"Нийслэл хотыг тайван байлга"

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

"Нийслэл хотыг тайван байлга"

"Нийслэл хотыг тайван байлга"

Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу хүмүүсийн хэлж заншсанаар Улсын их дэлгүүрийн өмнөх усан оргилуурын ойр орчмыг автомашингүй гудамж болгох шийдвэр гарч байсан. Энэ ажлын хүрээнд тус гудамжны газар доор нь хоёр давхар барилга байгууламж барина гэж Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас мэдэгдэж байсан удаатай.  Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй ажээ. 

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр /2018.04.04/  автомашингүй гудамж болгох шийдвэрийг цуцалж, тус гудамжийг хэвээр үлдээж, иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Харин оршин суугчид, холбогдох байгууллагын хүмүүс дээрх шийдвэрт дургүйцэж байгаа талаар өнөөдөр /2018.04.05/ мэдээлэл хийлээ.

Бид нар итгэхгүй байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх, Олон  нийтийн зөвлөлийн гишүүн А.Саруул "Хотын даргын гаргасан захирамжид “Монголын барилгын үндэсний ассоциацитай байгуулсан Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн  дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулах”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон НХТЕТГ-т тус тус даалгасан” гэж байгаа юм. Энэ шийдвэр өчигдөр гэнэт л гарсан. Анхнаасаа газар доорх байгууламж барих нь ямар ч боломжгүй гэж мэргэжлийн  судлаачид үзсэн байхад хотын шинэ  хотын удирдлагууд дэмжсэн. Тохижилтын зураг төслийг Т.Бадамжунайгийн хүргэн Э.Анар хийсэн. Газар доорх байгууламж барьж болохгүй гэдгийг мэдсээр байж зураг төслийг баталсан Э.Анарт, дахиад тохижуулах үүрэг өгчихсөн байна. Орчин үеийн тохижилт гэдэг нь юу гэж байгаа юм бэ?  Дээрх шийдвэрт бид нар итгэхгүй байна”

Маш олон хуулийг зөрчсөн захирамж

Хуульч Д.Батсүх “Өргөн чөлөөг устгах гэдэг юм уу тохижуулах нэрийдлээр 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр гарсан А 501 тоот захирамж байгаа. Энэ захирамжид  Б.Цэрэндоржийн гудамжийг нийслэлийн засаг даргын тамгын газарт  1,7 га газрыг газар доорх үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгосон”. Энэ захирамж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа маш олон хуулийг зөрчсөн захирамж. Үүнээс товч дурдвал Монгол Улсын үндсэн хууль,газрын тухай хууль, Захиргааны тухай хууль, Хот суурийн газрын дахин хөгжүүлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийг ноцтой зөрчсөн захирамж байгаа юм”

 Хотын өнгө төрхөөр битгий оролд

“УБ иргэдийн форум”-ын тэргүүн Б.Долгион “Газар доорх байгууламжийн зураг төслийг харахад миний босголцсон  “The Beatles” хамтлагийн хөшөө байхгүй байсан.  Хотын соёл гэдэг нь хамтран зэрэгцэн оршин сайхан амьдралыг хэлж байгаа юм. Монголчууд бид нар үндсэндээ нийслэл хотоо гоё байлгахын тулд бүгд чармайх ёстой. Гэтэл сүүлийн үед бүтээн байгуулалт нэрийн дор дурсгалт газрыг сүйтгэсэн нураасан мөнгө цавчих үйлдлүүд их  болж.  Олон жилийн өмнөх түүхт дурсгалт байшин барилгаараа битгий оролдооч. Нью-Йорк хотын Манхеттеныг хараад үз. Америкчууд тэр байшингуудыг нураагаад байна уу, Москваг хар л даа бүх дурсгалт хуучин байшингууд нь яг хэвээрээ. Харин бид нар яагаад түүхт дурсгалт газраа зүгээр байлгаж болдоггүй юм. Заавал нураах ёстой юм уу? Ямар улс  эх орондоо хайргүй цэвдэг сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Шинэ зүйл барьж хуучнаа нураах ямар учиртай юм. Хотын соёл гэдэг хөгжимтэй холбоотой. Бид хүн төрөлхтний дэвшилтэт сайхан урлагаас ерөөсөө хоцроогүй  Тэрний билэгдэл болгож орчин цагийн залуу үед зориулсан нь “The Beatles” хамтлагийн хөшөө. Энэ хөшөөг оролдоод байх шаардлагагүй. Нийслэлд 1990 оноос хойш сайхан сэтгэлтэй Засаг дарга нэг ч гарсангүй. Дандаа нурааж сүйтгэсэн улс. Нийслэл хотыг тайван байлга.  Хотын өнгө төрхөөр битгий оролд”

Хотын удирдлагууд энэ асуудлыг эргэж хараач

“Сүхбаатар дүүргийн 44, байрны  оршин суугч иргэн Н.Болдсайхан  “2004 оны дөрөвдүгээр сарын 15-ны 164 захирамжаар “Зан интернэшнл” ХХК гэдэг компанид газар олголт өгсөнтэй холбоотойгоор олон  асуудал үүссэн. Энэ нь 44-45 дугаар байрны хооронд арктай, таван давхар үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар батлагдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл манай байрны хажууханд баригдах барилга. Оршин суугчид бид барилгын явцыг анх харахдаа шүүхийн шийдвэрээс зөвшөөрөлгүй барилга нурааж байна гэх ойлголттой байсан. 2015 онд нураахдаа нийт оршин суугчдад ямар ч мэдээлэл хүргэлгүйгээр шууд нураасан. Хүний өмчид маш ноцтойгоор халдсан. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан бар, рестораны бүрэн тоноглолыг нураагаад хогийн машин дээр ачаад явсан. Манай  орон сууц хүртэл цууралт үүссэн. Яахаараа нийтийн эзэмшлийн зам талбай оршин суугчдын эрх ашгийн асуудлыг хувийн компанид өгчихдөг юм. Энэ нь нийтдээ 247 өрх,1280 оршин суугчдын асуудал яригдаж байна. Бидний хэлж заншсанаар  “The Beatles” хөшөөний зүүн тал,Оросын элчингийн баруун талд ганц галын гарцтай байр нь 44,45 байрны зааг байгаа юм. Ерөөсөө  хувь хүний өмчийг нураагаад нөгөө компанид өгсөн юм байна лээ. Оршин суугчид 2006-2018 он хүртэл долоон удаа шүүхээр маргаантай асуудлаа шийдвэрлэхэд эцсийн шийдвэр нь эсрэгээр гараад байдаг.  Хотын удирдлагууд энэ асуудлыг эргэж хараач”

Шүүх яагаад заавал иргэдийн эсрэг шийдвэр гаргаад байдаг болчих воо

45-р байрны оршин суугч С.Энхтөр “Батсүх Сүүлийн үед шүүх байгууллага хачирхалтай шийдвэрүүд их гаргадаг болж. Энэ асуудал дээр гэхэд эхний хоёр шатны шүүхээр явахад бидний талд гарсан.Тэгээд хамгийн сүүлийн шийдвэрээр эсрэгээрээ гарчихдаг. Шүүх яагаад заавал иргэдийн эсрэг шийдвэр гаргаад байдаг болчих воо. Бид нар ийм шүүх засаглалыг тэвчээд байх юм уу” гэв.
 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж