Орон сууцны үнийг нийлүүлэлттэй нь уялдуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнийг нийлүүлэлттэй нь уялдуулна

“Дельта констракшн” компанийн захирал Ц.Эрдэнэбат “Монголд орон сууц барихад метр.квадрат нь 650-750 мянган төгрөгийн үнэтэй байх боломжтой гэдгийг мэргэжлийн хүний хувиар ч, энэ ажлыг гардан гүйцэтгэдэг компанийн захирлын хувиар ч хэлж байна” хэмээн ярив. Гэтэл өнөөдөр амьдрал дээр та бид метр.квадрат нь 650-750 мянган төгрөгийн үнэтэй байр олно гэвэл тун хэцүү. Мөрөөдлийн ч гэж хэлж болно. Нэг жил, хоёр жилийн өмнө байсан бол өөр хэрэг. Харин өнөөд­рийн хувьд орон сууцны нэг метр.квадратын үнэ 1-2.0 мянган ам.долларт эргэлдэж байгаа. Гэхдээ энэ нь дундаж үнэтэй барилга гэсэн үг. Харин түүнээс дээш үнэтэйг бол жирийн иргэд 15-20 жилийн хугацаатай зээлээр аваад ч хүчрэхгүй гэж болно. Тэгвэл цалин, орлоготой урвуу хамааралтай энэ орон сууцны үнийн өсөлт хаанаас гараад ирэв ээ.

Үүний шалтгааныг мэдээж “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон инфляцийн өсөлттэй холбож ойлгоход болно. Цаашлаад “Дөрвөн мянган айлын орон сууц” хөтөлбөр ч даарин дээр давс нэмсэн. Харин цаашид хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” тэрхүү үнийн өсөлтийг үргэлжлүүлэх бус зогсоож дийлэх болов уу. Мэдээж хөтөлбөр үнийн өсөлтийг зогсооно гэж байхгүй. Зөвхөн Засгийн газар хөтөлбөртэй уялддаг үнийн өсөлтийг хязгаарлах бодлого барьж байна уу гэдэг нь сонин байна.

Энэ талаар салбар яамны мэргэ­жилтнүүд хийгээд Орон сууц санхүү­жилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “Зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууц­ны бодлогыг нийлүүлэлттэй нь уялдуу­лах бодлого барьж байгаа. Шууд олгоод ирэхээр үнийн зохицуулалт хийх боломжгүй. Иймд тусгай хороол­лыг хөтөлбөрт хамруулах замаар үнийн бодлого барьж болно” хэмээн тайлбарласан. Тэгэхээр цогц хороол­лыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй уяж өгөх замаар үнийн зохицуулалт хийхийг тус корпора­циас санаачилж байна гэсэн үг. Энэ саналаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа.

Харин хөтөлбөрийг зохицуулах журам хаанаа гацчихаад буй нь ойлгомж­гүй байсаар өнөөдрийг хүрч байна. Ерөнхийдөө төрийн зүгээс өгөх тайлбарыг Ж.Алдаржавхлан дар­гын үгээр төлөөлж ойлголоо гэхэд нэг метр.квадратыг нь 650-750 мян­ган төгрөгт барих боломжтой хэмээн үзсэн бизнес эрхлэгчийн үгэнд анхаарлаа хандуулая.

Түүний хэлж буйгаар бол хотын захиргаа газрын асуудлыг шийдчих­сэн байхад л иргэдийг хямд төсөр, чанартай орон сууцаар хангах бүрэн боломж бий гэнэ. Нэг ёсны газрынх нь асуудлыг шийдээд өгчихөд бүх асуудал “ок” болно. Үнийн өсөлтийн тодорхой хувийг эзэлж буй газрын үнийн өсөлт бодит үнийг хөөрөгдөх онцгой нэгэн хүчин зүйл болж. Түүнчлэн орон сууцны барилгын дизайны шийдлүүд ч хялбар зардлыг өндөр өртөгтэй мэт болж харагдуулах онцгой нэгэн хүчин зүйл болж буй. Үүн дээр ажиллах хүчний хомсдолд тулгуур­ласан хятад ажилтны “импорт” үнийн өсөлтийг нэмэхээс бус бууруулахгүй нь ойлгомжтой.

Зас­гийн газрын боловсруулсан хөтөлбөрт бизнес эрхлэгчийн, салба­раа мэдэх мэргэжилтний хэлэх үг энэ. Харин Засгийн газар өнөө­дөртөө “4000 айлын орон сууц” хөтөлбө­рийнхөө хэрэгжилтэл цэг тавиагүй байгаа учраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хэрхэн иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа ажээ. Мэдээж “Үнийг нийлүү­лэлттэй нь уялдуулна” гэснийг эс тооцвол шүү дээ.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж