Монголын 50 гаруй музейн нэг нь л зориулалтын байртай

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Монголын 50 гаруй музейн нэг нь л зориулалтын байртай

Монголын 50 гаруй музейн нэг нь л зориулалтын байртай

Монголд төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй музей байдаг. Гэвч үүнийг нэг нь л зориулалтын байртай. Хархоринд байрлах уг музейг найман жилийн өмнө Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан юм. Харин дэлхийд 55 мянга гаруй музей бий.  Олон улсад музейг зөвхөн соёлын байгууллага төдийгүй боловсролын олон талт сургалтын бааз болгон ашигладаг. Энэ жишгийг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр /2018.4.5/ “Музейд суралцахуй” сургалт, семинар зохион байгууллаа.

Олон улсад музейн сургалт нь албан бус сургалтын нэг хэлбэр гэж явдаг бөгөөд боловсролын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажилладаг. Энэ хүрээнд улс, орон нутгийн музейн захирал, боловсролын ажилтан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар цуглан музейг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдуулах, энэ ажлаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцав.

Энэ үеэр орон нутаг болон Улаанбаатарын музейн захирлуудаас музейн хөгжилд тулгамдаж буй асуудлыг сонирхов. Тэд бүгд музей нь зориулалтын байргүй, харуул хамгаалалт сул, орон тоо хүрэлцээгүй байдаг гэв. Мөн музейг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд санхүүжилт дутагддаг гэж байлаа. “Гаднын хөрөнгө оруулалтаар Хархорины музей зориулалтын байртай болсон. Өөр зориулалтын байртай музей байхгүй. Байгалийн түүхийн музей гэхэд өөрийн байргүй болоод дөрвөн жил боллоо. Засгийн газар улсын түүх соёлын өвийг хамгаалах үүднээс музейг байртай болгож, санхүүжилтийг зохицуулах хэрэгтэй” гэж байлаа.

Сургалтын зорилго нь музейн боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн хичээл, болон хичээлээс гадуурх үйл ажиллагаа, амьдрах чадварт суралцах үйл зэрэгтэй уялдуулан орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн хөтөлбөр боловсруулахад оршиж байгаа юм.

Цаашлаад багш нарт зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж, “Музейн багш” бэлтгэх шаардлагатай байгаа аж. Ингэснээр багш нар хичээлийн бус цагаар музейд сайн дураар ажиллах боломжтой болох гэнэ.

Р.Ренчиндулам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж