УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ 10.00 цагт нээлтээ хийлээ. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх олон чухал асуудал бий. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хууль зэрэг олон чухал төслүүдийг хэлэлцэхээр баталсан. Ялангуяа Улс төрийн намын тухай хууль намуудын дунд маргаан дагуулж буй. Анх 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж, 2005 онд шинэчлэн найруулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд улс төрийн орчин, иргэдийн үнэт зүйл, намуудын үйл ажиллагааны чиг хандлага гэх мэт олон зүйл өөрчлөгдөж байна.
Өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 27 нам байгаа ч сонгуульд өрсөлдөж, иргэдийн итгэл дааж парламентад засаг барьж байгаа нам тун цөөхөн байна. Бусад намууд нь Дээд шүүхэд бүртгэлтэй, сонгуулиас бусад жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй. Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл буурсан. Олон улсын болон дотоодын судалгаагаар нам бол авлигын нэгэн гол эх сурвалж гэж иргэд үзэж байна. Улс төрийн намуудын нэр хүнд ч унаж байгаа учраас намууд бодлогоор өрсөлддөг болох ёстой гэдгийг судлаачид онцолж буй. Хуулийн төсөл хаврын чуулганы халуун сэдвүүдийн нэг байх бололтой.
Түүнээс гадна сүүлийн хэдэн парламент дамжин яригдаж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Олон жил яригдсан энэ асуудал энэ удаагийн парламентын үед ажил хэрэг болж орж ирж, хэлэлцүүлэгдэж буй төсөл. Парламентад суудалгүй намуудын хувьд Үндсэн хуулийг нэг нам олонх байхдаа батлах нь буруу гэж шүүмжилж буй. Харин зарим судлаачдын зүгээс нэг нам үнэмлэхүй олонх байгаа дээрээ Үндсэн хуульдаа зөв өөрчлөлт оруулах ёстой гэж ч үзэж буй. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж хаврын чуулганаар хэлэлцэх бүх төслүүдийг хойшлуулж, Үндсэн хуулийн төслөөр өөр зүйл хэлэлцэхгүй байх дэгтэй. 65-ын бүлэгт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь бий. Гэхдээ энэ хаврын олон улстөржилт Үндсэн хууль хэлэлцүүлэхгүй байх, өөрчлөлт оруулахгүй байх магадлал өндөртэй.
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, захирамж гарсан. Хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
“Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Бусад
Ш.ЧИМЭГ