ХӨСҮТ–ийн Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд дасалттай сүрьеэгийн II тасгийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Должинсүрэнтэй ярилцлаа.
–Монголд жилд хэдэн хүн сүрьеэгээр өвчилж байна вэ. Насны хувьд ямар байна. Халдвар тархахад нөлөөлж байгаа гол шалтгаан юу байна вэ?
–Манай улсад жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байна. Өөрөөр хэлбэл, дээрх насныхан ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл болох зэрэг нийгмийн харилцаанд оролцох үедээ сүрьеэгээр өвдөж байна. Халдварын эх уурхай нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн, оношлогдсон боловч эмчилгээ хийлгэхгүй татгалзах, эмчилгээгээ таслах зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байна. Өвчлөл нэг талаас ихэсч байгаа боловч нөгөө талаас оношлогоо сайжирч байна. Сүрьеэг илрүүлэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг молекул биологийн аргаар хоёр цагийн дотор оношилдог болсон.
– Одоо танай эмнэлэгт, танай тасагт ачаалал хэр байна. Өвчлөгсдийн дунд жилийн дараа гэр бүлээрээ орж ирдэг хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Энэ тухай мэдээлэл дуулгаач?
–ХӨСҮТ–ийн Сүрьеэгийн клиникт сүрьеэгийн хүнд хэлбэрүүд,уушигны бус сүрьеэгийн хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтнүүд, нийслэлийн халдвартай хэлбэрийн сүрьеэ ба хүүхдийн сүрьеэг эмчилж байна. Ачаалал ихтэй ажилладаг. Тулгамдаж буй асуудал нь эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнг эмчлэх асуудал байдаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн үндсэн эмчилдэг хоёр эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн сүрьеэг хэлдэг юм. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр анх удаа манай улс 2006 оноос эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлсэн. Энэ эмчилгээ нь нэлээд төвөгтэй, эмчилгээний хугацаа урт хоёр жил, эмчилгээний үед гаж нөлөө их илэрдэг, өвчтнөөс нэлээдгүй тэвчээр шаарддаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэ нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй мөн адил өвчтөн ханиалгаснаар амьсгалын замаар халдвар тархаж, эрүүл хүн амьсгалснаар халдвар авна.
Мэдээж нэг гэрт, нэг агаараар амьдарч байгаа хүмүүс өвдөх эрсдэл өндөр шүү дээ.Тэр утгаараа гэр бүлийнхэн өвдөхөөс гадна тэнд байгаа хүүхдүүд халдвар авч байгаа нь хамгийн аюултай байна. Бага насны хүүхдүүд, биеийн дархлаа сул хүмүүс сүрьеэгийн халдвар авсан тохиолдолд өвчлөх эрсдэл хамгийн өндөр байдаг.
–Одоо манайд маш олон эмэнд дасалтай сүрьеэ гэсэн ангилал руу шилжсэн хэдэн хүн байна. Эм болон эмчилгээний асуудлыг нь яаж шийдэж байна вэ. Мөн эдгээр хүмүүсийг 100 хувь эмнэлгийн хяналтад байлгаж чадаж байна уу?
–Энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрүүд болох эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тухай ярих болж байна. Сүрьеэгийн үндсэн эмнүүд, сүрьеэгийн хоёр эгнээний тарилгын бэлдмэлд тэсвэртэй болж, эдгээр эмүүд үйлчлэхгүй болно гэж хамгийн энгийнээр тайлбарлаж болно. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэх энэ хэлбэр нь сүрьеэгийн хамгийн хүнд хэлбэр юм.Эмчилгээний өртөг өндөр, эмчлэх хугацаа урт 24-36 сар шаардагддаг, эмийн гаж нөлөө ихтэй, эмчилгээний үр дүн багатай учир эмчлэхэд маш төвөгтэй. Халдвар хяналтын өвөрмөц нөхцөлд эмчлэх шаардлагатай байдаг. 2015 оноос манай улс “Глобал” сангийн санхүүжилтээр маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлж байна. Ер нь сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмчилгээгээ таслах, татгалзах зэргээр нийгэмд сүрьеэгийн халдварыг тарааж,эрүүл мэндийн байгуулагын үйл ажиллагаанд саад учруулж буй эдгээр өвчтнийг албадан эмчлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэдэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.Жишээ нь ОХУ–д гэхэд л сүрьеэг эмчлэх албадан эмчилгээний хуультай учир манай улс шиг эмчлүүлэхгүй гэсэн асуудал байдаггүй. Албадан эмчилгээний асуудлыг бид нар өмнө нь тавьж үзсэн. Хууль дүрэм, хүний эрх гэж яригдаад дэмжигдээгүй. Ер нь бол энэ цаашид шийдэх естой асуудлуудын нэг бодож байна.
–Энэ салбарт ажиллах эмчийн асуудал, хүний нөөц ямар байна вэ?
–Маш чухал сэдэв байна. Ажлын нөхцөл нь хэвийн бус, халдварын зэрэглэл өндөр, сүрьеэгээр өвчлөх эрсдэл ихтэй энэ салбарт ажиллах эмнэлгийн ажилтан байнга дутагддаг, сүрьеэгийн эмч болох сонирхолтой хүмүүс тун цөөн байдаг. Сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 50 хувь нь 45-аас дээш насныхан эзэлж байна гэсэн бидний судалгаа байдаг юм. Эндээс үзэхэд сүрьеэгийн салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг харуулж байна. 2012 онд эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нарын дундах сүрьеэгийн халдвар, өвчлөл, эрсдлийг судалсан томоохон судалгаа хийгдсэн байдаг. Судалгааны үр дүнг харахад судалгаанд оролцогчдын дундах сүрьеэгийн тархалт 52.1 хувь, эмч нарын дунд 53.1 хувь, сувилагч нарын дунд 51.4 хувь байна.
–Хүүхдүүдийн дунд олон эмэнд дасалтай сүрьеэ хэр байна вэ?
–Түрүүнд яриандаа дурьдсан, эцэг, эх нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдварыг тарааж, хүүхдүүд нь тийм сүрьеэгээр өвдөх эрсдэл өндөр гэсэн үг юм. Ер нь эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн гэр бүлийн гишүүд сүрьеэ илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь маш чухал. Гэр бүлийн хүмүүс, хүүхдүүд эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол аль болох эрт эмчилгээнд хамрагдаж эмчлүүлэх нь чухал бөгөөд эмчилгээгээ таслахгүй тууштай дуусгах нь халдварыг зогсоох гол арга хэмжээ юм.
–Иргэдэд анхааруулах, сэрэмжлүүлэх зөвлөгөө мэдээлэл өөр юу байна вэ?
-Сүрьеэгийн эмчилгээнд орсон л бол та эмчилгээгээ бүрэн дуусгаж байж эдгэрнэ. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнийг халдварлуулдаг. Ийм хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн өвчтөнтэй хамт амьдарч буй хүмүүс 100 хувь, хамт ажиллагсад, найз нөхөд нь 10 хувь, харин хааяа нэг уулзалддаг найз нөхөд нь нэг хувийн халдвар авах магадлалтай. Иймд та ч бас сүрьеэгийн шинжилгээ өгөөд үзээрэй.
Эх сурвалж: Зууны мэдээ