Д.Загджав: Оюутолгойн гэрээг “Эрдэнэт”-тэй жишихээр гологддог

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Д.Загджав: Оюутолгойн гэрээг “Эрдэнэт”-тэй жишихээр гологддог

Д.Загджав: Оюутолгойн гэрээг “Эрдэнэт”-тэй жишихээр гологддог

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг байр сууриа олон удаа илэрхийлсэн. Энэ үгнээсээ болоод дэд сайдын суудлаа ч өгч мэдэх нөхцөл байдал бий болж байсан юм. Харин одоо Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг шалгаж байгаа энэ үед түүний байр суурийг тодрууллаа.

-АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн ч төд удалгүй шатахууны үнэ нэмэгдсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буур байна. Үүнийг дагаад Монголын зах зээл дээр өөрчлөлт гарах болов уу?

-Шатахууны үнийн зөвлөл үнийг тогтвортой байлгах чиглэлийг нефть импортлогч компаниудад өгсөн. Одоо манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Шатахууны үнийн зөвлөлийг даргалж байгаа. Цаашид нефтийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай байна. Тэгэхээр үнэ өснө гэж болгоомжлох шаардлагагүй болов уу гэж харж байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэд хэдэн улстөрчийг шалгаж байна. Оюутолгойн үйл ажиллагааг хатуухан шүүмжилж байсан хүний хувьд одоо ямар байр суурь илэрхийлэх вэ?

-‘Оюутолгой’-той холбоотой хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, шалгалтын дүн гараагүй байхад тодорхой зүйл ярих боломжгүй. Ер нь “Оюутолгой” төсөл дээр бид хариуцлагатай хандах ёстой. Оюутолгойн гэрээг байгуулах явцад хууль зөрчсөн үйлдэл байгаа бол бид ярих ёстой. Ер нь нэгэнт тохирсон гэрээг хөндөх, өөрчлөхөд хүнд. Гэрээ ёсоор бол Монголчууд 2017 оноос эхлэн дотоодын цахилгаан эрчим хүчээ Оюутолгойд нийлүүлэх, 2023 оноос ашгаа авах гэх мэт заалттай. Гэвч энэ бүгд хойшлогдсон учраас эдийн засагт үзүүлэх өгөөж нь алслагдаж байна.

-Тэгвэл дээрх асуудлаар шалтаглаж гэрээнд дахин өөрчлөлт оруулах боломж бий юу?

-Эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гэрээн дээр дахин суух хоёр шалтаг гаргаж болно. Нэгдүгээрт, үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт, хууль зөрчсөн гэдэг. Оюутолгой төсөл дээр хамтарч байгаа л бол түүнийг илтгэсэн ажил байх ёстой. Оюутолгойн гэрээг “Эрдэнэт” үйлдвэртэй жишээд үзэхээр гологдож байгаа юм. Зарим хүмүүс юм бүрийг “Эрдэнэт”-тэй харьцуулсан гэдэг боловч амьдрал дээр боломж бий.

-Оюутолгойн гэрээг УИХ-аас баталсан атал ганцхан хүнд хариуцлага тохож байгаа нь хэр зохимжтой вэ?

-УИХ-аас тухайн үед хоёр тогтоол гарсан байдаг. Тэр тогтоолыг хэрэгжүүлэх шатанд бага зэрэг өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Индонез улсад дэлхийн томоохон орд бий. Тэр ордын 50 гаруй хувийг АНУ, 40 хувийг “Рио тинто” эзэмшдэг. Индонез улс өөрөө ердөө ес орчим хувийг л эзэмшдэг байсан. Уурхайг ашигласан 25 жилийн турш өгөөж нь Индонезийн эдийн засагт харагдахгүй байсан тул тус улсын Засгийн газар аргагүй эрхэнд уурхайг зогсоосон. Үүний үр дүнд “Рио тинто” өөрийн хувьцаагаа 5-6 тэрбум ам.доллараар үнэлээд, Индонезийн Засгийн газарт өгөхөөр болсон. Индонезийн уурхайгаас “Рио тинто” хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 1,8 тэрбум ам.долларын ашиг олсон. Ингэхдээ “Рио тинто”-гоос илэрхийлж байсан байр суурь “том уурхай, бизнесийн өгөөж богино хугацаанд гардаггүй” гэдэг шалтгаанаар 25 жилийг өнгөрүүлсэн байдаг. Бид энэ алдааг давтахгүйгээр аль болох харилцан ашигтай ажиллаж, тэгш эрхийн зарчимд тулгуурласан байх ёстой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж