Дуулалт жүжигт мөнхөрсөн Өндөр гэгээн

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Дуулалт жүжигт мөнхөрсөн Өндөр гэгээн

Дуулалт жүжигт мөнхөрсөн Өндөр гэгээн

Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан Өндөр гэгээн Занабазарын түүх Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа мөнхөрлөө. Өндөр гэгээн нь 1640 онд таван  настайдаа анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд заларч, бурхны шашны таван их ухаанд нэвтэрчээ.

Тэрээр 1686 онд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Соёмбо үсгийг зохиож, 1696 онд монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалиа айлдаж, 17 насандаа Төвхөний хийд, 19 настайдаа Хэнтийн нуруунд Их хүрээг, 67 настайдаа Зүүн хүрээг тус тус байгуулж, Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн ажээ.

Өндөр гэгээн нь шашны тэргүүн төдийгүй, зураач, уран барималч, хэл шинжлэлч гээд олон талын авьяастай соён гэгээрүүлэгч юм. Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгж­мийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажилласан бол төслийн ерөнхий удирдагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажилласан байна. Жүжигт өндөр гэгээний билэг оюун, их бүтээн байгуулалтаас гадна хувь хүн, эгэл жирийн амьдралынх нь тухай өгүүлснээрээ онцлог байв.

Өндөр гэгээний дүрийг Б.Лхагважав бүтээсэн юм. Бусад түүхэн дүрүүдийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын залуу уран бүтээлчид амьдруулжээ. Жүжгийн нээлтийн үеэр Завхан аймгийн засаг дарга, ерөнхий продюссер Д.Батсайхан “Сайхан жүжиг болж байгаа. Төрийн соёрхолт уран бүтээлчдийн хамтын бүтээл энэ цагаан уулын өвөрт бүтэж байгаа нь сайхан үйл юм. Зан үйл талаасаа ч бид бэлгэшээж байна.

Мэдээж жүжгийн агуулга, зохиомж, илэрхийлэл нь Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болохуйц бүтээл болсон гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, түүхээ бид хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Ингэж өвлүүлэн үлдээх том үүрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Жүжиг 14 дэх удаагийн “Гэгээн Муза” наадамд зургаан төрөлд өрсөлдөх юм байна.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: Зууны мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж