Нөөцийн мах энэ сарын 10-аас худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах энэ сарын 10-аас худалдаанд гарна

Нөөцийн мах энэ сарын 10-аас худалдаанд гарна

Жил бүрийн хавар махны үнийг хөөрөгдөхгүй, иргэдэд хямд үнэтэй махаар хангах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд ч урьдын адил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр нөөцийн мах худалдаанд гаргахаар ХХААХҮЯ бэлтгэлээ базаажээ.

Мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталсан.Энэ хүрээнд мах үйлдвэрлэгч компаниуд арилжааны банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэсэн байдаг. Монгол улсын хэмжээнд нийт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 123 үйлдвэр, цех байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 нь үйл ажиллагаа явуулж байгаа.

Энэ жил 33 үйлдвэр мах нөөцлөх хүсэлтээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Үүнээс шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуйн нэгжийг сонгосон байна. Сонгогдсон 25 аж ахуй нэгжийн зээлийн мэдээллийг судлуулахаар арилжааны банкуудад хандсан бөгөөд арилжааны банкнаас 10 аж ахуй нэгжид 41,4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэрээ ХХААХҮЯ-нд ирүүлжээ. Үүний дотор ‘Мах маркет’, ‘Мах Импекс’, ‘Хөвсгөл мах маркет’, ‘Дархан мийт фүүдс’ зэрэг компани сонгогджээ. Аж ахуйн нэгжүүд одоогоор нийт 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлээд байгаа аж.

Нөөцийн мах бэлтгэх боловсруулах, үйлдвэрүүд:

  • “Баатарууд Тэнгэр” ХХК
  • “Дархан мийт фүүдс” ХХК
  • “Хөвсгөл мах маркет” ХХК
  • “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК
  • “ХКҮ” ХХК
  • “Эй Эн Ди Эм” ХХК
  • “Сүхбаатар мах маркет” ХХК
  • “Хүнс комплекс”  ХХК
  • “Сайнза интернэшнл” ХХК 

Нөөцийн махыг худалдаанд гаргахдаа зах зээлийн үнээс 10-30 хувь хямд худалдаална гэж тооцоолж буй. Хамгийн сүүлд гаргасан статистикаар  ‘Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7155 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8200 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр, хонины ястай махны  үнэ 35 төгрөгөөр, хонины цул махны үнэ 40 төгрөгөөр тус тус өссөн” гэж байв. Албаныхны хэлж буйгаар ‘Нөөцийн мах энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд хүрнэ. Худалдаалагдах үнийн тарифын мэдээллийг удахгүй мэдэгдэнэ” гэсан тайлбар өгсөн юм. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж