Ерөнхий сайдын үүрэг найм хоногийн настай гэж үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын үүрэг найм хоногийн настай гэж үү?

Ерөнхий сайдын үүрэг найм хоногийн настай гэж үү?

Арванхоёрдугаар сар. Өдийгөөс харьцангуй хүйтэн, эрт түнэр харанхуй болдог байлаа. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн үеэр сурагчид хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай Ерөнхий сайдад учирлаж байв. Харин Ерөниий сайд сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг хангаж, нэмэлт хүч тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг болгож байв. Энэ үүргийг биелүүлж байгаа эсэхийг сурвалжиллаа.

​Гурав дахь ээлжийн хичээл 19.00 цагт тардаг. Өвөл өдийгөөс харьцангуй эрт нар жаргадаг. Сурагчид түнэр харанхуй, тэсгэм хүйтэнд хаа нэгтээ сонсогдох хэн нэгний дуу, урдуур хойгуур сүлжилдэх нохдоос айн гэр хорооллын нарийн гудамжаар халтирч, бүдэрч явсаар хэрхэн гэртээ хүрдэг байсан бол.

Таван чиглэлд тус бүр нэг автобус шаардлагатай

Сонгинохайрхан дүүргийн III хороо, бидний ярьдгаар Толгойтод байрлах 65 дугаар сургууль. Энэ сургуульд Ерөнхий сайд ажилласан юм. Бид хамгийн түрүүнд тус сургуулийн захирал Ц.Хишигмаатай уулзлаа.

65 дугаар сургуулийн захирал Ц.Хишигмаа

-Ерөнхий сайд үүрэг өгснөөс хойш танай сургууль дээр ямар ажил хийсэн бэ?

-2017 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай сургууль дээр ирж, гуравдугаар ээлжийн үйл явцтай танилцсан. Хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзах үед гуравдугаар ээлжийн хичээл орой тардаг, харих замдаа айдаг тухайгаа Ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайд маш олон газар үүрэг даалгавар өгсний нэг нь Цагдаагийн газар. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран ажиллах хөтөлбөр гаргасан. Манай сургууль III, IV, XXVI хорооны хүүхдийг хамран сургадаг. Хөтөлбөрийн дагуу эдгээр дүүргийн хэсгийн байцаагчид бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Ялангуяа сурагчид тарах үед тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс эргүүл ажиллаж байгаа. Хоёрт, “Гараас гарт” хөтөлбөрийг цагдаагийнхантай хамтран сурталчилсан. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, сургуулиас өөрсдөө авч байгаа. Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжээр хичээллэж байгаа сурагчдад зориулан олон хүүхэд явдаг чиглэлд туршилтын автобус явуулсан. Ингэснээр IV хороо буюу Алтан овоо чиглэлд найм хоногийн хугацаанд автобус үйлчилсэн. Нэг өдөрт 75-80 хүүхэд энэ автобусаар үйлчлүүлсэн. Цаашид энэ чиглэлд автобус шаардлагатай юу гэдэг дээр бид судалгаа явуулсан. Ер нь, гуравдугаар ээлжээр хичээллэж байгаа сургуульд, тодорхой чиглэлд автобус явуулах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ саналаа нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Энэ ажилд эцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байсан.

-Аль чиглэлд, хэдэн автобус явуулах шаардлагатай байна вэ?

-Манай сургууль нь гурван хорооны хүүхдийг хамруулж сургадгаараа онцлог. Сургуулиас таван чиглэл рүү сурагчид явж байна. Хамгийн хол нь Алтан овооны чиглэл байна. Тиймээс таван чиглэлд тус бүр нэг автобус шаардлагатай байна.

-Автобус ямар зарчмаар үйлчилж байсан бэ?

-Гуравдугаар ээлжийн хичээл тарах үед анги удирдсан багш нар хүүхдүүдээ авч очоод, буудал дээр зогсоод эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг байсан.

-Автобус явуулахад хүндрэлтэй зүйл нь юу байна вэ?

-Нийслэлийн Тээврийн газар бензин тосыг нь өөрсдөө гаргаж байсан болохоор хаана хаанаа асуудалтай зүйл байсан юм шиг байна лээ.

-Сургууль шатахууны мөнгийг нь гаргаад автобус явуулах боломжтой юу?

-Хэрэв автобус гаргаад өгвөл бензин зэрэг урсгал зардлын мөнгийг төсөвт суулгаад ажиллахад ч бэлэн байна.

СУРАГЧИД СУРАХ ИДЭВХГҮЙ ЦАГТ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

-Танай сургууль хэдэн хүүхэдтэйгээс хэд нь гуравдугаар ээлжээр хичээллэж байна вэ?

-Манай сургуулийн хувьд 103 бүлэгт 3550 хүүхэд сурч байна. Үүнээс гуравдугаар ээлжинд хичээллэдэг нь 13 бүлгийн 453 хүүхэд байна.

-Гурав дахь ээлж орой хичээллэдэг тул сурагчдын сурах идэвхэд сөргөөр нөлөөлдөг үү. Сурагчдын суралцах идэвхтэй цаг нь хэдэн цаг вэ?

-Гурван ээлжээр хичээллэснээр маш олон хүндрэл гардаг. Эцэг, эх ажлаа тарж ирээд, хүүхдийнхээ хичээлийг тартал хүлээдэг. Мөн сургуулийн үйлчлэгчид хичээлийн дараа анги танхимаа цэвэрлэх тул маш орой тардаг. Мөн бага насны хүүхдийн сурах идэвхтэй цагт хичээллэдэггүй. 8.00-16.00 цагт хүүхэд идэвхтэй суралцдаг. Гэтэл гурав дахь ээлж 15.00-18.40 цагт тарж байна.

-Сургуульд тулгамдаж буй өөр ямар асуудал байна вэ?

-Гурван ээлжээр хичээллэдэг байдал нэгдүгээрт тулгамдаж буй асуудал болоод байна. Энэ асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна. Учир нь, XXVI дугаар хороонд 940 хүүхдийн багтаамжтай сургууль баригдах гэж байна. Тендер нь зарлагдсан, газар нь батлагдсан, барилгын ажил энэ сард эхлэх юм билээ. Хэрэв ийм сургуультай болчихвол манай сургуульд сурч байгаа XXVI хорооны хүүхдүүд тийшээ шилжиж, гурван ээлжээр хичээллэхээ болих юм.

Ингээд гурав дахь ээлжийн ангийн нэг болох 3В ангид ороход “Та амархан сайн байна уу” гэсээр сурагчид нэгэн зэрэг мэндлэв. Тус анги 41 сурагчтай гэнэ. Хамгийн хол буюу Алтан овоо чиглэлд гэртэй хүүхдийг гараа өргө гэтэл талаас илүү нь буюу 22 сурагч гараа өргөв. Сурагчдын төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.

Найзуудтайгаа айх зүйлгүй явж байсан

ЗВ ангийн сурагч М.Азжаргал

ЗВ ангийн сурагч М.Азжаргал “Сургуулиас автобус явахад амар байсан. Автобусанд найзуудтай, айх зүйлгүй явж байсан. Одоо бол манай найзын өвөө нь намайг ирж авдаг. Тэр өвөө манай гэрийн ойролцоо намайг буулгадаг” гэв.

Машин явахгүй тул уулаад алхсаар гэртээ очдог

Сурагч Ж.Мишээл

Сурагч Ж.Мишээлийн хувьд гэр нь Алтан овоод байдаг бөгөөд автобусны буудал дээр буугаад цааш таксинд сууж гудмын үзүүр дээр буудаг гэнэ. Цааш машин явахгүй тул уулаад алхсаар гэртээ очдог аж. Өвөл замдаа маш их айж, гулгаж халтирсаар гэртээ очдог тухайгаа ярьж байлаа. Энэ үед ангийн багш нь ярианд оролцож “Нэг удаа би түүнийг гэрт нь хүргэж өгч байсан. Гудамж нь гэрэлтүүлэггүй. Гудамжных нь үзүүр дээр буугаад дээш нэлээд алхсан” гэж байлаа.

Эцэг, эхчүүдийг 22.00 цаг хүртэл хүлээдэг

Ангийн багш Г.Нандинцэцэг

Ангийн багшийг Г.Нандинцэцэг гэдэг. Тэрбээр автобус явж байх үед харьцангуй эрт ажлаас тарж байсан аж. Хичээл тарсны дараа сурагчдыг заавал эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг тул зарим үед 22.00 цаг хүртэл тэднийг сургууль дээрээ хүлээдэг гэнэ. Түүнээс хойш хүүхдээ ирж авахгүй бол багшийн гэрээс ирж авахыг санал болгож байсан удаа ч бий гэнэ. Мөн автобус явж байх үед автобусны буудал дээр ирэхэд эцэг, эх нь хүүхдээ тосохоор ирээгүй байх тохиолдол нэг удаа гарсныг хэлж байлаа. Энэ нь автобусны явах, ирэх цаг тодорхой байтал эцэг, эх ямар хариуцлагагүй ханддагийг илтгэнэ. Сургуулиас нэгдсэн журмаар автобус 19.10 цагт хөдөлж байжээ. Ингээд хүүхдүүдээ эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөөр 20.00 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тарж байсан тухай ярьсан юм.

Коридорт давтлага хийж байна

Сургалтын менежер О.Эрдэнэчимэг

Ангиас гараад сургуулийн сургалтын менежер О.Эрдэнэчимэгтэй уулзав. Менежер “Коридорыг ашиглан өрөө болгосон болохоор манай өрөө их тухгүй шүү” гэв. Харин өрөөний үүдэнд, коридорт нэгэн багш хэдэн сурагч суулган давтлага хийлгэж байлаа. Менежер “Анги танхим хүрэлцээгүй болохоор манай багш нар бололцоогоо ашиглан коридорт ч давтлага хийлгэж байгаа” гэж байлаа. Түүнээс бага анги нь хэдэн сурагчтай, ямар ангийг гуравдугаар ээлжээр хичээллүүлж байгааг асуулаа. Тэрбээр “Манай сургуулийн бага ангид 59 бүлгийн 2082 сурагч сурдаг. Үүнээс гуравдугаар ээлжид 13 бүлгийн 453 сурагч сурч байна. Үүнд III ангийн 10, IV ангийн гурван бүлэг ордог. Эрт сэрээж, эрт хичээлд явуулах нэгдүгээр ангийн сурагчдад хүндрэлтэй. Тиймээс хоёрдугаар ангийг өглөө хичээллүүлдэг. 11.20 цагт нэгдүгээр анги хичээллэнэ. Тэднийг тарсны дараа III, IV ангийн хичээл эхэлдэг. Харин V ангийн хичээл А блокд өглөө эхэлж, тэднийг тарахад IV ангийн үлдсэн анги хичээллэдэг” гэсэн юм.

Эрсдэлт цэгүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа

Цагдаагийн ахмад О.Нармандах

Үүний дараа Сонгинохайрхан дүргийн Цагдаагийн I хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Нармандахтай уулзаж, Ерөнхий сайдын өгсөн үүргийн хүрээнд хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа. Тэрбээр “Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн гуравдугаар ээлжийн сурагчид тарах үед, 18.00-20.30 цагт цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. III, IV, XXVI хорооны хороон цагдаа, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа нар нэг хороонд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарь гарган ажилладаг” гэлээ. Цагдаа нар дээрх цагт сургуулиар явж эцэг, эх хүүхдээ авч байна уу, согтуу байгаа эсэхийг хянаж, алслагдсан гэртээ хүүхэд гэр рүүгээ аюулгүй хүрч чадаж байгаа эсэхэд алсаас хяналт тавьж байгаа гэнэ. Тодорхой цэгүүдэд пост гарган ажиллахгүй юм уу гэсэн асуултад “Гуравдугаар ээлжийн хичээл тарах үед эрсдэлтэй цэгүүдэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа” гэлээ. Мөн энэ хугацаанд томоохон зөрчил илрээгүй гэж байлаа.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 6154 сурагч бий. Тэдний 453 сурагчийн байдал ийм байна. Ирэх онд улсын төсөв болон гаднын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 93 сургуулийн барилга барихаар төлөвлөж байгаа. Хамгийн хурднаар барилаа гэхэд барилга 2019 оны сүүлийн улиралд ашиглалтад орно. Бараг 2020 онд. Тэр хүртэл гурван ээлжээр хичээллэснээс үүдсэн хүндрэл, асуудал үргэлжилнэ.

 

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж