Родриго Дутерте, Трамп нар сонгуульд хууль бусаар ялсан уу? | News.MN

Родриго Дутерте, Трамп нар сонгуульд хууль бусаар ялсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Родриго Дутерте, Трамп нар сонгуульд хууль бусаар ялсан уу?

Родриго Дутерте, Трамп нар сонгуульд хууль бусаар ялсан уу?

Цахим хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж авч, ашиглан улстөрч, бизнесменүүдэд олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөд нь тусалдаг Их Британид төвтэй “Кэмбриж Аналитик” компанийн толгой компани 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас зургаан сарын өмнө Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Родриго Дутертед “зөвлөсөн” ажээ.

 “Стратегийн харилцааны лаборатори” /SCL/ хэмээх тус групп Фэйсбүүк цахим сүлжээний олон сая хэрэглэгчийн мэдээллийг хууль бус замаар олж авч,  ашигласан дуулиан шуугианы эзэн  “Кэмбриж Аналитик” пүүсийг эзэмшдэг.  “Кэмбриж Аналитик” пүүс 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Дональд Трампын сонгуулийн багийнхантай хамтарч, зөвлөхөөр ажилласан нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Нийгмийн сүлжээний Фэйсбүүк компанийн мэдэгдсэнээр “Стратегийн харилцааны лаборатори” групп филиппин хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ч мөн 2016 оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд ашиглажээ. Фэйсбүүк компанийн технологи хариуцсан захирал Майк Шроефер энэ сарын 4-нд гаргасан мэдэгдэлдээ “Стратегийн харилцааны лаборатори” групп  Фэйсбүүкийн  1,175,870 филиппин хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашигласан байж болзошгүй” гэсэн юм.

“Кэмбриж Аналитик” пүүс хувийн  мэдээллийг нь ашигласан Фэйсбүүк цахим хэрэглэгчийн тоогоор АНУ-ын дараа орж байгаа юм. “Кэмбриж Аналитик” пүүс одоо Фэйсбүүкийн олон сая цахим хэрэглэгчийн мэдээллийг Дональд Трампыг сонгуульд ялуулахад ашигласан гэдэг дуулиан шуугианд холбогдоод байгаа билээ. “Кэмбриж Аналитик”-ийн зорилго бол сонгогчдын санаа бодлыг тандаж, тэднийг санал өгөхөд нь нөлөөлөх ёстой байв. 

“Кэмбриж Аналитик” цахим хэрэглэгчдийн зан араншинг тодорхойлох судалгааны апп-ны тусламжтайгаар олж авсан Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг үүндээ ашиглажээ. Тэд энэхүү мэдээллүүдийг сонгогчдод зориулан тусгайлан бэлтгэсэн контентыг тараахад ашигладаг байжээ. “Хэрэв та контент хүргэх гэж буй хүний зан араншингийн онцлогийг мэдэж чадвал мессежээ ямар өнгө аястай илгээвэл үр дүнтэй вэ гэдгийг мэднэ” хэмээн “Кэмбриж Аналитик”-ийн гүйцэтгэх захирал Александр Никс 2016 онд нэгэн илтгэлдээ дурдсан байдаг.

Тэд энэ техникээ 2016 оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд ч бас хэрэглэжээ. “Кэмбриж Аналитик” пүүсийн толгой групп “Стратегийн харилцааны лаборатори” олон улсад нийт 13 оффистой. Тэдгээрийн нэг нь Филиппинд байдаг ажээ.

Александр Никс Манилад хэрхэн ажилласан бэ?

Филиппиний ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос нэг жилийн өмнө “Кэмбриж Аналитик”-ийн гүйцэтгэх захирал, мөн “Стратегийн харилцааны лаборатори”-ийн захирал Александр Никс Манилад очсон байна. Никсийн зорилго бол тандалт, судалгаа явуулах байв. Никс тухайн үед “Сонгуулийн кампанит ажлын сурталчилгаанд телевизүүд давамгайлж байгаа хэдий ч сонгуульд ялах хамгийн найдвартай арга бол өөрийн талд ажиллах хүмүүсийг олох юм. Кампанит ажлын стратегичид улс төрийн том том судалгаанд найдахын оронд сонгогчдын санаа бодолд нөлөөлөхийн тулд тэдний мэдээллийг тэдний эсрэг ашигладаг” хэмээн сонгогчдын санаа бодолд нөлөөлөх, сонголтыг нь эргүүлэх орчин үеийн сэтгэл судлалын шинэ арга стратегийг танилцуулжээ. Зан араншин, сэтгэлзүйн онцлогийг тандах энэ аргаа “Кэмбриж Аналитик” АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампыг ялуулахад ашигласан. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг ялахад түүний пүүс маш том үүрэг гүйцэтгэсэн нь олон нийтэд ил болсны дараа Александр Никс “Кэмбриж Аналитик”-ийн гүйцэтгэх захирлын үүргээс чөлөөлөгдөөд байгаа билээ.

Хэн хожсон бэ?

Хэрэв “Кэмбриж Аналитик” Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон  нь үнэн бол энэ нь хэнд хамгийн ашигтай байсан бэ?. Харин “Стратегийн харилцааны лаборатори” групп Родриго Дутертег гэмт хэрэгтнүүдтэй чанга гараар тэмцэгч хэмээн цоллож, сонгуульд ялахад нь тусалснаа компанийн вэб сайтдаа бахархалтайгаар бичсэн байдаг аж. Хэдийгээр тус компани өөрийн вэб сайт дээрх 2016 оны Филиппиний ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой контентыг устгасан боловч интернетэд архивлагдаж үлдсэн юм. SCL групп хэдийгээр вэб сайтдаа филиппин үйлчлүүлэгчээ нэрээр нь дурдаагүй боловч 2016 оны сонгуульд өрсөлдсөн зургаан нэр дэвшигчийн нэг Давао хотын дарга асан гэдэг  товч намтар нь түүнийг Дутерте гэдгийг хэлж өгдөг.

Фэйсбүүк компани 2014 онд аппликэйшн хөгжүүлэгчдийн хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандах эрхийг  хязгаарлах шинэчлэлт явуулсан  юм.  Харин Кристофер Вайли гэгч “шүгэл үлээгч”-ийн мэдээлснээр Фэйсбүүк дээрх шинэчлэлийг явуулахаас өмнө “Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүк сүлжээний 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан байсан хэмээн мэдээлсэн юм. Фэйсбүүк компаниас сүүлд хувийн мэдээлэл нь алдагдсан хэрэглэгчийн тоо 50 сая биш, 87 сая хэмээн мэдэгдсэн билээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-05 202.179.26.204

Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд бас нөлөөлсөн биш биз дээ. Шалгая ха ха, бид хоцрох нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж