Хэвлэлийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулав

Хэвлэлийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ажилтнуудад зориулан “Нээлттэй нийслэл-Нэг цогц мэдээлэл” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд оролцож үг хэлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Аливаа байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан гэдэг бол даргатайгаа хамгийн ойр буюу байгууллагынхаа хийж хэрэгжүүлж буй ажлыг бүгдийг нь мэддэг. Энэ ч утгаараа олны нүдэнд ил байдаг мэргэжил юм. Та бүхэн салбар бүрийн мэдээллийг тухайн салбарынх биш ч гэсэн мэргэжлийн хүн шиг ойлгож, мэдээллэж байх ёстой. Энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Зөвхөн сургалт зохион байгуулаад зогсохгүй байнгын хамтын ажиллагааг бий болгохоор ажиллана” хэмээн онцоллоо.

Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах “Хэвлэл мэдээллийн ажилтны үүрэг хариуцлага тодорхой хэмжээгээр сэтгүүлчдийн ажлын арга хэрэгслээр ажиллахыг шаарддаг. Ялангуяа төрийн байгууллагад ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнууд тухайн байгууллагын бодлого үйл ажиллагааг иргэдэд хүргэх, ойлгуулах, тодорхой хэмжээгээр иргэдийн оролцоо, дэмжлэгийг хүртэхэд хамгийн гол гүүр болох үүргийг гүйцэтгэдэг. Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт, чиг хандлага гарч байна вэ, ямар шинэ арга хэрэгсэл гарч байна вэ, олон нийттэй харилцах мэргэжилтэн юуг мэдэж авах шаардлагатай байна вэ гэх мэт шинэ мэдээллийг өгөх зорилготой сургалт болж байна. Үүнээс гадна нийгмийн мэдээллийн сүлжээнд хэвлэл мэдээллийн ажилтнууд хэрхэн үр дүнтэй ажиллах, хэрхэн оролцоог хангах, хэрхэн төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох вэ гэдэг арга барилыг эзэмших шаардлагатай байгаа юм. Ийм мэдээллийг нийслэлийн засаг захиргааны байгууллагуудын олон нийттэй харилцах ажилтнуудад зориулсан сургалтаар өгч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу төрөөс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв, бодитой хүргэх зорилгоор нийслэлийн харьяа агентлагууд болон нийслэлийн төрийн өмчит үйлдвэрийн газар, 9 дүүрэгт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж ийнхүү сургалт зохион байгуулж байгаа юм. Хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнийг улс төржүүлэх, өөр мэдээлэл, тоо баримт өгөх, иргэдийг төөрөгдөлд оруулах зэрэг ташаа мэдээллүүд их гарч байна. Тиймээс нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэдэд цогц болоод бодит мэдээллийг өгөх зарчмыг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл, www.ulaanbaatar.mn цахим хуудас нь нийслэлийн мэдээллийн бодит эх сурвалж, үүнээс гадна хаврын бүтээн байгуулалтад зориулж “www.open.ulaanbaatar.mn” цахим хуудсыг нээсэн. Энэ цахим хуудаснаас иргэд нийслэлийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай, хаана, юу хийгдэж байна гэдгийг мэдэж авах боломжтой”  хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж