ОХУ Аюулгүйн зөвлөлийг нээлттэй хуралдуулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ Аюулгүйн зөвлөлийг нээлттэй хуралдуулахыг шаардав

ОХУ Аюулгүйн зөвлөлийг нээлттэй хуралдуулахыг шаардав

ОХУ тус улсын Засгийн газрыг өнгөрсөн сард Их Британид болсон химийн хортой бодисын халдлагад буруутгасан асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралдааныг өнөөдөр /2018.04.05/ хуралдуулахыг шаардсан байна.

НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензия хэлэхдээ “Химийн зэвсгийг хаана ч хэн ч хэрэглэсэн байлаа гэсэн энэ бол заавал мөрдөн шалгаж, буруутай этгээдэд шийтгэл ноогдуулах ёстой хэрэг мөн” хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад захидал бичжээ. Аюулгүйн зөвлөлийг энэ цаг мөчид Перу даргалж байгаа юм.

Их Британийн Гадаад харилцааны яам гуравдугаар сарын 22-нд Портон Даун химийн зэвсгийн судалгааны лабораторийн шинжээчид Скрипал болон түүний охины хордсон хорт бодис ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай Новичок хэмээх бодис болохыг тогтоосон тухай жиргээг устгасны дараа Небензия Аюулгүйн зөвлөлд шаардлага хүргүүлсэн ажээ.

Их Британийн Портон Даун химийн зэвсгийн судалгааны лабораторийн эрхлэгч Гэри Эйткенхэд даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ халдлагад ашигласан бодис Новичок болохыг тогтоосон боловч ОХУ-д үйлдвэрлэсэн эсэхийг нотолж чадахгүй гэсэн билээ.

Их Британи энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа боловч нотлох баримтыг одоо болтол дэлгэж тавиагүй байгаа юм. Харин Москва Их Британид болсон химийн бодисын халдлагад ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн.

Химийн бодисын халдлагад өртсөн гэх Сергей Скрипал нь 2006 онд Их Британид гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан тагнуулч бөгөөд 2010 онд тагнуул солилцох гэрээгээр Их Британи руу гарсан ажээ. Түүний охин ОХУ-ын иргэн Юлия эцэгтэйгээ уулзахаар өнгөрсөн сард Их Британид очсон байжээ. Их Британийн Засгийн газар ОХУ-ын дипломат  ажилтнуудад Сергей, Юлия нартай уулзахыг хориглосон.  Энэ хэрэгтэй холбоотойгоор Их Британийн Засгийн газар ОХУ-ын дипломат 23 ажилтныг тус улсаас хөөн гаргасан. Их Британийн холбоотон АНУ, Канад, Австрали  болон НАТО-гийн зарим гишүүн орнууд ОХУ-ын дипломат 150 гаруй ажилтныг хөөсөн.

Москва Лондоны энэ үйлдэлд хариу арга хэмжээ авч, Их Британи, АНУ-ын дипломат ажилтнуудыг хөөн гаргаж, Консулын газрыг нь хаасан билээ.

Эх сурвалж: Russia Today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж