Үүний шалтгааныг мэдээж “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон инфляцийн өсөлттэй холбож ойлгоход болно. Цаашлаад “Дөрвөн мянган айлын орон сууц” хөтөлбөр ч даарин дээр давс нэмсэн. Харин цаашид хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” тэрхүү үнийн өсөлтийг үргэлжлүүлэх бус зогсоож дийлэх болов уу. Мэдээж хөтөлбөр үнийн өсөлтийг зогсооно гэж байхгүй. Зөвхөн Засгийн газар хөтөлбөртэй уялддаг үнийн өсөлтийг хязгаарлах бодлого барьж байна уу гэдэг нь сонин байна.
Энэ талаар салбар яамны мэргэжилтнүүд хийгээд Орон сууц санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “Зургаан хувийн хүүтэй зээлийн орон сууцны бодлогыг нийлүүлэлттэй нь уялдуулах бодлого барьж байгаа. Шууд олгоод ирэхээр үнийн зохицуулалт хийх боломжгүй. Иймд тусгай хорооллыг хөтөлбөрт хамруулах замаар үнийн бодлого барьж болно” хэмээн тайлбарласан. Тэгэхээр цогц хорооллыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй уяж өгөх замаар үнийн зохицуулалт хийхийг тус корпорациас санаачилж байна гэсэн үг. Энэ саналаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа.
Харин хөтөлбөрийг зохицуулах журам хаанаа гацчихаад буй нь ойлгомжгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Ерөнхийдөө төрийн зүгээс өгөх тайлбарыг Ж.Алдаржавхлан даргын үгээр төлөөлж ойлголоо гэхэд нэг метр.квадратыг нь 650-750 мянган төгрөгт барих боломжтой хэмээн үзсэн бизнес эрхлэгчийн үгэнд анхаарлаа хандуулая.
Түүний хэлж буйгаар бол хотын захиргаа газрын асуудлыг шийдчихсэн байхад л иргэдийг хямд төсөр, чанартай орон сууцаар хангах бүрэн боломж бий гэнэ. Нэг ёсны газрынх нь асуудлыг шийдээд өгчихөд бүх асуудал “ок” болно. Үнийн өсөлтийн тодорхой хувийг эзэлж буй газрын үнийн өсөлт бодит үнийг хөөрөгдөх онцгой нэгэн хүчин зүйл болж. Түүнчлэн орон сууцны барилгын дизайны шийдлүүд ч хялбар зардлыг өндөр өртөгтэй мэт болж харагдуулах онцгой нэгэн хүчин зүйл болж буй. Үүн дээр ажиллах хүчний хомсдолд тулгуурласан хятад ажилтны “импорт” үнийн өсөлтийг нэмэхээс бус бууруулахгүй нь ойлгомжтой.
Засгийн газрын боловсруулсан хөтөлбөрт бизнес эрхлэгчийн, салбараа мэдэх мэргэжилтний хэлэх үг энэ. Харин Засгийн газар өнөөдөртөө “4000 айлын орон сууц” хөтөлбөрийнхөө хэрэгжилтэл цэг тавиагүй байгаа учраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хэрхэн иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа ажээ. Мэдээж “Үнийг нийлүүлэлттэй нь уялдуулна” гэснийг эс тооцвол шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин