Ичигсэд хөдөлж, үндэс соёолох ханш нээх хаврын өдрөөр Монголын улс төр тойрсон утаа улам суунаглаж эхэллээ. Гадаах хүйтэн хасах 6 градусыг заах боловч, Төрийн ордны халууны хэмжээ дээд цэгтээ хүрч, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах мэдээ, У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэлсэн чимээ, УИХ-ын хаврын чуулганы индэр дээрээс хэлсэн Ерөнхийлөгч, спикерийн үг энэ хавар, намрын болоод ирэх 2020, 2021 оны улс төрийн ерөнхий дүр зургийг тоймлон буулгахад нэн тодорхой болгож өгч байна.Уламжлалт ёсоор дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганы өмнөх өдөр Ерөнхийлөгч улс төрийн ахлах зөвлөх Н.Алтанхуягаараа УИХ-ын дарга М.Энхболдод үг дамжуулсан нь “Надад хуулийн салбарыг атгуулаад аль” гэх санаа. Бүр “заавал үзээрэй” гэж тодотгож байгаад зарласан нь тодорхой эрх ашгийн зорилготой байлаа гэж олон хүнд харагдсан биз.Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүйг харуулж яваа, мөнхийн эрх ашгийнхаа төлөө дөрвөн жилийн өмнө өөрийг нь заналтайгаар огцруулж явсан Х.Баттулгынхаа баруун суганд хавчуулагдсан Н.Алтанхуягийн мэдэгдлийн араас УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн “Би ойрын үед АТГ-ын даргыг яаралтай солих асуудлыг УИХ-ын даргад тавина.
Та бүхэн солихоос өөр арга байхгүй” гэх үг хуулийн засаглалын төлөө томчуудын зодоон аль хэдийн Төрийн ордонд эхэлсний нотолгоо болов.Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг УИХ-ын 65 хүлээж авахгүй байх бүрэн эрхтэй ч Х.Баттулгад гишүүдийн шуудай дүүрэн “бөлдөг” байгаа учраас ийм том дуугарав уу. Ингэхэд АТГ, шүүх, прокурор гурвыг Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав хувааж авснаараа Монголд шударга ёс тогтоно гэдэгт өөрсдөөс нь өөр хэдэн хүн итгэж байгаа юм бол. АТГ-ыг З.Энхболд, УЕП-ыг Н.Алтанхуяг, шүүхийг Х.Баттулга авлаа гээд чухамдаа өнгөрсөн дөрвөн сарын 1-нд “Х.Баттулгыг хаан болгоод би өөрөө хатан нь болно” гэсэн З.Энхболдын нэрээр жиргэсэн хуурамч жиргээний агуулгаас юунд зөрнө гэж.
Чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч дараагийн том зорилгоо “танилцуулсан” нь цаазын ялыг сэргээх асуудал бөгөөд УИХ-ын хаврын чуулганы индэр дээрээс хуулийн төсөл санаачилж оруулж ирэхээ ч зарлалаа. Эхлээд хуулийн засаглалыг гартаа бүхэлд нь атгах санаархалтай, дараа нь цаазын ялыг сэргээх саналтай Ерөнхийлөгчийн үгний араас Монголын ардчилалд аюулын харанга дэлдэж эхлэв үү гэх айдас олон хүнд төрж буйг нуух юун.УИХ-ын даргын чуулганы нээлтийн үгийг ажиглавал ерөнхий агуулга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглагджээ. Ж.Эрдэнэбатыг унагааж, өөрөө Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх зориг нь ч, ухаан нь эс хүрч байгаа. Тиймээс Ардын засгийг огцруулахаар хорь гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх улс төрийн шум дээр засгийн газар ажлаа хийхгүй байгааг сануулсан спикерийн үг, Ерөнхийлөгчийн зүгээс шидсэн сценарийг анзаарвал, У.Хүрэлсүхийн засгийн толгой дээр утаа түймэр болж мэдэх нь. Ерөнхийлөгч, УИХ гэх хайчин галын дунд халиуны зулзага шиг болсон У.Хүрэлсүхэд хандаж “томоохон төслийг оруулж ирвэл бид зураад өгье” гэсэн спикерийн үг энэ хаврын улс төрийг дуэльд дуудсантай ялгаагүй болов. ‘Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, том төслүүдийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан’-ыг Ардын засагт анхааруулж, ₮Тавантолгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх УИХ-ын шийдвэр хэвээр байгаа’-г сануулсан М.Энхболд үгэндээ үг дайж, ‘Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа.
Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ’ гэдгийг ‘аядуу зөөлөн’ асууснаас харвал хууль тогтоох болох гүйцэтгэх засаглал хоорондын ан цав аньсангүй.
Спикерийн онцолсон том төсөл нь Тавантолгой болох нь нэн ойлгомжтой агаад энэ сарын 8-12-ны хооронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлалын хүрээнд яригдах энэ асуудлыг угтуулаад “Хүкийн засгийн хөлийг тайрах” сценари хаанаас ч юм бэ олон нийтийн сүлжээнд тавигдсан нь бас жирийн тохиолдол яавч биш. Тэр тусмаа медиа орчинд тоглолт хийж, массыг уярааж чадахгүй юм бол, Херо Баатар байгаад ч яах юм бэ.Гэвч, энэ бүхнээс илүү хаврын чуулганы хамгийн том сенсааци нь УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл. Бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд МАН хамгийн залуу гишүүндээ сонгогчдодоо баяртай гэж хэлэхийг үүрэгдсэн бололтой. Унжаад байхаар унаад өгөхийг нь өвөлжингөө хүлээж Хэнтийг услаад эхэлсэн Н.Энхбаярт энэ нь том боломж олгох нь. Учир нь өмд бандаашнаас болж сонгогчдодоо нэр хүндээ алдсан МАН-ынхан Д.Гантулгын тойргийг МАХН-д алдаж болзошгүй байгаа. Улс төрд хөтөлж оруулж ирсэн дүү нь хүүхэн хүчиндсэн асуудлаар ‘өвдөг шороодсон’ нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөөд унавал онигоо, онигоо. Чуулганы нээлттэй зэрэгцээд Улсаа аврах хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулж, төрийн ордны өмнө акц хийсэн ч төлөвлөж байснаас нь хол явсангүй. Гадаах хүйтний эрч нөлөөлсөн үү эсвэл иргэд энэ мэт ард түмэн нэрээр амиа аргацаадаг алиа салбадайнуудад итгэхээ больсон уу, бүү мэд.