдаж байгаа гүйцэтгэх удирдлагыг эцсийн өмчлөгчид тооцно гэдгийг энэ хуулийн өөрчлөлтөөр нэг мөр хэлж байгаа. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээд ямарваа нэгэн байдлаар сэжигтэй болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн бол тэнд оролцсон хүмүүсийг ямар дарааллаар хэнийг нь тооцох вэ гэдгийг хэлж өгч байгаагаараа маш олон талын ач холбогдолтой.
Сүүлийн хэдэн жилийн туршид гарч байгаа тэрбумаар, их наядаар яригддаг болсон авлига албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдсон гэмт хэргийг өөрөөсөө холдуулах, эсвэл хэн нь мэдэхгүй балчир хүүхэд рүү түлхэх байдлаар хариуцлагаас мултрах оролдлого нэлээн хийгддэг. Энэ бүх боломжийг хааж өгч байгаа. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг илэрч шалгагдаж байгаа асуудал дээр энэ хэргийг зохион байгуулж санаатай болон санаандгүйгээр удирдаж байгаа далд эзэн ч хуулийн хариуцлага хүлээхээр зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
-ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд өөр ямар өөрчлөлтийг тусгаж байна вэ?
– ФАТФ-аас сэжигтэй гүйлгээ, сэжигтэй борлуулалтын талаар санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл өгөх үүрэг бүхий этгээдүүдийн хүрээ хязгаар хангалтгүй байна гэж үзсэн. Энэ нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагаар хязгаарлаж болохгүй, хуулийн зөвлөх, нотариатч, алт мөнгөний худалдаа хийдэг, борлуулдаг хүмүүсийг мэдээлэх үүрэг бүхий этгээдийн тоонд оруулах ёстой гэдэг шаардлага тавьсан. Энэ шаардлагыг хуулийн төсөлд тусгасан.
-Терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа үндэстэн дамнаж явагдаж байна гэдэг. Энэ чиглэлээр манайд зөвлөмж өгөгдсөн үү?
-Үй олноор хөнөөх зэвсэг гэдэгт ямар төрлийн аюултай зэвсгийг ойлгох вэ, энийг тээвэрлэх дамжуулах, гэрээ хэлцэл хийх татагдан орох хүмүүсийг ямар байдлаар тогтоох вэ гэдэг асуудал энэ хуульд нэмж зохицуулагдаж байгаа. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргаж байгаа үй олноор хөнөөх зэвсэг хийхтэй тэмцэх тогтоолыг Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд заавал сахин биелүүлэх тэр үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой заалтыг хууль тогтоомждоо нэмж өгч байгаа. Энүүгээрээ энэ хууль батлагдсан тохиолдолд Монгол Улс НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хуулиараа дамжуулан баталгаажуулах болж байгаагаараа ач холбогдолтой.
-ФАТФ-аас тавьсан зөвлөмж бүрийг хуульдаа тусгах үүрэгтэй юу?
-Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэг болгосон. Хэрэв ФАТФ-аас тавьсан зөвлөмжийг биелүүлэхгүй бол хар болон саарал жагсаалтад оруулж хязгаар тавина. Ийм учраас тус байгууллагаас тавьж байгаа зөвлөмжийг өөрийн хууль тогтоомж, онцлогтой уялдуулж тусгах л шаардлагатай.
-ФАТФ Монгол Улсыг эрчимтэй хяналтад оруулсан гэсэн. Энэ нь юу гэсэн утгатай юм бэ?
-Өнгөрсөн оны долдугаар сард Шри Ланк улсын Коломбо хотод Мөнгө угаах терроризмтой тэмцэх байгууллагын Ази Номхон далайн бүсийн хуралдаан болсон. Энэ хуралдаанд Монгол Улсын ээлжит тайланг сонсч, дүгнэлт өгч, эрчимтэй хяналтад оруулсан байдаг юм. Эрчимтэй хяналтад байх хугацаандаа ямар ажлуудыг хийх ёстой вэ гэдгээ зөвлөмжөөр өгсөн. Энэ зөвлөмжийн хүрээнд хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээсэн. УИХ, Засгийн газар, Монголбанк бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлнэ.
-Хар жагсаалтад өнөөдөр хэдэн орон байна вэ. Ямар хориг тавигддаг юм бэ?
-Иран, БНАСАУ гэсэн хоёр орон байдаг. Эдгээр улсад санхүү, улс төр, эдийн засгийн ямар хориг арга хэмжээг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлдэг вэ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Манай улс тэр төвшинд хүртлээ асуудал хүндэрсэн орны тоонд орохгүй, орох ч ёсгүй, тийм үндэслэл ч байхгүй.
-Саарал жагсаалтад оруулбал эдийн засгийн хувьд ямар сөрөг үр дагавар дагуулах вэ?
–Саарал жагсаалтад оруулна гэдэг бол манай улсын арилжааны банкууд, иргэдээс хийж байгаа гадаад гүйлгээн дээр хязгаарлалт тавигдана гэсэн үг. Гадаад улс руу болон гадаад улсаас төлбөр тооцоогоо арилжааны банкаар дамжуулж хийх боломжгүй болно гэдэг нь эдийн засгийн хувьд хилээ хааж байгаагаас ялгаагүй үр дагавартай хор уршиг дагуулна. Бүхэлдээ банкны санхүүгийн систем зогсоно гэсэн үг.
-Мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ баталдаг л байгаа даа?
-УИХ-ын намрын чуулганы хугацаанд Засгийн газраас холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ хуулийн төсөлд ач холбогдол өгч Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хаврын чуулганаар багтаан хуулийн төслийг батална гэдэгт итгэлтэй байна.
Г.ДАРЬ