Онлайн дэлгүүр нэртэй луйварчид эмэгтэйчүүдийг онилдог

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Онлайн дэлгүүр нэртэй луйварчид эмэгтэйчүүдийг онилдог

Онлайн дэлгүүр нэртэй луйварчид эмэгтэйчүүдийг онилдог

Фэйсбүүкт “Захиалснаас 7-10 хоногийн дараа авчирна, урьдчилгаа өг” гэж бичсэн зарыг та өдөр тутамдаа харж байсан биз ээ. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс цаг заваа хэмнэхээр онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдаж авах нь сүүлийн үед нэлээдгүй ихэсчээ. Товчхондоо хүмүүс хүссэн газраасаа зар оруулж бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, худалдаж авч байна. Үүнийг зохицуулах, хязгаарлах, эрх байхгүйд хамгийн гол асуудал оршиж байгаа юм. Монголд Хятад, Япон, Өмнөд Солонгосоос бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг хувь хүн, фэйсбүүкийн хуудас олон бий ч үйл ажиллагаа нь албан ёсны, бүртгэлтэй эсэх нь тэр бүр тодорхойгүй. 

‘Таны захиалга маргааш ирнэ гэсээр байгаад жил хүлээлээ’

Түүнийг М.Өлзийдолгор гэдэг. Одоогоор хоёр нялх хүүхдээ асардаг учраас дэлгүүр хэсэх зав зай гардаггүй гэнэ. Ингээд цаг заваа хэмнэх үүднээс фэйсбүүкээр ‘Terbum’ нэртэй цахим хуудсаас худалдан авалт хийхээр захиалга өгчээ. Ингээд нөхөртөө 160 мянган төгрөгийн үнэтэй хослол захиалж. Захиалга өгөхдөө хамгийн түрүүнд оператортой ярилцан хувцасныхаа өнгө, хэмжээг тохиролцож мөнгөө шилжүүлжээ. Гэтэл түүний захиалсан бараа дутуу ирж, операторт хандахад “Таны захиалга маргааш ирэх байх. Дансаа өгөөрэй” гэсэн хариу хэлжээ. Үүний дараа бүсгүй залилуулснаа мэдэж мөнгөө буцаан авахаар оролдсон ч бүтэлгүйтжээ. Энэ асуудлаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та онлайн дэлгүүрээс хэзээ бараа захиалсан бэ? Одоо болтол таны мөнгийг эргүүлж өгөөгүй байгаа юу?

-‘Terbum’ нэртэй хуудаснаас би 160 мянган төгрөгийн үнэтэй хослол нөхөртөө захиалаад мөнгийг нь бүгдийг нь шилжүүлсэн. Гэтэл бараагаа аваад шалгаад үзэхэд размер нь таарахгүй байсан. Тэгээд операторт нь учир явдлаа хэлээд буцаахаар болсон. Тухайн үед нэмэлт захиалгад хамруулж өгье гээд л тэрнээс хойш алга болчихсон. Би мөнгөө авмаар байна гэж удаа дараа 7702-той дугаар луу нь залгасан. Тэгтэл таны захиалгыг авсан оператор одоогоор алга байна. Та маргааш ярьчих, эсвэл та дансаа өгчих, маргааш шилжүүлье гэчхээд алга болчихдог. Утсаар ярих бүртээ танай хаяг хаана байдаг вэ гэхээр тодорхой хаягаа хэлж өгдөггүй. Би хоёр жоохон хүүхэдтэй, манай нөхөр орой ирдэг болохоор ардаас нь хөөцөлдөөд явах цаг гараагүй. Тэгээд л өнгөрсөн дөө.

-Цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Цагдаад өглөө гэж зөндөө л хэлсэн. Нэмэр болоогүй. Манай удирдлага өөрчлөгдсөн тул урьдын бүх үйл ажиллагаатай холбоотой асуудал манайд хамаагүй гэсэн. Тухайн үед нь хаана хандахаа мэдэхгүй тэгээд л орхичихсон.

-Онлайнаар яагаад бараа захиалах болсон бэ?

-Тэр үед би хөдөө дөнгөж төрчихсөн байсан болохоор дэлгүүр хэсээд байхгүйгээр амарчилъя гэж бодсон. Хөдөө орон нутагт унаанд хийж өгөөд явуулна гэхэд нь итгэсэн юм л даа. Одоо тэрнээс хойш онлайнаар юм захиалаагүй.


Цагдаад өргөдөл өгөхөд шалгана гэдэг хариултыг хэлсэн

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй ингэж хэлэв. Тэрбээр жилийн өмнө нэг гутал захиалсан. Гэхдээ зураг шигээ ирээгүй дуурайлгаад хийчихсэн байсан. Тэгээд захиалсан газартаа хэл ам хийгээд, коммент бичихээр намайг шууд л блоклочихсон. Өөр газраар яваад мөнгөө эргээд авъя  гэхээр тэрнээс илүү зардал гарах гээд байсан болохоор хаясан л даа. Ер нь бол зураг шигээ ирнэ гэж байдаггүй юм билээ. Бас болоогүй лимоны мод захиалсан чинь маргааш нь үхчихсэн. Одоо бол онлайнаас дахиж худалдан авалт хийхгүй. Өөрийн биеэр өмсөж үзэж сонголтоо хийхгүй бол үнэхээр асуудалтай. Хаан банкинд хүсэлт тавьсан боловч цагдаагийн бичиг нэхээд байна лээ.

Бас нэгэн эмэгтэй залилуулсан талаараа фэйсбүүк хуудастаа бичжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ‘сэрэмжлүүлэг энэ эмэгтэйг таньдаг хүн байна уу. Миний юмыг авчирч өгнө гэсээр байгаад өдийг хүртэл сураг чимээгүй алга болчихлоо’ гэж бичсэн байлаа. Үүний дагуу түүнтэй холбогдож юу болсон талаар сонслоо.

Одоо болтол мөнгөө ч олж аваагүй байгаа. Хаана хандахаа мэдэхгүй юм. ‘Micheal Cors’-ийн арьсан цүнх захиалж үнийн дүнгийнх нь 80 хувийг шилжүүлсэн. Магадгүй надаас гадна өөр олон хүнээс мөнгө авсан байх. Хэд ч залгасан утсаа аваагүй. Дараа нь дэлгүүрийнхээ цахим хуудсыг хаачихсан байсан. Цагдаад хэлээд, өргөдөл өгөхөд шалгана гэсэн хариу өгсөн ч одоогоор сураггүй байна’ гэжээ.

Интернетээр залилуулж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг

Өнгөрсөн онд залилан мэхлэх гэмт хэрэг улсын хэмжээнд 2996 бүртгэгджээ. Эдгээр бүртгэгдсэн хэргүүдэд онлайнаар хуурч мэхлэх гэмт хэрэг ч бас багтдаг аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд залилангийн хэрэг буурч байгаа. Гэхдээ цахим орчин илүү хөгжихийн хэрээр энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсдөг гэдгийг хэлж байлаа. Ингээд дээрх асуудлын учрыг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүртэй ярилцлаа.

-Өнгөрсөн онд онлайнаар залилуулсан нийт хэчнээн  тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Цахим орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг ихэвчлэн онлайн, бусдын итгэлийг олох зорилгоор хуурамч пэйж хуудас нээн иргэдийг залилан мэхэлж тодорхой хувийг юм уу, эсвэл зуун хувь төлбөр мөнгийг авдаг. Харьцуулаад хэлэх нарийн тоо байхгүй ч гэсэн залилан мэхлэх гэмт хэргийн арга нарийсч байна.

-Интернетээр худалдан авалт хийгээд хохирсон хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүд байна шүү дээ. Ер нь худалдан авалт хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Интернетээр залилуулж байгаа хүмүүсийг нас хүйсийн байдлыг харахад ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаа гэртээ хүүхдээ асраад сууж байдаг эмэгтэйчүүд байгаа юм. Яагаад гэхээр нялх хүүхэдтэй болохоор тэр болгон дэлгүүр хэсэх боломж байдаггүйгээс онлайнаар бараа захиалдаг. Энэ төрлийн гэмт хэргийг иргэдээс ирсэн өргөдлийн дагуу шалгадаг. Гэмт хэргийг илрүүлэхийн тулд Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид ажилладаг. Нийт энэ хуудсаар онлайн худалдан авалт хийгээд хэчнээн иргэд хохирсон байна, хэчнээн төгрөгийн хохирол байна гэдгийг шалгадаг.

-Хуурамч хуудсуудад цагдаагийн байгууллага анхаарал тавьдаг уу?

-Залилан мэхлэх гэмт хэрэг нь төрлөөсөө шалтгаалаад өөр байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар залилан мэхлэх гэмт хэргээр зүйлчлэн шалгана. Тухайн этгээдэд ямар хариуцлага оногдуулахыг шүүх шийднэ. Ер нь Фэйсбүүк, цахим хуудсууд хөгжихийн зэрэгцээ энэ гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Гэхдээ онлайнаар хохирсон иргэд цагдаагийн байгууллагад өргөдлөө тэр бүр өгдөггүй тал бас бий.

-Хэрвээ онлайнаар залилуулсан тохиолдолд иргэд хаана хандах вэ? Алдсан мөнгөө буцаан авах боломжтой юу?

-Хэрвээ та онлайнаар бараа захиалаад бараагаа авч чадахгүй хохирсон тохиолдолд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст өргөдөл өгнө. Эсвэл эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэргийн алба хаагчидтай уулзаж мэдээлэл өгч болно. Гэхдээ иргэд маань онлайнаар худалдан авалт хийхдээ юун түрүүнд тухайн газрынхаа мэдээллийг сайн нягталж шалгах ёстой. Тухайлбал, өмнө нь хүмүүс худалдан авалт хийж байсан эсэх, мөнгө шилжүүлж байгаа хүний данс нь өөрийн нэр дээр байх зэрэг мэдээллийг нь бүрэн гүйцэт шалгах хэрэгтэй.

Энэ мэтчилэн иргэд цахим орчинд гэмт хэргийн хохирогч болж, эд хөрөнгөөр хохирох тохиолдол олон гарч байгаа тул онлайнаар худалдан авалт хийхдээ найдвартай газар сонгож, мэдээллийг нь бүрэн нягтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж