Монгол орны генетик нөөцийн сан бий болно

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Монгол орны генетик нөөцийн сан бий болно

Монгол орны генетик нөөцийн сан бий болно

БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Монголын генетик нөөцийн мэдээллийн нэгдсэн сан болон мэдээлэл солилцох нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлсэн. 

Генетикийн нөөц гэдэг нь бодит эсхүл боломжийн үнэ цэнэ бүхий генетикийн материал гэлээ.

БОАЖЯ-ны газрын дарга Т.Булган

Манай улс асар их генетик нөөцтэй, түүнийг ашиглаж ирсэн арвин баялаг уламжлалт мэдлэгтэй ч судлаач эрдэмтдийн хэвлүүлсэн бүтээл, судар шастирт бичигдэн үлдсэн цөөн мэдээллийг эс тооцвол өнөөдрийг хүртэл генетик нөөцийн мэдээллийн нэгдсэн сан байхгүй, үүний улмаас генетик нөөцөөс олох асар их үр шимийг гадаад улс орон руу алдаж байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай үнэ цэнэ бүхий генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлсэн юм.

Уулзалтыг нээж БОАЖЯ-ны газрын дарга Т.Булган хэлсэн үгэндээ “Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын яам хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлоод хуулийг хэрэгжүүлэх үндэс суурь болох генетик нөөц, уламжлалт мэдлэгийн мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлэн ажиллаж байна” гээд мэдээллийн сан нь Монгол орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэллээ.

Мэдээлийн сангийн хэрэглэгчид нь жирийн иргэд, эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчид байх бөгөөд хандаж мэдээлэл олж авах эрх нь өөр хоорондоо ялгаатай байх юм. Тухайлбал энэ мэдээллийн сангаас иргэд манай орны нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн суурь мэдээлэл,түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгүүд, энэ мэдлэгт суурилж гаргаж авсан бүтээгдэхүүний жагсаалтыг харах боломжтой болох юм. Мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажлын зэрэгцээ НҮБХХ-ийн төслийн санхүүжилтийн дэмжлэгээр тус сангийн агуулгыг буюу Монгол оронд байгаа амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн мэдээллийг нэгтгэж бэлэн болгох мэргэжлийн баг ажиллаж эхэллээ.

Төслийн ахлах зөвлөх Ж.Жаргал

Төслийн ахлах зөвлөх Ж.Жаргал “Дэлхий нийтэд эм үйлдвэрлэдэг компаниуд асар их хөрөнгө оруулалт хийж байна. Тэдэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр Монгол орны уур амьсгалд дасан зохицсон ургамлууд, эдгээрийн нөөц чухал үүрэгтэй байна. Яагаад гэхээр эрс тэс уур амьсгалтай манай орны нутаг дэвсгэрт ургамал ургахын тулд бүтцэдээ асар их биологийн эрдэс бодис агуулсан. Тэдгээр ургамлуудад янз бүрийн өвчнүүдийг эдгээх, эрүүл хүнсийг бий болгох боломжит нөөц манай оронд байна. Дэлхийн хэмжээнд генетик нөөцийг ашиглаад патент авчихсан улс орнууд олон байгаа. Манай улсад биотехнологи харьцангуй хөгжиж байгаа ч гэсэн бидэнд судалгаа маш их шаардлагатай байна. Энэ бүгдийг Генетик нөөцийн тухай хууль гарснаар мэдээллийн санг бүрдүүлж ажиллана. Технологи сайн хөгжсөн улс орнууд манай улсын генетик нөөцийг ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход бид нарт тэрнээс олох үр ашгийг бид нартай хуваалцах ёстой болж байгаа юм” гэж мэдээллээ.

Ийнхүү Монгол Улс анх удаагаа генетик нөөцийн нэгдсэн мэдээллийн сантай болох гэж байна. Генетик нөөцийн эдийн засгийн ач холбогдлыг тогтоож, түүнийг хамгаалах, ашиглалтаас бий болгох үр ашгийг шударга, эрх тэгш хүртээх, уламжлалт мэдлэгийн талаарх харилцааг зохицуулсан зохицуулалтыг бий болгох, үр ашгийг шударга тэгш хүртээх генетик нөөцөд суурилсан биотехнологийг эрчимтэй хөгжүүлэх асуудлууд тулгамдсан хэвээр байна. Тиймээс генетик нөөцийн талаарх хууль эрх зүйн орчинг сайжруулах мөн амьтан ургамал түүний амьдрах уламжлалт мэдлэгийг бүртгэх, хамгаалах уламжлалт анагаах ухааныг устаж мартагдахаас өмнө нь эрх зүйн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгаа аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж