“Жаст групп’-ийн захирал шоронгоос захидал бичжээ. Мэдээж сонирхол татна. Гэхдээ яаж бичив. Түүнд ямар нөхцөл боломж байгаа билээ гэдэг бүр ч сонин. Захидлаа компьютер дээр бичсэн бололтой юм. Ийм боломж бусад хоригдолд бий гэж үү. Хэдийгээр хорих газарт сонин очдог ч интернет орчноос хором мөч бүрт мэдээлэл авах боломжтой байгаа нь мэдрэгдэж байна. Тэгэхээр түүний хоригдож буй нөхцөл “арай өөр” байгаа мэт санагдав. Тэр яах гэж захиа бичив. Тэр тусмаа “хам хэрэгтнүүд” буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат нар баривчлагдсан, тус үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг яллагдагчаар татсан энэ цаг үед ‘Жаст групп’-ийн захирал Ш.Батхүү захидал бичжээ. Хэдийгээр зэрэг шахам хоригдсон “Эрдэнэт-Стандарт” хэргийн холбоотнууд хоорондоо холбоо барьж чадахгүй байгаа ч интернет, нөүтбүүкээ байг гэхэд гар утастай л байгаа бололтой. Тиймээс ч өөр хоорондоо дамжуулах үгээ “Ил захидал” хэлбэрээр шидэлцээд байгаа юм биш үү гэсэн хардлага ч төрүүлж амжив.
Ч.Ганзоригийн хувьд АТГ-т яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 12-нд өдөр тутмын сонин болон цахим сайтуудад “Миний гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон” гэсэн мэдэгдэл нийтлүүлсэн. Тэрбээр мэдэгдэлдээ, “Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ түвэгтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна” гэсэн байв.
Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын мэдэгдэл, ил захидлаас л тэд хэрхэн өчгөө өгсөн, аливаад ямар хариулт өгч байгаа тухай “сигнал”-ыг ямар ч тэнэг хүн мэдрэхээр байгаа биз. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас зээл авсан үйл явцын талаар болоод хууль хяналтын байгууллагад хэрхэн шалгагдаж буй тухайгаа захидалдаа бичжээ.
Тухайлбал, Ш.Батхүүгийн захианд л гэхэд “Миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дуураймал тамгыг дарсан. Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банканд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэртэй дахин ярьж байгаагүй” гэдгээс “Би өчгөө ингэж өгсөн шүү” гэх зорилго л нийгмийн өмнө хариуцлага хүлээж хүлцэл өчих гэдгээс илүү тод харагдаад байна л даа. Цаашилбал “Хоёр жилийн хугацаанд үл ойлгогдох байдлаар олдохгүй байсан гэрээнүүд ‘азаар" олдоод гараад ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийнхан давж заалдах хугацаа дуусаагүй байсан учир шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн уг гэрээгээ үзүүлээд шинжилгээнд оруулж дүгнэлт гаргуулсан бол ялах магадлал асар өндөр байлаа. Харамсалтай нь, Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудлыг хариуцсан хуулийн мэргэжилтнүүд энэ талаар бодит зүйл хийхгүй байсаар давж заалдах хугацааг алдсан байна” гэснийг хараад одоогийн хуулийн мэргэжилтнүүдийн буруу, бид ажлаа хангалттай хийсэн гээд хэлчих ухаан Б.Мөнхжаргал, Г.Амархүү нарт хангалттай бий байх. Улмаар “энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна” гэдгээс “бид хоёрыг ах өмөөрч байна” гэж бодвол өчиг нь өөрчлөгдөхийг ч үгүйсгэх аргагүй.
Мөн түүний захианд “хэргээ улайсан өчиг”-өөс нь Ч.Ганзориг тэнэг биш бол ямар тоо хэлэхээ хараад авна. Энэ мэтчилэн хоригдож, шалгагдаж байгаа хүмүүс хэт их мэдээлэлтэй байна. Хорихоос гадагшаа нэвтрэх боломж нь нээлттэй, ёстой л “бие нь хориход боловч сэтгэл, сэтгэхүй нь хаа явааг таашгүй” хязгааргүй эрх чөлөөтэй яваа юм биш үү.
Товчхондоо түүний захианаас би 51 сая ам.долларын өрөө барагдуулчихлаа, бусдыг нь Эрдэнэт үйлдвэрийн одоогийн удирдлага, холбогдох албаныхан хариуцна гэж мэдүүлэг өгч байгаа юм байна гэж ойлгогдов. Жишээ нь “Улмаар бүрэн ялах боломжтой шүүх хуралд ялагдаж, улсыг асар их хэмжээний өөрт хамаагүй төлбөрийн дарамтад оруулах нь хэнд ашигтай байсан, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, энэ ажлыг хариуцаж байсан эрх мэдэлтнүүд, тэдний хөлслөн авсан хуулийн компанийн үйл ажиллагааг шалгах, Тэдний ярьж байгаагаар УМБГ хэргийн материалд авагдсан эх баримтуудыг хуулийн хүрээнд гаргаж өгөөгүй, ядахдаа хавтаст хэрэгт эх хувь байгаа гэдгийг нүдээр үзэж, баталгаажуулах боломжийг хоёр жилийн хугацаанд олгоогүй, ийм гэрээнүүд байхгүй гэж Эрдэнэт үйлдвэрийнхнийг төөрөгдүүлж байсан бол энэхүү санаатай үйлдлийг шалгах гэхчлэн гурван зүйлт “шпиргалка” өгсний цаана эрүүл мэндийн байдлаа тоочин “Миний зүгээс гэмт хэрэг хийх ямар ч бодол, сэдэлгүй байхад дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэсэн огт үндэслэлгүй зүйлээр эмнэлэгт эмчлүүлж байхад хорьж саатуулсныг дараах агуулгатай гэж үзэж байна гээд гурван зүйлийг мөн дурджээ. Хэрэв түүний эрүүл мэнд тааруу, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол захидлынхаа төгсгөлд дурдсанчлан Баянгол зочид буудал руу гүйж очиж ярилцлага өгдөг нь ямар учиртай юм бэ. Мэдээж юуны өмнө олон хүн түүний ярилцлагыг тэсэн ядан хүлээж байгаа гэсэндээ, зарим хүнд өөрийн биеэр үгээ хэлэх зорилготой байсандаа тэгж ярьсан биш гэж үү.
Хорих ангиуд телевизтэй байх аа. Ер нь Ц.Нямдорж сайдынхаас бусад бүх өрх, албан байгууллага телевизтэй байдаг шиг санаж байна. Ц.Нямдорж гэснээс Ш.Батхүү ч түүний буянаар арай өөр нөхцөлд хоригдож байгаа нь энэ захидлаар батлагдах шив. С.Баяр, Г.Алтан, Ч.Ганзориг нар гадуур шалгагдаж байгаа нь ч мөн “сайдын буян”, тийм үү. Харин одоо “акулууд”-аа тоолж, цуглуулаад Ч.Ганзориг захирлын удирдлага дор хууль, зарчим яриад дийлээгүй хүчинд автаж гэрээ баталгаажуулсан гэх хоёр залууг тавиад явуулчихаж болдоггүй юм уу. Хаашдаа ямар өчиг өгөхөө хоёр том даргынхаа захидал, мэдэгдлүүдээс ойлгочихлоо шүү дээ. Өчиг, өчил нийлэх цаг одоо ойрхон ирсэн байх аа. Саяхан С.Баяр, Г.Алтан нар зэрэг өчил ярилцлага өгөөд таг болсон бил үү.