Цэцдийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн бүрэлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Цэцдийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн бүрэлдлээ

Цэцдийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн бүрэлдлээ

Монголын Үндэсний бөхийн холбооны /МҮБХ/ наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдаан өчигдөр /2018.04.04/ Бөхийн өргөөнд боллоо. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь хүрэлцэн ирэв.

Хурлын эхэнд Үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан. Үүний дараа МҮБХ-ны анхны тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн Р.Нямдорж үг хэлж, шинэ тэргүүн дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд тамга тэмдгээ гардуулан өгсөн юм.

Ийнхүү шинэ тэргүүн дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ албан ёсоор тамгаа хүлээж авлаа. Энэ өдөр бөх сонирхогчдын хувьд түүхэн өдөр байсан юм.

Монголын Үндэсний бөхийн холбооны анхны тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн Р.Нямдорж, дэд тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан нар шинэ тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэд баяр хүргэж ажлын амжилт хүссэн юм.

Тэрбээр хурлын эхэнд дараах үгийг хэлсэн юм. 

“Өнөөдөр “Их Эе” хурлын төлөөлөгчдийн итгэлийг хүлээж, эрх барих байгууллага болох Цэцдийн зөвлөлд багтан ажиллахаар болсон бөхчүүд, төлөөлөгчид та бүхэн хатуу ухамсарлаж байгаа. Санхүүгийн тайлан, аудит, бусад тооллого зэрэг энэ бүх зүйл ил тод байж, хууль дүрмийн дагуу явж ирсэн гэдгийг бид мэдэж байна. Өнөөдөр гол зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Холбооны дүрмээр цаашид гол үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал авч явна. Бөхийн холбооны тэргүүний хувиар миний бие Төрийн бус байгууллагын хууль болоод Бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ээр баталсан дүрмийн дагуу Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллана. Ингэхдээ санхүүгийн хяналтын албатай тооллого хийж, цаашид хариуцлагатай авч явна. Жил тутам ажлын тайланг гаргаж, мэдээлж байх болно. Санхүүгийн болоод бусад бүх үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй байх болно. Цаашид бүх ажил хариуцлагатай, нээлттэй явна. Ардчилал нийгмийн харилцаанд Төрийн бус байгууллага яаж ажилладаг, энэ жишгийг Бөхийн хамт олон бий болгосон. Бид дөрвөн жилийн дараа дараагийн багтаа өнөөдрийн зарчмаар ажлаа хүлээлгэж өгнө. Монгол бөхийн үйл хэргийн төлөө оюун сэтгэл, хичээл зүтгэлээ дайчлан өдий зэрэгт хүргэсэн Бөхийн холбооны анхны тэргүүн Р.Нямдорж гуай, үе үеийн тэргүүлэгчид та бүхэнд Цэцдийн зөвлөлийн нийт гишүүд, бөхчүүдийн өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.’ гэсэн юм.

Зарим бөхчүүдийн байр суурийг хүргэе.

МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ

  • Бөхчүүдтэй холбоотой олон асуудал гарч ирж байна. Үүнийг бид өөрсдөө л шийдэх ёстой. Бид ирэх хаврын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана. Ингэхдээ улс, аймаг сумын наадмыг яг нэг өдөр болгох саналыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонхи нь гаргасан учраас хаврын чуулганд хэлэлцэх асуудлын тоонд оруулахаар шамдан ажиллах юм.

Улсын харцага Н.Батзаяа:

  • Барьц сонгодог асуудлыг болиулах хэрэгтэй. Би хувьдаа үүнийг эсэргүүцдэг хүн. Олигтой ч барилдаан гаргахгүй, тойрч зугтсаар байгаад 15 минутаа дуусгадаг. Ингээд барьц сонгох хэлбэр рүү ороод байна. Бөхчүүд уран барилдаан гаргах  бус барьц сонгохын тулд жин их нэмэх болсон.

Улсын начин С.Багахүү:

  • Найрааны асуудлыг олон хүн ярьж байна. Тэгвэл улс, аймаг, сумын наадмыг нэг өдөр хийдэг болгомоор байгаа юм. Үүнийг таслан зогсоох нэг арга байна. Баахан шагнал гардуулна. Үүнийг зохицуулж өгвөл найраа багасах болов уу гэж олон бөчүүд өөрсдийн саналаа хэлсэн юм.

 

БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРМИЙГ ЭНЭ ОНДОО БАГТААН ӨӨРЧЛӨХӨӨР БОЛОВ

Цэцдийн зөвлөлийн хурлын гол асуудал бол бөхийн барилдааны дүрэм байсан. Гишүүд удаан ярилцаж, санал авсны эцэст бөхийн барилдааны дүрмийг энэ ондоо багтаан өөрчлөхөөр боллоо. Барьцаа халаа, зодог, шуудагны стандарт, барьц сонгох зэрэг олон асуудлыг ирэх тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, шинэ журмыг батлахаар болжээ. Энэхүү хуралдаанаас гарсан журмыг ирэх есдүгээр сар хүртэл туршиж үзээд бөхийн барилдаанд өөрчлөлт оруулах юм байна.

ДЭД ТЭРГҮҮНЭЭР Ц.МАГАЛЖАВ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛААР Б.САЙНБАЯР ТОМИЛОГДЛОО

Цэцдийн зөвлөлийн Анхдугаар хуралдааны дараагийн асуудал бол Цэцдийн зөвлөлийн дарга, МҮБХ-ны дэд тэргүүнийг сонгох, мөн тэргүүлэгч гишүүдийг сонгосон юм.

МҮБХ-ны шинэ дүрэмд тэргүүн нь дэд тэргүүнтэй байж болно гэж заасан. Дэд тэргүүн нь тэргүүнийг эзгүйд орлох үүрэгтэй. Тиймээс тэргүүн Б.Бат-Эрдэнэ улсын заан Ц.Магалжавыг сонгож, тэргүүлэгчид санал нэгтэй зөвшөөрлөө. Гишүүдээ дэд тэргүүнд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нэрийг дэвшүүлсэн боловч тэрбээр нэрээ татжээ.

Цэцдийн зөвлөлийн даргаар дархан аварга Г.Өсөхбаяр сонгогдсон. Харин холбооны гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаярыг сонгож, тэргүүлэгчид сонгогдсоноор шинэ бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

МҮБХ-ны тэргүүн дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр,
МҮБХ-ны дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав,
МҮБХ-ны гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нар сонгогдлоо.

МҮБХ-ны ТЭРГҮҮЛЭГЧ гишүүдээр

  1. Д.Ганхуяг /улсын арслан/
  2. Д.Азжаргал /улсын арслан/
  3. Д.Рагчаа /улсын гарьд/
  4. И.Доржсамбуу /улсын гарьд/
  5. Г.Элбэг /улсын харцага/
  6. Л.Бадарч /улсын харцага/
  7. Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/
  8. Ш.Жаргалсайхан /улсын гарьд/
  9. Б.Цогтбаатар /н.б.дарга, бөх судлаач/
  10. Ц.Мягмарсүрэн /улсын заан/
  11. Ц.Батнасан /бөх тайлбарлагч/
  12. Б.Түмэнбаяр /бөхийн зүтгэлтэн/
  13. Ё.Амарбаясгалан /гарын даа/ нар сонгогдлоо.

Ийнхүү МҮБХ удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж, Цэцдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдөр хийхээр болсон байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, улсын заан Ц.Магалжав Бөхийн холбооны дэд тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр гуравдугаар сарын 24-ний өдөр болсон "Их Эе" хурлаар холбооны тэргүүнд нэр дэвшигдсэн ч нэрээ татаж байсан юм.

Монголын Үндэсний бөхийн холбоны гүйцэтгэх захиралаар улсын заан Болдын Сайнбаяр сонгогдлоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж