Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг олон сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой асуудлаар энэ сарын 11-нд Конгрессын өмнө мэдүүлэг өгөх гэнэ. Их Британийн “Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүкийн 50 сая цахим хэрэглэгчийн хувийн мэдээллийг 2016 оны АНУ-ын сонгуулийн үеэр урвуулан ашигласан тухай дуулиан дэгдээд байгаа юм. Энэ хэрэгт түүнийг буруутгаж байгаа билээ. Гэвч Фэйсбүүкийн сүүлд мэдэгдэж буйгаар улс төр, бизнесийн зөвлөх “Кэмбриж Аналитик” компани 50 сая биш, 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан ажээ. Кэмбриж Аналитик” улс төр, бизнесийн зөвлөх пүүс Фэйсбүүкийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашигласан хэмээн анх мэдээлж, дуулиан тарьсан “шүгэл үлээгч” Кристофер Вайли хэлэхдээ 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан гэсэн билээ.
Марк Цукерберг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэл гаргахдаа ‘Бид зөвхөн аюулгүй байдлыг хангах, хамгаалах хэрэгсэл бий болгоод зогсохгүй хэрэглэгчид үүнийг хэрхэн хэрэглэж байгаад хянаж, хариуцах үүрэгтэй” гэжээ.
“Кэмбриж Аналитик” пүүсийг Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, Дональд Трамп болон “Brexit “-ийн кампанит ажлын үеэр ашигласан гэж буруутгаж байгаа юм.
“Кэмбриж Аналитик”пүүс өөрсдийн боловсруулсан “Энэ бол таны дижитал амьдрал” хэмээх апп-ны тусламжтайгаар Фэйсбүүкийн хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж авсан гэдэг. Энэхүү апп-ыг 200,000 хүн татаж авсан боловч хэрэглэгчид өөрсдийн болон өөртэйгөө холбоотой бүх хүний хувийн мэдээллийг алдаж буйгаа мэдээгүй билээ.
Фэйсбүүкийн сүүлд мэдээлснээр 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл дээрх замаар алдагдсан ажээ.
Эх сурвалж: BBC