Ш.Батхүүгийн “хүү” ба зээлийн хүү

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүгийн “хүү” ба зээлийн хүү

Ш.Батхүүгийн “хүү” ба зээлийн хүү

-Ч.Сайханбилэг яагаад “Стандарт” банкны зээлийн маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхийг хүсч байв-

“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.доллар /хүүгийн хамт/ зээлсэн, энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн. Эндээс “Стандарт” банканд өдөр бүр 75 сая ам.долларын хүү төлөх “үүрэг хэрэгжиж” эхэлсэн. Холбогдох хүмүүсээ шалгахаар барьж хорилоо. Тэр тусмаа “хуурамч” буюу “үл бүтэх гэрээ”-ний талаар хамгийн сайн мэдэх “Эрдэнэт’ үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өчил анхаарал татдаг. Тэрбээр “2009 оны зургадугаар сард “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах гэсэн. Би өрөөндөө ороод уншиж үзлээ. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн” гэдгээс эхлээд нэлээд барьцтай зүйлийг ярьж өгсөн. Ш.Батхүү ч “Монголыг цөлмөсөн түүх” нэвтрүүлгээр хэрхэн хуурч мөнгө авсан “цадигаа” хээвнэг ярьж байна билээ. Сонирхолтой нь цагдаагийнхан хамгаалах, хардахын аль нь болохыг бүү мэд, Б.Мөнхжаргалыг саатуулаад байгаа юм.

Өөр нэг “тоохгүй” байгаа сэжим гэвэл 2013 оны арванхоёрдугаар сард “Жаст групп’-тэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсыг орхиж явахыг хориглосон. Үүнийг уншигчид мартсан байлаа гэхэд хуулийнхан мартаагүй байх учиртай. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй баг 2013 оны арваннэгдүгээр сард 131 сая ам.долларын зээлийн асуудлаар Монгол Улсад ирсэн тухай түүнтэй ижил нөхцөл байдалтай байгаа нэрээ нууцлахыг хүссэн хоёр хүн мэдээлжээ. Тэд Монголын “Жаст групп’-т зээлдүүлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай уулзалт хийхээр ирсэн байна. Харин энэ арванхоёрдугаар сарын 4-нд зөвлөх Крис Брэдлиг албаныхан Монгол улсыг орхин явахыг хориглосон болохыг Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төвтэй тус банкны зөвлөх Росс  Линстром олж тодруулсан аж. Крис Брэдли энэ арванхоёрдугаар сарын 2-ны өдөр утсаар хийсэн мэдэгдэлдээ арваннэгдүгээр сарын 29-нд Монголыг орхих ёстой байсан ч албаныхан түүнийг явуулаагүй гэнэ. Түүнчлэн цагдаагийн газраас түүнийг сэжигтнээр татаж, шалгаж байна хэмээн тайлбарлажээ. Тухайн үед энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс лавласан боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд “Стандарт” банканд ирүүлсэн мэйлдээ зээлийн маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Крис Брэдли нь Монголд ирсэн зөвлөхийн багийнхан дундаас “Стандарт” банканд шууд харьяалагдаагүй ганц гишүүн нь гэнэ. Тэрээр 1999-2001 оны хооронд Стандарт банканд ажиллаж байсан аж. Үүний зэрэгцээ “Стандарт” банк нь зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй Монголын компанийн эсрэг 2013 оны долдугаар сард Английн нийслэл Лондон хотын шүүхэд зарга мэдүүлжээ.

“Жаст групп” нь “Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авсан. “Жаст” ХХК зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд, улмаар Засгийн газартай “танилцсан”.

Тэгвэл дотоодын банкуудаас Ш.Батхүү ямар болзол нөхцөл, хүүтэйгээр зээл авдаг байв. Түүний барьцаа монголчуудын дийлэнх иргэний адил ээмэг бөгж, гар утас, эсвэл жижиг дунд үйлдвэрлэл, хэрэглээний зээлүүдийнхээс их өөр гэдэг нь мэдээж. Гэхдээ дандаа л “Эрдэнэт”, “УБТЗ”-г барьцаалаад байна гэж юу байхав. Наанадаж Э.Сүрэнгээс л гэхэд 2.5 хувийн хүүтэй 32.8 сая ам.долларыг зээлсэн байдаг. Тэрбээр зээлийн хүүдээ нийт 24 тэрбум төгрөг төлсөн ч үндсэн зээлээсээ төлөөгүй тул хохирлоо Төрийн банкнаас нэхэмжилсэн байдаг.

Жаст групп’ ХХК-ээс 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр Чингис хаан банк, “Жаст групп”-ийн хооронд зээлийн гэрээгээ дүгнээд, векселийн тухай хуулийн дагуу 5.480.000 ам доллар үндсэн төлбөр, түүний хүү болох 466.156 ам доллар төлөх тухай вексель бичигдсэн байдаг. Нийт зээлийн гэрээний дагуу бол нийт 5.480.000.00 ам.долларыг 31 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу cap бүр, хэсэгчлэн төлөх зэрэг нөхцөлөөр зээлдэн авсан  байгаа юм. Гэвч зээлдэгч зээлээс огт мөнгө төлөөгүйн гадна хөрөнгө барьцаанд тавих үүргээ биелүүлээгүй байна. Шүүхээс “Жаст групп зээлийн гэрээг дүгнэж, 5.480.000 ам долларын үндсэн зээл, түүний хүү болох 466.156 ам доллар  төлөх вексель бичигдсэн, түүний дагуу төлбөрийг төлнө гэж тайлбарлаж байх боловч вексель шүүхэд ирээгүй, нөгөө талаар тухайн үед гэрээ цуцлагдаагүй байсан байх тул түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гээд товчхондоо төлбөрийг төлүүлэх л болсон байдаг. Харин ийм хэмжээний зээл, зээлийн төлөлттэй шүүхийн өмнө очсон иргэн “Жаст”-ынх шиг шийдвэрт хүрнэ гэж үү.

“Жаст групп”-ийн Ш.Батхүүгийн ард улс төр, бизнесийн том бүлэглэл бий. Тэд өөрсдөө бараг “зээлийн барьцаа”-наас хүчтэй зэвсэг. Уул уурхайн нүсэр компани, алтны уурхай, банк…ийм бизнесменд зээл олгох нь бараг од шүүрэхтэй адил биз. Гэтэл огт төлөхгүй, шүүхдээд дийлдэггүй ч байж болох юм гэдгийг дотоодын банкнуудаа “цөлмөчхөөд” гадагшаа сарвалзаж улсынхаа хамгийн том үйлдвэрийг барьцаалан өрөнд оруулсан Ш.Батхүүгийн зээлийн “цадигаас” сургамж авууштай. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж