Пхеньянд дахин уулзацгаая

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Пхеньянд дахин уулзацгаая

Пхеньянд дахин уулзацгаая

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд хоёр солонгос нэг тугийн дор оролцож, Хойд Солонгосын олон төлөөлөгчид Өмнөдөд хүрэлцэн ирсэн. Тэдний дунд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон болон урлагийн баг гээд онцгой зочид олон байсан юм.

Олимпийн наадмын дараа хоёр орны Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр болохоор товлогдсон. Тэгвэл энэхүү уулзалтын өмнө Өмнөд Солонгосын урлаг соёлын оддын тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Пхеньянд болсон билээ. Хоёр цаг үргэлжилсэн ‘Хавар ирж байна’ тоглолтын бичлэгийг өчигдөр SBS телевиз болон мэдээллийн сайтууд олон нийтэд хүргэжээ. 

Өмнөдийн урлагийн багт дуучин, жүжигчин Со Хён, Жу Юн Пил нарын дуучдаас гадна К-поп охидын хамтлагууд багтсан юм. Тоглолтыг ч Ким Жон Ун өөрийн биеэр үзэж, урлагийн багийнханд тусгайлан баяр хүргэсэн агшин дэлхийн нийтэд түгсэн. 

Уран бүтээлчид талархлын үгээ хэлж байсан бөгөөд дуучин Жу Юн Пил 13 жилийн өмнө Пхеньянд ирж ая дуугаа өргөж байжээ. Тэрбээр энэ удаа дахин Умардын ард түмэнтэй ая дуугаараа уулзаж байгаадаа талархаж байгаагаа хэлсэн байна. Уран бүтээлчид тоглолтын төгсгөлд хамтдаа “Найз”, “Хавар ирнэ”, “Дахин уулзацгаая” зэрэг олон дууг алга ташилтанд дуулжээ. Тэд “Пхеньянд дахин уулзацгаая” хэмээн тоглолтоо өндөрлүүлжээ.

Өмнөдийн уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хойд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран ‘Бид нэг’ тоглолтод оролцож, маргааш нь нутагтаа иржээ.  

БИЧЛЭГ: (2018.04.01)

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж