2026 оны өвлийн олимпийн төлөөх марафон

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

2026 оны өвлийн олимпийн төлөөх марафон

2026 оны өвлийн олимпийн төлөөх марафон

Өнгөрөгч мягмар гаригт Олон Улсын Олимпийн Хороо (ОУОХ)-ноос 2026 оны өвлийн олимпийн XXV наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшээд буй 7 улсын үндэсний олимпийн хорооны 9 хотыг албан ёсоор танилцууллаа. Европ тивийн Швейцар улс Сион хотыг, Швед улс нийслэл Стокгольм хотыг, Австри улс Грац хотыг, Турк улс Эрзурум хотыг, Итали улс Милан, Турин болон Кортина д’Ампеццо хотыг, Хойд Америкаас Канад улс Калгари хотыг, Ази тивээс Япон улс Саппоро хотын нэрийг дэвшүүлж байна.

Эдгээр хотуудаас Италийн Кортина д’Ампеццо 3 удаа нэр дэвшиж 1956 онд, Турин нэг удаа нэр дэвшиж 2006 онд, Японы Саппоро хот 3 удаа нэр дэвшиж 1972 онд, Канадын Калгари хот 3 удаа нэр дэвшиж 1988 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан. Харин Швейцарын Сион 1976, 2002, 2006 оны өвлийн олимпийн наадмын төлөө нэр дэвшиж байсан ч тухай бүртээ ялагдаж байсан. Харин Шведийн Стокгольм, Австрийн Грац, Туркийн Эрзурум болон Италийн Милан хотууд анх удаагаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшиж байна.

2016 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг эцсийн байдлаар тухайн олимпийн наадмаас 7 жилийн өмнө буюу 2019 оны 9 сард Италийн Милан хотноо болох ОУОХ-ны 134-р чуулганаар зарлана. Одоогоор 2026 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудын нэрсийг хүлээн авах хугацаа дуусаагүй байгаа. Иймд өөр хотууд ч нэмэгдэж болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж