Өмнөд Солонгосын домог

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын домог

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг ирэх долоо хоногт манай улсад айлчилна. Тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Илийн хэлсэнчлэн “Тавантолгой бол Монгол Улс биднийг хамтрагчаа гэж үзэж байна уу, үгүй юү гэдэг сорил” гэх үгэнд тодорхой хариулт авах нь Ерөнхийлөгч Ли Мен Багийн гол зорилго байх нь ойлгомжтой. Учир нь түүний хувьд бизнес хийгээд бүтээн байгуулалт гэдэг бүхий л амьдралынхаа турш гарамгай эзэмшсэн мэргэшил нь. Ли Мен Багийн намтар бол хөгжлийн замд эцэс цуцалтгүй хурдаа аван давхиж буй Өмнөд Солонгос улсын намтар юм. Түүний бага нас Японд гадуурхал, дарангуйлал дунд өнгөрч, тэр бүхнээс зугатаж эх орноо зорьсон И Чүнүгийн гэр бүлийн ядуу амьдрал дунд өнгөрсөн байдаг.

Бага сургуулийн сурагч ахуй насных нь өдрийн хоол нь архины шаар. Архины шаарандаа хөлчүүрэхсэн жаал хүүгийн хацар нь үргэлж улаа бутрах ч бусад хүүхдийн аяганы хийцийг харахын төдийгөөр өнгөрөхдөө гоожуурын усаар гэдсээ дүүргэдэг байсан гэдэг. Ахлах сургуульд ч түүний өлсгөлөн үл зогсч, сурсан зангаараа төрөл бүрийн ажил хийж сульдаа биетэй хэвээр байлаа. Ямар ч тэнхэлгүй, сульдаанд “дарлуулсан” тэрбээр энэ үедээ “Дээд сургуулийн шалгалтад л тэнцсэн гэдэг тодорхойлолт авчихвал болоод л явчихна” гэх итгэл үнэмшлээр шалгалт өгч байснаа хомиж дурссан байдаг. Харин тэрхүү 1960 оны хавар элсэлтийн шалгалтын хариу нь “Ли Мен Баг та Худалдааны дээдийн менежментийн салбар сургуульд суралцах эрхтэй боллоо” гэж гарснаар түүний оюутны амьдрал эхэлжээ. Тэр үед Ли Мен Багд “Сургуульд тэнцсэн нь гол бус. Харин сурч байгаад дундаас нь орхисон гэвэл энэ нь илүү нэр хүндтэй” гэж нэгэн эрхэм зөвлөснөөр Өмнөд Солонгосын одоогийн Ерөнхийлөгчийн ирээдүйн их боломжийн үүд хаалгыг нээж. Гэсэн ч тэрбээр үүр цүүрээр захын хог цэвэрлэж, өдөр нь сургуулийнхаа шилдэг оюутны карьерийг эхлүүлж улмаар гуравдугаар дамжаандаа Оюутны зөвлөлийн тэргүүн хэмээх нэр хүндтэй сонгуульд ялалт байгуулсан байдаг.

Гэхдээ Оюутны зөвлөлийн тэргүүн Ли Мен Багийн оюутны ядуу амьдрал зөвхөн өлсгөлөн, зогсолтгүй үргэлжлэх хүнд ажил, хичээл номоор хязгаарлагдаагүй гэхэд болно. Учир нь тэрбээр 1964 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Сөүл хотноо болсон 12 мянга гаруй оюутны эсэргүүцлийн жагсаалд сургуулийнхаа оюутнуудыг удирдан оролцсон хэргээр шоронд ял эдлээд амжсан байдаг. Энэ үеэ тэрбээр “Намайг дахин төрүүлсэн Содэмүнь шорон” хэмээн дүгнэсэн нь бий. Тэр үед хамтдаа тэмцэж явсан оюутан нөхөд нь бүгд улс төрийн идэвхитэй амьдралыг сонгосон бол Ли Мен Багийн хувьд “Хьюндай” барилгын компанид 1965 оны долоодугаар сарын 1-нд ажилд оржээ. Энэ өдрөөс эхлэн бүтэл бүтэн 27 жилийн турш тэрбээр “Хьюндай” группыг дэлхийд тэргүүлэгч, Өмнөд Солонгосын эдийн засгийн түшиц багана болтол нь өөрийнхөө амьдралыг зориулсан түүх нь өдгөө солонгосчуудын хувьд домог мэт үнэлэгдэх нь бий.

Хэдийгээр Ли Мен Баг тус группын эзэн, хувь эзэмшигч бус ч гэлээ эзний дайтай эрх мэдлийг гартаа авч, сэтгэл зүрх бүхнээ энэ л группын төлөө зориулж ирэхдээ гэр бүлийнхэнтэйгээ хамт нэг ч удаа салхинд гарч үзээгүй гэдэг. Харин “Хьюндай” группын ерөнхийлөгчийн албанаас татгалзах шийдвэр гаргасан 1991 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр л тэрбээр гэр бүлийнхээ түүхэнд анх удаа хамтдаа салхинд гарснаа дурсах нь бий. Мөн “Хьюндай”-д яагаад жирийн ажилтнаас нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч болтлоо дэвшсэн шалтгаанаа “Бусдын хийж чадахгүй үйлсийг бүтээсэн учраас” хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл тэрбээр энэ 27 жилийн хугацаанд юу хийж бүтээсэн бэ. Анхны том ажил нь Тайландын Засгийн газраас бариулах 98 км урттай, хоёр шугамтай замыг барууны орнуудтай өрсөлдөж барих эрх авсан “Хьюндай” компанийн хамгийн доод тушаалын нябогоор ажиллах томилолт байлаа. Энэ томилолтынхоо үеэр тэрбээр бослого гаргаж, компанийн сейфийг дээрэмдэхийг санаарахсан ажилчдаасаа сейфийг хамгаалж, өөрөө шархадсан нь Ли Мен Багийн тухай домгийн эхлэл болсон гэдэг. Тэр л үеэс компанийн удирдлагууд түүнийг онцгойлон анхаарч, итгэл хүлээлгэх талаар судалж их удалгүй “Хьюндай” группыг үүсгэн байгуулагч Чанг Жу Юунг “Чи эндэх ажлыг бүхэлд нь хариуц” хэмээснээр тэрбээр ирээдүйн удирдагч болох замаа нээжээ.

Үүнээс хойш Вьетнамд барилга барьж, нутагтаа хурдны зам эхлүүлж, Өмнөд Солонгосыг оронсууцжуулах шинэ бизнесийн “өрх”-ийг татаж явсаар тэрбээр 35 насандаа “Хьюндай” группын дэд захирал болсон юм. Түүний ирээдүй өөрийг нь өдрөөс өдөрт шинэ бүтээн байгуулалт руу хөтөлж, дэд захирлын алба авсан цагаасаа эхлэн Ойрхи Дорнод руу компанийнхаа үйл ажиллагааг тэлэх зорилгыг мөрөөдөл бус бодит байдал болгон тавьж эхэлсэн нь бий. Ингэхдээ Иранд усан онгоцны үйлдвэрийн сургалтын төвөөс ажлаа эхлүүлж, Ирак, Саудын Араб руу ч орж. Дотооддоо гэхэд автомашин, хийн түлш, атомын цахилгаан станц гээд нээгээгүй зах зээл түүнд байхгүй. Гэсэн ч тэрбээр 1992 оны нэгдүгээр сард “Хьюндай” группын ерөнхийлөгчийн намтраа дуусгаж, Ардчилсан либераль намын гишүүний улс төрийн карьераа эхлүүлсэн юм.

Үүнийг нь улс төр судлаачид “Хьюндай” группыг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнгийн Өмнөд Солонгост эхлүүлсэн шинэ улс төртэй санал нэгдээгүй гэдгээр тайлбарлах нь бий. Ерөнхийлөгч Ли Мен Багийн хувьд ч Чанг эзэндээ “Улс төрд бүх эрсдлийг группынхээ нуруунд үүрч, эрсдэл гаргах хэрэггүй” хэмээн зөвлөж байснаа нуугаагүй байдаг. Түүнчлэн тэрбээр энэ зөвлөлгөөнөөсөө үүдэн сэтгэлдээ хэзээ ч авч байгаагүй тэр эмзэглэлийг буюу “Компанийн эзэн болоод мэргэжлийн менежерийн хоорондох давахын аргагүй хана хэрэм бий” гэдгийг мэдэрсэн хэмээдэг. Ямартай ч түүний 1992 онд эхлүүлсэн улс төрийн карьер нь Үндэсний Ассемблейн гишүүн, Сөүл хотын дарга, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болгож өгсөн нь энэ. Бизнест ч, улс төрд ч онцгой байсан түүний амжилт өмнөд солонгосчуудын хувьд домог болон үргэлжилсээр байх нь тодорхой. Харин манай улсад хийх түүний албан ёсны айлчлал ямар үр дүн дагуулахыг цаг хугацааны дарааллаар олж мэдэх тэр өдөр ойрхон ирчихээд байгаа нь энэ.  Учир нь Ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлал энэ сарын 21-23-ны хооронд үргэлжлэх юм.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж