Харин энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар хоёр талаас нь тайлбарлаж буй юм байна. Нэг хэсэг нь “Украйн улсын ирээдүйг ОХУ биш “Газпром” шийдэх гэж байна”, нөгөө хэсэг нь “Украйн улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронд хориод араар нь байгалийн хий болон нефтийн гэрээ хийж байгаа нь төлөвлөгөөний дагуу болж байна” гэсэн хоёр тайлбар өгч байна. Энэ нь зарим улстөр судлаачдын анхаарлын төвд яригдах болсон сэдэв болоод байгаа аж. Хэрэв үнэхээр ОХУ-ын Украйнтай хийх гэж буй шинэ гэрээ Ю.Тимошенкогийн шоронд байгаа шалтгаантай холбоотой бол олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад Украйн улсын нэрээ нууцалсан парламентын зарим гишүүн хандах болно гэдгээ мэдэгджээ.
“Газпром” нь “Белгазтранс”-ийн 50 гаруй хувийг эзэмшдэг бөгөөд Украйн руу хий дамжуулах шинэ гэрээнд Францын зүгээс хөндлөнгөөс оролцох болсон талаар “TheFrancenews” анхааруулжээ. “Газпром”-ын ерөнхий захирал Алексей Миллер, Украйн улсын Газрын тосны болон эрчим хүчний хэрэг эрхлэх газрын дарга Юрий Бойкотой уулзах үеэр “Манай хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна. Украйн ахан дүүстэй ийнхүү хамтрах болсондоо баяртай байна. Бидний санал болгосон хүсэлт яг л Белоруссийн системээр явагдах болно. Бид хуучин СССР-ын харъяа байсан орнуудтай дахин хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Шатахууны үнэ жилээс жилд өсөж, хүмүүсийн хэрэгцээ тэр чинээгээрээ ихсэж байна. Ямартай ч ирэх жилээс нийлүүлэлт хэвийн түвшинд хүрч эргэлтээс ашгаа хүртээд эхлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг хөндлөнгийн ажиглагч мэт хэвлэлийнхэн бичсэн нь асуудлыг хурцатгасан аж.
“Газпром”-ын хувьд Украйн улсын бие төлөөлөгчтэй сэмхэн уулзсан нь нэг талаасаа зарим нэг “Хардалт”-ийг үүсгэсэн байж магадгүй талаар ч хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж байв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев энэ сарын 31 гэхэд ямар ч байсан гэрээнд гарын үсэг зурсан байх болно гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Бид дахин урьдынх шиг таван жилийн хугацаатай гэрээнд эргэлт буцалт хийхээргүй, баталгаатай сайн гэрээ хийх хүсэлтэй байгааг хүлээж авна уу” хэмээн мэдэгджээ.
"Улс төрийн тойм" сонин