Улаан асрын зүүд (102-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (102-р бүлэг)

Улаан асрын зүүд (102-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун хоёрдугаар бүлэг

ТӨР ТӨВШИТГЭГЧ ОРДОНД ТӨРӨЛ УРАГ НЬ ӨВЧИЛЖ, ТӨГС ҮЗЭМЖИТ ХҮРЭЭЛЭНД АД ШУЛМЫГ ДАРАВ

Өгүүлэх нь: Ван Фүрэний дуудсан ёсоор орж ирээд Бао Чай мэнд мэдэв. Хадам ээж гуравдугаар охин дүү чинь, харьд мордох болсон тул бэргэн болсон та нар бүгдээр хэлж ойлгуулбал бас эгч дүүгийн сэтгэл шүү. Тэр охин бол ухаантай хүүхэд бөгөөд та хоёр сайн тааралцах төлөвтэй байна. Бао Юй, гуравдугаар охин дүү хол явна гэж сонсоод их уйлсан гэнэ. Чи түүнийг сайн ятга! Одоо миний бие өвчин хуучинд баригдаад, бас хоёрдугаар бэргэн чинь хоёр гурван өдөр эрүүл явахгүй болжээ. Чи бас дотроо бодолтой байх хэрэгтэй. Хэлж дуугарвал зохих юман дээр нүүр хараад дуугүй өнгөрөөж болохгүй. Хожим энэ нэг гэрийн явдал цөм чиний хэрэг болно… гэсэнд Бао Чай ойлголоо гэж зөвшөөрөв. Ван ФүРэнь: “Бас нэг учир байна. Хоёрдугаар бэргэн чинь, өчигдөр Лю эхнэрийн охиныг авчирч танай гэрт нэмж өгье” гэв. Бао Чай:

-Өнөөдөр Пин Эр, тайтай, хоёрдугаар найнай хоёрын захиас гэж дагуулж ирсэн гэв. Ван Фүрэнь:

-Тийм үү! Хоёрдугаар бэргэн чинь над хэлжээ. Бодвол бас хамаа ч үгүй ээ. Түүний хэлснийг байг гэхэд бас төвөгтэй. Би тэр хүүхдийн нүд хөмсгийг харвал тийм ч төвлүүн хүний янзгүй. Урьд Бао Юйгийн гэрийн инж нарын дотроос, өнөө мэт хэдийг нь би хөөж гаргасан юм. Чи тэр үед гэртээ нүүж хариад байсан тул сүүлд мэдээ биз. Одоо чи ирсэн тул тэр үетэй адилгүй болжээ. За би чамд хэлье. Баахан анхааралтай байх хэрэгтэй. Танай гэрийн тэр Ши Рэнь харин болох хүүхэд байгаа юм гэв. Бао Чай “Ойлголоо” гээд цааш жаахан ярилцаж байгаад гарав.

Маргааш нь Тань Чүнь явах болов. Бао Юйд ёслон салахаар иржээ. Тэд салж ядна. Тань Чүнь харин хэлхээ үүрдийн их ёсны тухай ярьсаар Бао Юйг дуугарахгүй болгоод зогссонгүй баяр хөөртэй болгов. Тийнхүү Тань Чүний сэтгэл амарч бүх олноос ёслон салаад аралт тэргийг алхуулж, хүрдэт тэргийг хөлгөлсөөр холын аяндаа мордлоо. Жя Фэй хатны таалал төгссөнөөс хойш олон эгч дүү нарын сууж байсан Да Гуань Юань хүрээлэнг засаж сэлбэлгүй орхижээ. Бао Юй хуримлаж, Дай Юй үхээд Шю Шянюнь харьж, Бао Чинь гэртээ очиж сууснаас хойш хүрээлэн дотор хүн цөөрч бас уур амьсгал нь хүйтэн болоод Ли Вань эгч дүүс, Тань Чүнь Си Чүнь нар ч хуучин гэртээ харьж суужээ. Тийм боловч цэцэг дэлгэрч, сар тэргэлших цагаар угийн ёсоор цугларч нааддаг байлаа. Одоо Тань Чүнь яваад, Бао Юй өвдсөнөөсөө хойш гэрээс гарахгүй шахуу болсон тул урамшилтай хүн нэн ховорджээ. Тийнхүү хүрээлэнг дотор нь байж сахидаг хэдэн айлаас өөр хүнгүй эл хуль боллоо. Тэр өдөр Ёу хатан ирж Тань Чүнийг үдэж мордуулалцаад орой болсон тул тэрэг унаа хөдөлгөлгүй тэр жил Нин фүд нэвтрүүлсэн тэр бяцхан хаалгаар гарч одохул, тагт бүрх хэвээр боловч нүдэнд нь хүйтэн харагдаж, хүрээ хэрмийн дагуу цөм хашаа тариа болсон мэт их эвгүй санагджээ. Гэртээ харьтал бие нь халуурч тэгс ингэсгэж байгаад хэвтжээ. Өдөр гайгүй байж байгаад үдэш болмогц биед нь гал ноцох мэт болж, сүүлдээ солиорч ярьдаг болов. Жя Жөнь сандарч эмч залж үзүүлбэл, салхинд цохиулснаас цус хоригдож, ходоодны гал хөөрөөд нүдэнд нь хий юм үзэгдэх мэт болж үгээ солино. Доош суулгавал бие амарна гэжээ. Ёу хатан хоёр уух эм уугаад сайжирсангүй харин солиорчээ. Жя Жөнь сандарч, хүүгээ дуудан “Гаднаас сайн эмч сураглаж хэдийг залж үзүүлтүгэй” гэсэнд. Жя Рун “Уржигдрын ирсэн эмч бол хамгийн сайн нь юм. Ээжийн өвчнийг эмээр эдгэрэхгүй байж мэднэ” гэсэнд аав нь “Битгий дэмий чалч. Эмээр засахгүй аяар нь байлгах юм уу” гэсэнд хүү нь

-Засахгүй гэсэн биш. Тэр өдөр ээж баруун ордонд очоод буцахдаа хүрээлэнгээд дөтөлж гэртээ ирмэгц халуурснаас үзвэл замд нь юм наалдсан ч байж мэднэ. Тэнд Мао Баньшянь гэгч өмнө газрын нэг хүн байдаг юм. Төлгөнд их мэргэн гэдэг юм. Түүнийг залж үзүүлбэл дээр бишүү. Тус болбол түүний хэлснээр болж, тус болохгүй бол өөр сайн эмч эрж олоод залъя гэв. Жя Жөнь дор нь зөвшөөрч тэр төлгөчийг залж авчрав. Түүнийг бичгийн гэртээ суулгаад цай аягалсанд:

-Ордонд намайг дуудаад ямар учиртай төлгө татуулах гэсэн юм бэ гэж асуув. Жя Рун:

-Миний ээж өвчтэй болоод нэг төлгө бариулах гэсэн юмаа гэсэнд Мао Баньшянь:

-Тийм бол ариун ус авчирч гараа угаагаад, хүжсийн ширээ засаж, нэг төлгө орхиё гэв.

Хүмүүс хүссэн зүйлийг тэр дор нь бэлтгэж тавив. Төлгөч өврөөсөө төлгөний хонгио гаргаж тавиад, хичээнгүйлэн ёслоод төлгөний хонгиог авч сэгсрэсхийн амандаа “Их туйл, хоёр төлвийн”1 дотор түмэн бодис нөхцөлдөн оршоод хүлил зурхай тасралгүй улиран хувьсана. Хувилгаан шидийг шившин гуйхуйяа эрхгүй тусална. Одоо сүжигт абугай Жя Рун, эхийн өвчний учирт чин сэтгэлээр Фү, Вэнь, Жөү, Кун дөрвөн их богдыг2 урьсан тул биеэр залран бууж, үнэн сүжигт мэргэ юүгээ хайрлан, гай байвал гайг илрүүлж, бэлгэ байвал бэлгийг тодруулах болов уу. Урьдаар дотоод төлвийн3 гурван зурхайг гуйна” гэсээр хонгио доторх зоосыг тэвшинд асгаад: “Мэргэн болой. Тэргүүн нэг зурхайд “тоонолж” гарчээ” гэв. Бас дахин цацаж асгаад: “Өрөөсөн” болой гэв. Гутгаар зурхай нь мөн “тоонолж” гарав. Зоосыг түүж аваад аман дотроо: “Дотоод төлөв нэгэнт тодров. Одоо гадаад төлөвийн гурван зурхайг гуйж нэг төлгийг бүрдүүлсүгэй” гээд гаргаж үзвэл, “Өрөөсөн тасархай өрөөсөн” байв. Төлгөч хонгио, зооснуудаа хурааж суугаад:

-Суугтун, суугтун. Би нарийн ажиглаж, шинжье. Энэ хүлилийг “Үл туслагч”4 гэнэ. Хутгийн зурхай бол гутгаарт орно. Морин эрхтэнд гал тохиовол ах дүү ашиг хохирох тул хийморь доройтох нь лав. Одоо эрхэм ноёны эхийн өвчнийг асуух тул тэргүүн зурхайд нарийн шинжвэл зүй болой. Биеийг төрүүлэгчид5 биеийг хөнөөгч6 тохиожээ. Тавдугаар зурхайд бас нэг биеийг хөнөөгч илрэв. Миний үзэхээр эх хатны өвчин хөнгөн биш болой. Харин бас сайн. Одоо хулгана, гахайд тохиосон ус нь хоригдож, модон орны барс хөтлөөд гал үүсэв. Хутгийн зурхайд бас голомт сахигч7 илэрсэн нь бодвол эцэг ноёнд мөн баахан харштай болой. Тэр байтугай өөрийн биед боловч хутгийн зурхайд гай гамшиг хүнд туссан тул ус оргилон шороо сулрах өдөр хүрвэл мөн бас муу болой гээд сахлаа сэрвийлгэн суужээ.

Жя Рун анхандаа түүнийг дэмий чалчиж байна хэмээн санаж, дотроо тэсгэлгүй инээд нь хүрч байсан боловч тэр төлөгний ёсыг тодорхой хэлсэн бөгөөд эцэгт бас сайнгүй гэснийг сонсоод даруй: “Төлгө нь маш мэргэн болой. Харин миний эх ямар өвчтэй болсон хэрэг вэ” гэсэнд төлгөч:

-Энэ талга дээрх хутгийн зурхайд, морин эрхтэнд гал тохиогоод ус хувилж усдсанаас үзвэл, лав хүйтэн халуун хямарчээ. Хэрэв тодорхой тодлоё гэвэл, өвсөн төлгө8 бас арай тодгүй. “Харын зургаан төлгөт” үзвэл, сая оновчтой мэдэж болно гэв. Жя Рун:

-Та гуай бол цөмд нэвтэрсэн байхаа… гэсэнд төлгөч:

-Бага сага мэднэ гэв. Жя Рун даруй төлгөдүүлэхээр цаг заав. Мао Баньшянь даруй хөлгө зурж, хувилгаан эздийг жагсаан бодохул нохой дээр цагаан барс давхарлажээ. Үүнийг даруй “сүг сарнигч төлгө” гэнэ. Цагаан барс гэгч догшин эзэн бөлгөө. Эрмүүн хөгжингүй амьсгал төлөвт тохиож номхорвол хар үл болно. Одоо үхлийн эздэд тохиож, цаг уур түгжрэн өлөн барс болсон тул лавтайяа хүн хорлоно. Яг сүгийн сахиус цочин сарнисан мэт болох тул “Сүг сарнигч” гэнэ. Энэ төлгөний зурхайд өгүүлснээр үзвэл, хүний бие сүгээ алдахул өвчин зовлон давхцаж, өвчилбөл хохирох нь олон. Заргалдвал айж зовох учир бий гэжээ. Зурагт, наран шингээд барс ирсэн төлөв байхаас үзвэл, орой бүрийд өвчилсөн бололтой. Төлгөд өгүүлсэн нь, “Энэ төлгийг татуулбал, эрхгүй хуучин сууринд ичээлсэн барс түйтгэр болсон бөгөөд чимээ сүүдэр байна” гэв. Одоо эрхэм та дээд хүндээ төлгөдүүлж байх тул тэр агшинд барс нь аргад авбал эрд харшилж бэлгэд авбал эмд харшилна гэгчтэй нийлжээ. Энэ төлгө маш аймшигтай” гэв. Жя Рун сонсож байгаад царай нь зэвийж:

-Таны хэлэх нь маш зөв. Тийн гэвч түрүүчийн төлгөтэй бас арай нийлэхгүй байна. Чухам гэм болно уу гэсэнд төлгөч:

-Битгий сандар. Би аажмаар дахиад үзнэ… гээд бөхийж ямар нэг юм дүдэгнээд, сайн боллоо. Тэтгэгч одтой болжээ. Бодвол, могойн оронд эрхэм эзэд илэрч тусална. Үүнийг “Сүг сарниж, сүнс эргэнэ” гэдэг юм. Урьдаар зовж, хойно баярлан харш үл болно. Гэвч баахан хичээх хэрэгтэй гэв.

Жя Рун төлгөний барьцыг барьж мордуулаад Жя Жөньд:

-Ээжийн өвчин бол үдэш хуучин сууринд “Ичээлсэн цагаан барс” наалдсанаас олжээ гэж мэдүүлсэнд эцэг нь:

-Чи уржигдар, эхийгээ хүрээлэнгээр дөтөлж ирэв гэж хэлж байсан бишүү. Лав тэнд наалджээ. Бас хоёрдугаар авга бэргэн чинь хүрээлэнд очоод, өвдсөнийг мартаагүй байхаа. Тэр хэдийгээр юм олж үзээгүй боловч хожим эмгэд, шивэгчид цөм уулан дээр дэнлүү мэт том нүдтэй, бас үг хэлж чаддаг лүглийсэн том юм байна. Тэр юм хоёрдугаар найнайг хөөж айлгасанд өвдсөн гэдэг гэнэ гэв. Жя Рун:

-Түүнийг яалаа гэж мартах вэ. Би бас Бао хоёрдугаар авгын гэрийн Бэй Миний ярихыг сонсвол, Чин Вэнь хүрээлэн доторх цацагт цэцгийн сахиус болж Линь авхайг үхэхэд огторгуйд хөгжмийн дуу гаргасан тул тэр лав ямар нэгэн цэцгийг захирчээ гэнэ. Өчнөөн олон ад шулмас, хүрээлэнд оршсон хойно ямар сайн байхав. Анх хүн олон, хийморь цогтой, хүн тасрахгүй нааш цааш явдаг байсан тул бас гайгүй байжээ. Одоо бараг эзгүй болсон тул ээж тэрүүгээр явахдаа ямар нэг цэцэг гишгэсэн ч байж мэднэ. Эсвэл аль нэг нь наалдсан ч байж болно. Тэр төлгө бол мэргэн байна гэв. Жя Жөнь:

-Гэм хор болох, болохгүйг хэлэв үү гэж асуув. Жя Рун:

-Нохой өдөр бол даруй сайн болно. Хоёр өдөр урьтах буюу хоёр өдөр оройтвол нэн сайн гэнээ гэв.

-Энэ бас ямар учир байна вэ.

-Тэр гуай, хэрэв үнэн тийм мэргэн төлгөдвөл Лаое таныг зовохоос болгоомжилжээ.

Тэр хоёрыг ийн ярилцаж байтал дотроос хүн: “Найнай босоод шууд тэр хүрээлэнд очно гэнэ ээ. Шивэгчид цөм дарж дийлэхгүй байна” гэж дуудав. Жя Жөнь нар дотогш орж тайтгаруулбал Ёу хатан:

-Улааныг өмсөгч нь ирж намайг дуудна. Ногооныг өмсөгч нь ирвэл намайг хөөнө гэж айдас ч хүрмээр, инээд ч хүрмээр эх адаггүй юм ярьж байв. Жя Жөнь тэр даруй цаасан зоос худалдан авчруулж, хүрээлэнд аваачиж шатаалгасанд үнэхээр тэр шөнө хөлс нь гарч баахан намжаад нохой өдөр болоход аажмаар гайгүй болжээ. Энэ мэдээ чимээ нэгээс арав, арваас зууд дамжсаар Да Гуань Юань хүрээлэнд буг бий болжээ гэж яригдан хүрээлэнгийн сахиулууд ч айгаад цэцэг модоо ч засаж янзлахгүй, жимс ногоогоо ч усалж арчлахгүй болжээ. Анхандаа үдэш орой айж, явахгүй байсаар, араатан жигүүртэн ч хүнээс айхгүй болсон бөгөөд одоо бол өдрөөр ч мод шийдэм барьж явах болжээ. Төдөлгүй Жя Жөнь өвдсөнд, эмч залж, эм тан уулгалгүй, хөнгөн бол хүрээлэнд очиж цаас шатаан ам алдаж, хүнд бол төлгө бэлгэ үзүүлж од гарагт мөргөнө. Жя Жөнь арайхан сайжиртал Жя Рун бас өвдөв. Энэ мэтээр хэдэн сар үргэлжилтэл хоёр ордон бүгдээр айн цочиж доргиж, улс цөм сүүлнээсээ үргэж, сүүдрээсээ бултдаг болжээ. Үүнээс болж хүрээлэнгийн доторх хүү, татварыг цөмийг хэлтрүүлээд эл гэрийн сарын мөнгийг дахин нэмүүлснээр Рун фүг улам гар мөхөс болгожээ. Хүрээлэнгийн сахиулаад ч эндээс явахаас өөр юм бодохоо болиод, энэ цэцгийн шулмас, тэр модны эзэн гэж элдэв юм зохиож, эсэн бусын үг цуу тараажээ. Үүнээс болж хүрээлэнгийн үүдийг битүүмжилснээс хойш орж гарах хүнгүй болсноор өндөр сүрлэг асар тагт, оюу номин орд харшид араатан жигүүртэн үүрлэх болов.

Чин Вэний бүл ах Ү Гүй яг энэ үед хүрээлэнгийн үүдэн дээр сууж байсан бөгөөд эхнэр нь, Чин Вэнь үхээд цэцгийн шулмас болсон гэж сонссоноос хойш оройн цагаар гадагш гарч чадахгүй болов. Нэг өдөр Ү Гүй юм авахаар гараад орой эргэж ирвэл, эхнэр нь халуун хүйтэн хямраад, буруу эм ууснаар ханзан дээрээ үхсэн байжээ. Энэ эхнэр баахан иймхэн, тиймхэн тул гадны хүмүүс, буг шулмас хэрэм дээгүүр харайж ороод шим шүүсийг нь сорж үхүүлжээ гэж ярьцгаав. Энэ үед Луо тайтай айхын ихээр айж, олон хүн гаргаж, Бао Юйгийн гэрийн гадуур манаа халаа зогсоожээ. Шивэгчид бас дэмий юм ярьж, энэ нь улаан хацартайг харав, тэр нь ганган хүүхэн харав гэж ярьсанд “Бао Юй өдөр болгон зүрхээ гартаа барьжээ. Харин Бао Чай бол баахан мэдлэгтэй тул шивэгчдийг ийм тийм дэмий яриа тараавал зодно занчина гэж айлгасанд цуу яриа дарагдав. Гэвч гэр гэрийн хүмүүсийн сэжиг таавар ихдэж, бүр амаргүй болоод харуул манааны хүн нэмсэн тул зардал чирэгдэл нэн их нэмэгдэв.

Харин Жя Шө л дэмий итгэхгүй байв. Тэрбээр “Сав сайхан хүрээлэнд юуны нь буг чөтгөр босно вэ” гээд салхи жаваргүй нэг найрлаг сайхан өдөр, айл гэрийн нэг хэсэг хүнийг дагуулж, бялуу шийдэм бариад хүрээлэнгийн байдлыг ажихаар очжээ. Хүмүүс хориглосон ч сонссонгүй. Хүрээлэнд очвол, үнэхээр ээрэм чимхүүн байдалд оройны үс нь босжээ. Жя Шө зориглон урагш алхав. Дагагсад нь цөм хялав хулав гэж хулмалзан дальдарсхийв. Тэдний дунд явсан нэг залуу зарц дотроо айж байсан мөртөө гэнэт “Хүй” гэсэн чимээ сонсоод эргэж харвал хажуугаар нь таван өнгийн гэрэл татсан юм харайн өнгөрчээ. Түүнийг хармагц тэр зарц айж бархираад, өвдөг нь нугаран газар савж унав. Жя Шө зогсоод асуувал тэр зарцын амьсгаа давхцаж:

-Шар царайтай, улаан сахалтай, ногоон дээлтэй чөтгөр шугуйн арын хадны хонгилд орохыг харлаа гэсэнд Жя Шөгийн айдас хүрсэн ч “Та нар цөм харсан уу” гэж асуув. Ая тал дагуулагсад: “Үзэлгүй яахав. Лаоегийн өмнө явж байхаар нь цочуузай гэж болгоомжлоод… боолууд бид арай тэсжээ” гэцгээсэнд Жя Шө айж, урагш явахаа болиод зарц нартаа “Үг гаргаж болохгүй. Бүгдийг тойроод юу ч олж үзсэнгүй гэж хэлтүгэй” гэж захисан боловч дотроо үнэхээр итгэж бумбын ордноос шидтэн залж, ад чөтгөрийг даруулъя гэж бодов. Тэгтэл гэрийн зарц нар учиргүй байтал уршиг татдаг тул энд Жя Шөгийн айсныг хараад, нууж далдлаагүй мөртөө дээр нь дэл сүүл нэмж хүн амьтныг хэлээ гаргатал түрхэрүүлжээ.

Жя Шө арга буюу ариун бумбын хувилгаанаас аврал сунтаг эрээд ад шулмасын дарлага хийхээр тогтож, гурван их шидтэн, дөчин есөн гэлэн хуврагийг залж авчраад, эх дагины төрхөмчлөн саатсан эрдэнийн гол тагтад хот мандал засуулав9. Цаглашгүй дээд очирыг орой дээр нь жагсааж, цамын хохимой есөн толгойг доор нь тохиож, суман улаан модыг сорын голд хатгаж, санжид салмай, дүртэддагвыг дотор биеэр нь засаж самадын улаан галыг гадуур нь ороолгож, жалчин шивийн жаран балинг тойруулж сайхан жагсаагаад зардалд өргөдөг шивдаг дурмааг баруун талд нь тавьж шалсай сүрсүм бяцхан балингуудыг тойруулж жагсаажээ. Ангир лүнтүн тоорын гоншоог орой дээрээ дарж, ариун хишигт гурван номт дээлийг хуягчлан өмсөж, гаван шар дурдан орхимжийг мөрөн дээрээ сүлжиж, гал шар нарийн сунтагаар атиртал татаад, аман хүзүү өлзий зангиа арван гурав зангидаад, алд өндөр торгон цацгийг арын голдоо санжгануулж, өргөн ултай үүлэн гутлыг өлмийдээ өшиглөсөн хутагт гурван хуушаан Галдан Майдарын ширээн дээр хуврагийн ёс, хувилгаан дүрээр хормой засан завилаад, гавал тамару, очир пүрэв дэнгийн, хонх заншигийн барьцыг хоёр гартаа өргөж, олны түрүү умзад хуушаан онцгой дуугаар хүнгэнүүлж, олон арван хутагт хуушаан уянга тааруулан хангинуулж, угалзан хуартай хэнгэрэгүүд тунраа мөрт жигдрэв. Улаан зандан дохиурууд урагшаа хойшоо яралзаж, ухнын арьсан бүрээснүүд уул дүнгэнэм нижигнэв. Улаан духтай цангууд умзадын гарт гялалзаж, Удвалын навчин хивнүүд урагшаа хойшоо хийсэв. Арван нүхтэй бишгүүрүүд ая тааруулан хангинаж, арслангийн дуутай зэс бүрээ арын мөрд дүнгэнэв. Адын дуутай ганлингуудын ам соёо нь ангалзаж, ад дарах гүрэм ном уншлага ёсоороо эхлэв. Балдан түнжин ширээг тунраа мөрд жагсааж, барсын арьсан дэвсгэрийг түүний дээр дэвсэж, ахмад сор тэргүүлэгчид арван гурвыг жагсаав. Барсын сортой өрцөн зогдрыг магнай дээгүүрээ татаж, бараан торгон явдарыг баруун гартаа бариад дорж пүрэв очирыг догшин сүрээр эргүүлж, харанга бүрээ дүнгэнүүлж, хар хивээр гөвшиж цойржил цамбун тэргүүлээд жаран дөрөв хүрээлж, цаасан сороо өргөөд цааш нь цамнан явав. Сорын хүргэмийн жагсаалд хүрч цагираг татан зогсож, цам нэг бүлэг цамнаж, буруу зөвөөр эргэж, буг чөтгөрийг гөвшиж буцаагаад дотогш хөөтөл газар усны ягчисууд гараад гараад дутаав. Газрын эзэн өвгөн бурхан гавлыг нь цохиод эргүүлж байв. Үхээрийн чөтгөрүүд, үргээд үргээд дутаатал, үхэр морин толгойтонгууд урт таягаар балбаж байв. Зуурд хилсийн чөтгөрүүд зүг зүгт дутаатал замыг нь заах есөн эзэд хумиад хумиад оруулж байв. Улаан гал дүрэлзэж утаа манан бүрхэв. Том шанагатай тогооч нар урт модоор сийчиж урдуур хойгуур нь дайрлана. Цуваг ямба эхэлж, Чойнжир гурав гишгэв. Ямааранз дуудаж, явдар гурав эргүүлэв. Чойнам Ёнсон гурвалжин сольж гишгээд Чойжил ядам Чойжиндоо номончлол бүгдээ даатгав. Галуун дэвэлгээгээр эргэж, гадагшаа дотогшоо сүлжиж, галын гүргэмд ойртож ганцхан хөмрөөд цохив. Галзуу зэрлэг шулмас, дүд галт сорд дарагдав. Түмбийн ойрав малайваа, түнтгэр балин чинийваа, түмэн шулмасыг дарлаа би, төгс амгалан болтугай хэмээн гүрэмийн уншлагыг цэглэсэнд Жя Шө номын багшид хичээнгүйлэн мөргөж талархав.

 

Жя Рун мэтийн залуус тэрхэндээ инээд алдаж

-Ийм их ямба сүр болоод тэр ад шулмасыг барьж бидэнд үзүүлэх байлгүй гэсэн чинь харин энэ мэтээр хоосон аашилдаг байна. Шулмасыг үнэн барьж шатаасан байхаа хэмээлцсэнийг Жя Жөнь сонсоод уурлаж:

-Тэнэг амьтас. Тэр чөтгөр шулмас гэгч хурвал дүр бүтэж, сарнивал уур болдог тул одоо өдий олон хувилгаан шидтэн энд цугласан тул яахин дүрээ илрүүлж чадна вэ. Шулмасын уурыг хурааж дараад, уршиг дагуулахгүй болговол даруй ном бурханы ид шид болой гэсэнд бүгдээр хожим л мэдье гэж итгэхтэй, үгүйтэй өнгөрөв. Доод хүмүүс буг шулмасыг дарсан гэж бодож, сэжиг таавар алдраад айж цочихоо байснаар яваандаа тийм юм ярих хүнгүй болжээ. Жя Жөнь нарын өвчин эдгэж тэнхрээд бүгдээр ном бурханы ач, хүчийг гайхацгаав. Ганц нэг бяцхан зарц инээж:

-Урьдын тэр цуу чимээг би ер мэдсэнгүй. Их Лаоег дагаж очсон тэр өдөр үнэхээр нэг том гургуул нисэн өнгөрснийг Шуань Эр үзээд их айж, яг үнэн адил хэлжээ. Бид цөмөөр түүнийг дууриагаад худал хэлсэнд их Лаое үнэмшээд… золтой нэг их гүрэм олж үзлээ гэснийг бүгдээр сонссон боловч яалаа гэж итгэж болох вэ. Очиж суусан хүн ер гарсангүй.

***

Нэг өдөр Жя Шө онцын ажилгүй сууж байхдаа, хүрээлэнд шөнө орой муу хүн нуугдуузай хэмээн болгоомжилж, жирийн хэдэн ардыг тэнд оруулж суулгая гэж бодоод хүн дуудахыг завдтал Жя Лянь орж ирж мэндлээд:

-Өнөөдөр их нагацын гэрт очоод нэг дамын чимээ сонслоо. Бүгдийг дайчлагч түшмэл, хоёрдугаар авгыг харьяат тушаалтан нараа чандлан захирахгүй байсаар амуу тариаг их гувчуурласан учирт, тушаалаас нь огцруулахаар буруушаан айлтгажээ гэв. Жя Шө сонсоод цочиж:

-Цуурхал байлгүй. Тэр өдөр хоёрдугаар авга чинь бичиг илгээж, Тань Чүнь хэдний өдөр түүний тушаалын газар хүрээд, хэдний өдрийн сайн цагийг сонгож, охин дүүг чинь хязгаарын газар хүргэж өгсөн бөгөөд замд салхи давалгаангүй сайхан хүрсэн тул гэр хотлоороо санаа амар байгтүн гэж хэлүүлжээ. Бас бүгдийг дайчлагч түшмэл садан таньж, найр бэлтгэн баяр хүргэв гэжээ. Яахаар садан таниад, бас буруушаах билээ. Хурдхан явж, түшмэлийн зурганаас сураглан тодруулаад ирж мэдүүл гэв. Жя Лянь яваад хагас өдөр бололгүй буцаж ирээд:

-Сая түшмэлийн зурганд очиж асуувал хоёрдугаар авга үнэн буруушаагдсан гэнээ. Завшаанаар хаан эзэн хишиг хайрлаж, айлтгалын бичгийг зурганд тушаалгүйгээр “Харьяат тушаалтанаа чандлан захиралгүйгээр амуу тариаг их гувчуурлан, ард иргэнийг зүдээн зовоосныг чухам тушаалаас нь огцруулбал зохих боловч анх удаа гадаад тушаалд явж, эвлэн засахад чадамгайгүй, харьяат тушаалтандаа мэхлэгдсэн тул гурван зэрэг бууруулан хишиг хүртээж мөнхүү үйлдвэрийн зурганы туслагч түшмэлээр жишээлэн явуулна. Даруй түргэн нийслэлд буцаан ирүүлэгтүн гэжээ. Энэ чимээ үнэн болой. Намайг тушаалын зурганд ярилцаж байтал Жяншигаас дуудагдан ирсэн нэг хошууны ноён таараад, манай хоёрдугаар авгад их талархаж байна. Тэрбээр үнэн сайн ноён болой. Ганц сайн хүнийг олоод хэрэглэсэнгүй. Ардууд нь худал хуумгай аашилж, харьяат тушаалтныг доромжлон сайн нэрийг нь гутаалаа. Бүгдийг дайчлагч ноён хэдийн мэдсэн бөгөөд хоёрдугаар авгыг сайн хүн гэсэн гэнэ. Гэтэл энэ удаа бас яагаад буруушаан айлтгасныг мэдэхгүй. Бодвол даанч хэтэрч хожим нэн их гай тариузай гэж, нэг эс чандалсан хэргээр шалтгаалж айлгасан нь үнэндээ хэргийг хөнгөлөх гэсэн санаа ч байж мэднэ гэжээ. Жя Шө сонсож барахын урьд даруй Жя Ляньд: “урьдаар очиж авга бэргэндээ хэлж өгөгтүн, Харин Лао дайдайд хэлэх хэрэггүй” хэмээсэнд Жя Лянь Ван Фүрэньд хэлэхээр одов. Юу хэлснийгэс мэднэ. Мэдсүгэй хэмээвээс даарах бүлэгт үзтүгэй.

Тайлбар:

1.Их туйл хоёр төлөв-Бумбын сурталган бол тэнгэр газар салахаас өмнөхийг их туйл, тэнгэр газар хоёрын салахаас хойнохыг, хоёр төлөв гэдэг

2.Фү, Вэнь, Жоу, Күн дөрвөн их богд-Домогт гардаг Фү Ши хаан, Жоу улсын Вэнь ван, Жоу гүн, Цүнь Чиүгийн үеийн Күнз дөрвийг хэлнэ. Уламжлалаар зурхай, төлгийг бол энэ дөрвөн хүн зохиосон гэдэг.

3.Төлөв-Төлгөний учрыг илтгэсэн зураг тэмдэг. Гадаад төлөв, дотоод төлөв гэж хуваана.

4.Үл туслагч-Хүлэлийн нэр. Дээр нь хэрээлэл, доор нь шавардал тохиогоод харилцан үл нөгцөлдөх тул ийн нэрлэжээ.

5.Биеийг төрүүлэгч-Зурхайн нэр. Бас эцэг эхийн зурхай гэнэ. Найман хүлэлд тэнгэрийн эш, газрын эрхтэн ба таван махбодийг тохируулахад энэ нь тэрнээсээ үүсэх ба тэр нь энийгээ хөнөөх мэтийн элдэв байдал гарна. Үүнд биеийн үүсэл бологч /жишээ нь мод бол галын үүсэл/-ийг биеийг төрүүлэгч гэнэ.

6.Биеийг хөнөөгч-Зурхайн нэр. Бас албин чөтгөрийн зурхай гэнэ. Дээрх тайлбарын ёсоор биед хөнөөл бологч/жишээ нь ус бол галын хөнөөл/-ийг биеийг хөнөөгч гэнэ.

7.Голомт сахигч-Зурхайн нэр. Бас үр ачийн зурхай гэнэ. Дээрх тайлбарын ёсоор биеэс үүсэгчийг /жишээ нь гал бол модноос үүснэ/ голомт сахигч гэнэ.

8.Өвсөн төлгө-Төлгөч өвсөөр багаж болгож тооны улирал, хувирлаар заяа бодох нэг зүйлийн төлгө.

9.Энд хятад эх дээрээ бол бумбын ёсны чөтгөрийн дарлага уншуулсан юм. Ойлгогдохгүй олон тайлбартай байсан учир орхиод, лам нарын цам цамнаж, сор залдаг чөтгөрийн дарлагаар сольсон ажээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж