Улаан асрын зүүд (101-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (101-р бүлэг)

Улаан асрын зүүд (101-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Зуун нэгдүгээр бүлэг

ТӨГС ҮЗЭМЖИД ХҮРЭЭЛЭНД САРУУЛ ШӨНӨ ТӨӨРСӨН СҮНС ҮЗЭГДЭЖ, ЦАЦАГТ БОГДЫН СҮМД БУРХНЫ ШАВГА ЖИГТЭЙ ЁРЫГ ЗӨГНӨВ

Өгүүлэх нь: Фөн Жег гэртээ ирэхэд нь Жя Лянь ирээгүй байв. Тэрбээр ирүүтээ л Тань Чүний эдлэл хэрэгсэл, ачаа хөсгийг төхөөрч бэлтгүүлэхээр хүмүүст хуваарилан, үүрэг даалгавар өгөв. Үдшийн шар бүрий өнгөрөөгөөд Тань Чүньтэй уулзахаар Фөн Эрийг хоёр шивэгчний хамт дагуулаад нэгээр нь дэнлүү бариулан гарав. Сарны гэрэл арчсан толь мэт тунгалаг байсанд дэнлүү барьсан охиныг буцаагаад цайны гэрийн дэргэдүүр өнгөрч явтал тэр дотор хүмүүсийн уйлах, инээх сонсдон ямар нэг юм хэлэлцэх мэт чимээ гарч байв. Гэрийн зарц эмгэд ямар хэрэг өдөж байгаа гэж бодоод Фөн Же тааламжгүй болж Шяо Хунд, үл мэдэгч болон ороод нарийвчлан ажиж, үнэн учрыг нь мэдэж иргээд явуулав. Фөнн Же, Фөн Эр хоёрыг хүрээлэнгийн үүдэнд очиход хаалгыг түгжилгүй зүгээр л хамхисан байв. Тэр хоёр хаалгыг түлхээд орвол хүрээлэнгийн доторх сарны гэрэл гаднахаас илүү, газраар л нэг модны сүүдэр бүрхээд чимээ анир ч үгүй нь уйтгартай, жихүүн мэт санагдана. Тэндээс сэрүүн бүрээ очих замд ортол салхи сүр сархийн сэнгэнэтэл модны навч нахиа хашаагаар л нэг сэржигнэн хийсэж тэнд үүрлэж байсан хэрээ, болжморууд дэрхийн нисэв. Фөн Же архи балгасан тул салхинд бие нь гэнэт жихүүцэв. Ард нь яваа Фөн Эр ч агзайж: “Жихүүн байна “гэсэнд цаадах нь тэсэж ядсан янзтай “Хурдан хариад цагаан хэрмэн хамжаарыг аваад ир. Би Сань охины тэнд хүлээж байя гэв. Фөн Эр ч хувцас давхарлаж өмсөхсөн гэж бодож байсан болохоор уухайн тас “За” гээд л гүйв.

Фөн Же урагшаа хэд алхтал ар талд нь сүр сархийн шиншлэх чимээ гарах мэт санагдсанд оройны нь үс овосхийх шиг болов. Эргээд харвал, хоёр нүд нь зул мэт гэрэлтсэн хав хар юм хамраа сартайлган үнэртэж байв. Фөн Же айхдаа “Хаяя” гэж дуу алдтал нэг бүдүүн гарз нохой явж байв. Нохой хүн дуугарахаар зог туссанаа эргээд л шүхэр мэт сүүлээ чирэн гүйсээр хиймэл уул өөд өгсөв. Фөн Жегийн зүрх чичирч бие нь арзаганан явсаар санд мэнд л сэрүүн бүрээгийн үүдэнд хүрээд цааш явтал өмнө нь нэг хүний бараа бөртөлзөж харагдав. Фөн Же гайхан, нэг шивэгчин л байх гэж бодоод: “Хэн бэ” гэж хоёронтаа асуусан боловч хүн дуугарсангүй. Бас л айж ухаан алдах шахтал ард талд нь нэг хүн: “Авга бэргэн намайг танихгүй байна уу” гэж шивнэх шиг болов. Фөн Же яаран эргэж харвал, түүний дүр байдал гоо сайхан, хээнцэр ганган нь танил мэт санагдсан боловч хэний бэр болохыг санасангүй. Тэрбээр “Авга бэргэн та, эрхэм баян жаргал цэнгэлд шунасаар, тэр жил миний хэлсэн “Түмэн оны мөнхийн суурь тавих” явдлыг цөмийг нь салхины үзүүрт хийсгэжээ” гэв. Фөн Же юу билээ гэж толгойгоо базан бодсон боловч санаанд нь орсонгүй. Өнөөх хүн хүйтнээр инээж: “Авга бэргэн тэр үед намайг юу гэж бодож байснаа одоо болохоор есөн тэнгэрийн цаана явуулчихжээ” гэхэд нь л Жя Руны бие барсан гэргий Чинь авхайг сая санаж:

-Эвий хөөрхий, чи үхсэн байтлаа энд яагаа ирчихэв” гээд нэг нулиман эргээд явах гэтэл хэсэг чулуунд бүдэрч унаад, зүүднээсээ сэрсэн мэт болж хамаг хөлс нь асгарав. Оройны нь үс арзайн боссон боловч дотор нь харин сэргэсэн тул тэндээс ирж яваа хоёр шивэгчнээ олж харав. Фөн Же хүн харчих вэ гэж зовохдоо хурдан босоод “Та нар яасан удав? Наадахыг хурдан өмсгөөтөх гэсэнд Фөн Эр яаран өмсгөтөл Шяо Хун сугадаад урагш явах гэтэл Фөн Же,

-Тэд нар цөм унтжээ. Буцъя гээд гэр рүүгээ явав. Жя Лянь ч ирсэн байв. Түүний царай нэг л өөр болсон шиг санагдахаар нь Фөн Же асууя гэснээ занг нь мэдэх болохоор тэгсгээд унтав.

Үүрийн таван жингээр босоод Жя Лянь, Ордны дотоод хэргийг ерөнхийлөн захирч, бүгдийг хянагч тайган1 Чю Шыаний гэрт очиж учир явдлыг сураглахаар боссон боловч эрт байсан тул өчигдрийн ирсэн ордны хуулбар2 ширээн дээр байгааг хараад авч үзвэл, нэгдүгээр зүйл нь “Түшмэлийн зурагнаас бодруул айлтгаж ялгагч түшмэл-3 ийг сонгож, зарлигийг дагаж тогтсон дүрмээр хэрэглэх тухай. Хоёрдугаар зүйл нь “Шүүх зурагнаас өргөн дамжуулсан Юнь Наний бүгдийг дайчлагч түшмэл Ван Жунгийн нэгэн айлтгах бичиг: Хувь хүн гал, буу авч хил давах гэсэн учир нийт арван найман ялтан, толгойлогчийн нэгийн нь нэр Бао Инь, тайш түшээ гүн4 Жя Хуагийн гэрийн хүн” гэжээ. Жя Лянь жаахан бодож байснаа ахиад харвал, Гуравдугаар зүйл нь, Су Жөүгийн цагдагч түшмэл5 Ли Шяогийн нэгэн айлтгах бичиг. Гэрийн боолоо зоргоор нь тавьж, эрх сүрээр цэрэг ардыг доромжилсоор шударга эхнэрийг хүчирхийлж алж хорооход хүргэснийг буруушаан илчлэхүй учир, ялтны овог Ши, нэр Фү. Өөрийн хэлэхээр бол үе залгамжилсан гутгаар зэргийн тушаалтан Жя Фаний гэрийн хүнийг Жя Лянь үүнийг үзээд дотор нь баахан эвгүйцэж, цаашлаад үзье… гэтэл ингэж байгаад оройтчихвол Чю Шыаньтай уулзаж чадахгүй болж магадгүй гэж бодоод хувцсаа өмсөж хоол болохыг ч хүлээлгүй, хоёр балга цай очоод мориндоо мордов.

Энэ үед Фөн Же босоогүй байсан учир Пин Эр “Энэ шөнө найнай төдий л унтсангүй. Жаахан барьж дарж өгье. Унтаг” гэж бодоод очсонд цаадах нь дуугарсангүй. Санааг нь мэдээд Пин Эр ханзан дээр гарч зөөлхнөөр дарж нухаж өгөв. Фөн Жег сайхан зүүрмэглэтэл тэнд охин нь уйлах сонсогдов. Сэрээд, “Ли ма чи яаж байна. Унтаж л байна уу. Охиныг аргадаач. Даанч унтамхай юмаа” гэж хашгирсанд, цаадах нь зүүдэлж байснаа цочин сэрж, Пин Эрийн үгийг сонсоод тавгүйтэн, охиныг хэдэнтээ нударч аваад аман дотроо: “Энэ ч ёстой нэг насгүй ад чөтгөр байна. Эртхэн далд орохгүй, хар нүдээ нээмэгц эхээ ёрлон чарлаад” гэж дүдэгнэн, шүдээ хавираад охиныг нэг чимхэж авав. Охин чанга орилов. Фөн Же: “Охиныг минь зовоож байна. Чи очоод тэр хар сэтгэлт өлөгчнийг гайгүй сайн занчаад, охиныг минь аваад ир’ гэсэнд Пин Эр инээж: “Найнай уурлаж яах юм. Тэр яаж охиныг зовоож чадах вэ. Санаандгүй энд тэнд нь дарчихсан ч байж мэднэ. Одоо түүнийг хэд цохиод яамай. Маргааш тэд далдуур, шөнийн цагаар хүн барьж зодсон гээд л хэл амаа билүүднэ шүү дээ” гэв.

Фөн Же дуугүй болов. Тэгснээ, уртаар шүүрс алдаж:

-Би одоохондоо тэнхэл сайтай байна. Маргааш энэ бяцхан нүглийн үрийг орхиод үхвэл, чухам юу болохыг мэдэхгүй гэсэнд Пин Эр инээж:

-Найнай та юу хэлж байна. Үүр цүүрээр яана даа гэв. Фөн Же хүйтнээр инээж:

-Чи яаж мэднэ вэ? Би удахгүй болсноо багцаалдаж байгаа шүү. Хэдий хорин тавхан настай ч гэсэн хүний үзээгүйг үзэж, идээгүйг идэж амжсан. Бодвол эд агуурс, идээ ундааны хишгийг цөмийг хүртэж, хүний орчлонгийн байдаг бүхнийг гүйцээлээ. Өшөө хариугаа ч авсан. Омог дорвио ч үзүүлж чадсан. Гагцхүү ‘Насан хутаг’ баахан мөхөсдсөн ч бас яамай! гэсэнд Пин Эрийн нүдний зовхи улайв. Цаадах нь инээж:

-Чи одоо зовсон мэт жорлойх хэрэггүй. Би үхвэл та нарын баяр болно. Та нар эв санаа нэгдэж амар тавтай аж төртүгэй. Би байвал харин та нарын нүдний хог болно. Та нар харин миний сайныг бодож өнчин үрийг минь санаж явахыг захисугай гэснийг сонсоод Пин Эр асгаруулан уйлав. Фөн Же инээж:

-Эхийн чинь хар сүүж. Юм хэлээд л хүн дороо үхдэг юм уу. Намайг үхээгүй байхад чи нус нулимсаа чирэх хэрэггүй… гэсэнд Пин Эр уйлахаа болиод:

-Найнайгийн үг үнэхээр миний зүрхийг шимшрүүлж байна гээд энд тэнд нь дарж илж өгсөнд Фөн Же зүүрмэглэв. Пин Эрийг ханзнаас дөнгөж буутал гадаа хөлийн чимээ сонсдов. Жя Лянь хожиджээ. Өнөөх Чю Шыань эзний бараалхалд яваад уулзах нь өнгөрчээ. Буцаж ирээд дурамжхан байсан тул орж ирмэгц Пин Эрээс “Тэд бас босоогүй юү” гэсэнд цаадах нь: “Босоогүй” гэв. Жя Лянь орхиул шидсээр дотогш ирж хүйтнээр инээгээд: “Уухайс, өдий болтол босохгүй сайхан унтаж байна. Үнэхээр унтарсан галын урагш үгүй улсаа” гээд цай, ус авчир гэв. Эмгэд, шивэгчид, Жя Лянийг эрт гадагш гарахаар нь эргэн унтацгаагаад, ингээд эргээд ирнэ гэж бодоогүй учраас цай хийгээгүй байсан учир Пин Эр цочин сэрвэл бүх биеэс нь хүйтэн хөлс гарчээ. Харвал, Жя Лянь их ууртай сууж байв. Пин Эр аяганы хагархай түүнэ. “Фөн Же: “Чи яагаад эргээд ирэв” гэсэнд цаадах нь дуугарсангүй. Дахиад асуусанд Жя Лянь “Чи намайг гэрт ирүүлэхгүй гадаа үхүүлэх нь үү” гэж үг өдөв. Фэн Жэ инээж:

-Чи нэг явахаараа эрт ирдэггүй юм чинь би асуухад яадаг юм бэ. Өнөөдөр шиг ийм эрт ирдэггүй болохоор чинь сонирхсон юм. Уурлах нь юү вэ дээ гэсэнд Жя Лянь:

-Олж уулзаагүй юм чинь, эрт ирэхгүй яахав гэсэнд Фөн Же инээж:

-Өнөөдөр уулзаагүй бол маргааш л эрт очихгүй юү гэв. Жя Ляний уур гарахгүй байгаа бололтой:

-Би яасан ч, “Өөрийн будаагаа идээд, хүний тугалыг хариулахгүй” миний энд өдий их юм овоорч байхад хамжиж хавсрах хүн алга. Өчнөөн өдөр холбогдолгүй хүний ажилд хүзүүгээ сунгажээ. Чухам тэр хэрэгтэй хүн нь гэртээ үхэтлээ жаргаад хэнгэрэг цан түчигнүүлж, найр наадам бэлтгэж ойн баяр хийх гэж байна гэнэ. Би харин энд тэр насаа алдсаны өмнөөс борвио богштол гүйлээ… гэсээр хий нулимж, Пин Эрийг хараав. Фөн Же сонсоод цухалдан уурлаж: – юмны учир зүйг ялган хэлэлцэж бай гэснээ, уураа дарж ядан инээж:

-Юу гэж ийм их уурладаг юм бэ. Хар өглөөгүүр над руу бархирах юу вэ? Хэн чамайг хүний явдлыг хүлээж ав гэсэн юм бэ? Нэгэнт л хүлээж авсан бол аргалж байгаад бүтээж өгөх хэрэгтэй. Өөрөө зовлонтой байж найр наадам хийх завтай хүн байх уу гэсэнд Жя Лянь:

-Тийм бишээ, чи сүүлд тэр хүнээс асуугаарай гэв. Фөн Же гайхан

-Хэнээс асуух юм бэ? гэсэнд Жя Лянь:

-Ахаасаа асуугаарай гэв. Фөн Же:

-Тэр мөн юм уу? гэсэнд Жя Лянь:

-Тэр биш, өөр хэн байх юм гэв. Фөн Же:

-Тэр ямар учиртай болоод чамайг явуулж байгаа юм бэ гэв. Жя Лянь:

-Чи бас огт мэдэхгүй байгаа биз… гэсэнд Фөн Же:

-Үнэхээр жигтэй юм. Би юу ч сонсоогүй гэв. Жя Лянь:

-Энэ учрыг тайтай, И тайтай хүртэл мэдэхгүй байх тул чи яаж мэдэж болох вэ. Нэгд, тайтай нарыг сэтгэл зовохоос болгоомжилж, хоёрт, чи бас үргэлж бие муу гэж байсан тул би түүнийг гадна дараад дотогш мэдүүлээгүй юм. Энэ тухай яривал хүний уур үнэхээр хүрнэ. Чи сая асуугаагүй бол би бас чамд хэлье гэхгүй. Ах чинь хүн дүрстэй явж байна уу. Гадуур хүмүүс ахыг чинь юу гэж нэрлэж байна вэ. Чи мэддэггүй юү гэсэнд Фөн Же:

-Түүнийг юү гэж байна гэсэнд цаадах нь:

-Ван Рэнь гэдэг юм гэтэл Фэн Жэ инээд алдаад:

-Түүнийг чинь Ван Рэнь гэхгүй, хэн гэх юм бэ гэв.

-Чи тэр Ван Рэнийг гэж санаж байна уу. Өршөөл журам, ёслол мэргэн батыг мартсан өнөө Ван Рэнь /өршөөлийг мартагч/ байхгүйюү.

-Ямар хүн муу амалж хүнийг үгүй хийнэ вэ.

-Түүнийг үгүйсгэж байгаа юм биш. Одоо би чамд цөмийг хэлье. Чи бага ахынхаа сайныг мэдэж автугай. Ах чинь хоёрдугаар авгадаа насны баяр хийхээр байна.

-Эвий гэж, тийм үү. Би бас чамаас асуухаа мартаж. Хоёрдугаар авгын төрсөн өдөр нь өвөл байсан билүү. Жил бүр Бао Юй очдог байсан. Тэр удаа Лаоег дэвшихэд хоёрдугаар авгын тэндээс ший хүргүүлж ирсэнд би бас сэмхэн: “Хоёрдугаар авга их авгатай нийцэхгүй, их харамч бөгөөд гэр зуураа бас атаа жөтөө ихтэй. Саяхан их авга үгүй болоход дүү нь мөртөө хойтын явдалд нь гар бие оролцсонгүй” гэж хэлж байсан. Тийм ч учраас түүний насны баярыг тохиолдуулан бас түүнд ший хүргүүлбэл төрөл садны ёсыг алдагдуулахгүй болно гэсэн юм. Одоо харин ийм эрт насны баяр хийнэ гэх нь, бас ямар санаатайг мэдэхгүй.

-Чи зүүдэлж байна. Ах чинь нийслэлд ирмэгц их авгад чинь нэг буян үйлджээ. Биднийг хориглохоос айж маньд хэлэлгүйгээр үйлдээд хэдэн мянган лан мөнгөний буяны нэмэр олжээ. Хожим нь хоёрдугаар авга чинь насны баяр хийж өгөх нэрээр бас хэдэн зоос олж, авгын чинь уурыг дарах санаатай байна. Юуны төрөл төрөгсөд, өвөл зун, хүний мэдэх, мэдэхгүйг хамааралгүйгээр нүүрээ барж байна. Өнөөдөр чи намайг яагаад эрт боссоныг мэдэж байна уу. Одоо хилийн хэрэгт их авгын чинь хийсэн өрийг, нэгэнт эзэн нь нөгчсөн тул дүү Ван Зышөн болон ач хөвгүүн Ван Рэнийгээр төлүүлнэ хэмээн байцаагч түшмэл өргөдөл гаргажээ. Тийнхүү авга, ач хоёр сандраад намайг эрж хүн гуйлгана гэжээ. Би тэдний тэр мэт айж байхыг хараад, бас тайтай та хоёрт холбогдох тул хүлээж авсан юм. Тийнхүү би дотоод хэргийг ерөнхийлөн захирч бүгдийг хянагч тайган Чю Шыанийг олж түүгээр аргалуулан хойнох буюу өмнөх тушаалын аль нэгэнд нь шилжүүлээд өгөх болов уу гэж бодоод очсонд тэр нэгэнт ордон руу явчихжээ. Би хэв хэрэггүй эрт босож хов хоосон жаал шогшоод ирсэн байтал, тэд харин гэртээ найр наадам базааж байна. Энэ чинь хүний уур хүргэхгүй яахав.

Жя Лянийг ингэж хэлэхээр Фөн Же, Ван Рэний ингэж авирлаж байгааг мэдсэн боловч тэр бол төрөлхийн биеэ өмөөрдөг дийлэмтгий хүн тул… Тэр ямар ч байсан хадам ах чинь мөн бөгөөд энэ хэрэгт үхсэнээс их авга, амьдаас хоёрдугаар авга чамд талархана. Нэг талаар бас хэлээд байх явдал ч үгүй угтаа манай гэрийн явдал тул хүн хар зовоож, хараал идсэнд ч орохгүй, чамд уруулаа дэвсэж, гуйх л хэрэг болж дээ гэсээр нулимс унагаж, хөнжлөө яран босож суугаад, дээлээ нөмрөв. Жя Лянь:

-Чи ингэх хэрэг юү байна вэ. Би ахыг чинь хүн биш гэснээс биш, чамайг хэлээгүй. Тэр ч байтугай би гадагш гараад чиний биеийг хариугүй байхад тэд харин унтаад босохгүй юм. Манай дээдийн үед ийм ёсон байсан уу. Одоо чи харин юу ч хариуцахгүй сайн хүн болжээ. Намайг нэг л үг хэлмэгц чи үсрэн босно. Хожим би эдэнд уурлах болгонд чи өмөөрнө үү. Учир утгагүй аашилна… гэсэнд Фөн Же уйлахаа болиод:

-Өдий орой болсон тул босох цаг болжээ. Чи хэлсэнтэйгээ адилаар санаа тавьж тэдний явдлыг бүтээгээд өгвөл даруй чиний сэтгэл болно. Ганц миний төлөө ч биш, тайтай сонсвол баярлана гэсэнд Жя Лянь:

-Мэдэж байна. Аръяабалд маани заах хэрэггүй гэж үг байдаг юм… гэтэл Пин Эр:

-Энэ эрт босоод яахав. Найнай тогтоосон цагтаа л босдог шүү дээ. Та ч бас саваагүй уураа маньд гаргаж яана вэ. Найнай ч гэсэн таны өмнөөс шөрмөсөө сунгатал зүтгэсэн шүү. Хэдийд найнай өмнөөс чинь гүйгээгүй гэхэв. Би илүү үг хэлж байгаа юм биш. Та ч бас бэлэн юман дээр багагүй буусандаа. Одоо найнайд бага сага юм бүтээж өгвөл хэдэн давхар найр тал болох байтал үнэрхэж тунирхаад, хүний сэтгэлийг хөргөх хэрэг байна уу. Энэ чинь бас ганц найнайгийн явдал ч биш. Бид бол яахав, аль тийш нь авч хэлсэн ч боол болохоор орой бослоо гэж уурлах чинь зөв өө. Гэтэл найнай бол амь хайргүй зүтгэсээр байгаад өвчтэй болохоор ингэж хэлээд яана вэ гээд уйлагнав.

Жя Лянь хэдий цээж дүүрэн ууртай байсан ч эрхэт гэргий, энхрий шивэгчин хоёрынхоо энэ мэтийн хатуу үг, халуун уруулыг хэрхэн дааж чадах вэ. Тэгээд инээж:

-Болжээ болж. Тэр наддаа ганцаараа зөв байтал чи дэмжих нь юү чив. Аль ч талаар бодсон би бол илүүдэл хүн тул эртхэн далд орж өгвөл та нарын сэтгэл ханана… гэсэнд Фөн Же:

-Чи битгий ийм юм хэл. Хэн нь ямар болохыг хэн мэднэ. Чи далд орохгүй бол би далд орноо. Эрт далд орвол эрт сэтгэл амарна гээд уйлсанд Пин Эр аргадав.

Энэ хэр нэгэнт өдөр болсон тул Жя Лянь ийм тиймээ гэлгүй гарч одов. Фэн Жэ босоод угааж самнаж байтал Ван Фүрэний жижиг шивэгчин ирж: – Өнөөдөр Эл найнай таныг нагац даяагийнд очих, очихгүйг асуугтун гэж Тайтай хэлж байна. Фөн Же түрүүхэнд сонссон юмандаа зориг мохоод, төрхмийнхөө олиггүйд гомдоод байсны дээр бас өчигдөр орой хүрээлэнд айж цочоод үнэхээр урамгүй байсан тул тэр дороо: “Чи тайтайд ингэж хэл. Би хоёр юм хийх ёстой, түүнээ дуусаагүй байна. Өнөөдөр очиж чадахгүй. Тэрчлэн тэдний тэр бол гол зүйл ч биш. Бао Эр найнай очих юм бол өөрөө цуг оч” гэсэнд жижиг шивэгчин очиж хэлэхээр яаран явав.

Фөн Же гэзгээ самнан хувцас солих зуураа бодож байвал хэдий өөрөө очихгүй ч гэсэн бас нэг үг хэлүүлэхээр болов. Бао Чай бол шинэ бэр, анх удаа гэрээс гадагш гарах гэж байгаа тул очиж үзэх ёстой. Тиймээс Ван Фүрэньтэй уулзаж, нэг учир олж ийм тийм гэж хэлээд Бао Юйгийнд очив. Бао Юй хувцсаа өмсөөд ханз хажуулдаад Бао Чайг гэзгээ самнахыг хараад хүлээж байв. Фөн Же үүдэнд зогсож байтал Бао Чай хараад яаран босож суудалд урив. Бао Юй ч яаран босов. Фөн Же инээд алдан суув. Бао Чай Шө Юэд: “Та нар эл найнайгийн орж ирэхийг хараад, дуугарах ч үгүй юмаа” гэсэнд цаадах нь: “Эл найнай орж ирэхдээ, гараар сэжээд дуугаргаагүй юм” гэв. Фөн Же, Бао Юйд “Чи бас явахгүй юү хүлээж байна вэ. Өдий их хүн болчихоод, хүүхэд зангаа хаяхгүй. Хүн гэзгээ самнаж байхад хажуугаас нь хараад л, өдөр шөнөгүй нэг гэрт байж үзэж ханахгүй байна уу. Инж хүүхдийн шившиг биш үү” гэсээр хөхрөөд, бас шогшров. Цаадах нь төдий л тоосонгүй. Харин Бао Чай нүүрээ улайлган ичиж юм хэлж ч болохгүй, дуугүй байж ч болохгүй сандрав. Ши Рэнь цай авчрах далимаар тамхи барив. Фөн Же инээн босож аваад “Хоёрдугаар охин дүү чи манийг анхаарах хамаагүй, хурдан хувцсаа өмс” гэв. Бао Юй баахан эвгүйрхэж энэхэн тэрхнээр оролдож байтал Фөн Же: “Чи урьдаар очигтүн. Бүстэйчүүд, бүсгүйчүүдтэй хамт явах ёс хаана байх вэ” гэсэнд Бао Юй: “Би энэ дээлийг голоод байгаа. Тэр жил Луо тайтайгийн өгсөн “Алтан тогосын” дээлэнд хүрэхгүй ээ” гэв. Фөн Же: “Чи яагаад өмсөхгүй гэж” гэсэнд Бао Юй: “Арай эртэднэ” гэв. Фөн Же үг алдсандаа гэмшив. Золоор Бао Чай бол Ван овогтны садан билээ. Гагцхүү тэр шивэгчдийн өмнө хэлсэн нь эвгүй болжээ. Тэгтэл Ши Рэнь өлгөж аваад “Эл найнай харин мэдэхгүй байна. Өмсөж болохоор бодсон ч тэр өмсөхөө байсан юмаа” гэсэнд Фөн Же: “Энэ ямар учиртай юм бэ” гэв. Ши Рэнь:

-Эл найнайд учрыг нь хэлье. Манай энэ хүн бол үнэхээр орон дэлхийд байхгүй явдлыг үйлдэнэ. Тэр жил мөн хоёрдугаар нагац даяагийн насны баярын үеэр тэр дээлийг Луо тайтай өгсөн юм. Тэгтэл нэг хэсэгхэн газар нь шатаасан байна. Тэр үед миний ээж өвдсөн учир би хариад энд байгаагүй. Чин Вэнь охин дүү, өвчтэй байсан боловч шөнө турш сууж байгаад нөхөж өгчээ. Ноднин нэг хүйтэн өдөр сургуульд явахад нь би энэ дээлийг Бэй Мингээр явуулсанд энэ хүн дээлийг үзэнгүүт Чин Вэнийг санаад, түүнээс хойш өмсөөгүй байгаа юмаа. Намайг нэг насаараа хадгал гэсэн юм гэв. Фөн Же:

-Чин Вэнийг санахаас үнэхээр хайран. Тэр хүүхдийн төрсөн байдал гарын ур нь цөм сайн. Харин ам хэл нь баахан түргэн. Тайтай хэн нэг охины ховыг сонсоод зүв зүгээр байхад нь хайран амийг нь авчээ. Бас нэг учир нь, тэр өдөр би тогооны гэрт Лю эхнэрийн охин Ү Эр гэгчийг харвал яг Чин Вэнийг өвчсөн адил төржээ. Би түүнийг энд оруулж авчиръя гэж бодоод эхээс нь асуувал маш дуртай байлаа. Бао Эр Еэгийн гэрийн Шяо Хунийг би аваачсанаас хойш оронд нь хүн өгөөгүй тул түүнийг нэмж өгье гэсэн юм. Гэтэл Пин Эр, “Тайтай тэр өдөр тиймэрхүү цэвэрхэн төрсөн бүхнийг Бао Юйгийн гэрт оруулж болохгүй гэснээр би хойш тавьсан юм. Одоо Бао Юй нэгэнт гэргий авсан тул зовох учиргүй болжээ. Түүнийг оруулбал харин дээр болой. Бао Эр Еэ дуртай, дургүйг мэдэхгүй, Чин Вэнийг санавал түүнийг харж байхгүй юү гэв.

Гарах гэж байсан Бао Юй түүний үгийг сонсоод чагнан зогсчээ. Ши Рэнь: “Түүнийг авчрах дургүй байна уу. Уг нь хэдийн авчрах санаатай байсан юм. Харин тайтайгийн шийдвэр чанга учраас чадаагүй юмаа” гэсэнд Фөн Же:

-Тийм бол би маргааш оруулж авчиръя. Тайтайгийн тэндэх учрыг би мэдье гэсэнд Бао Юй их баярлаж Жя Мүгийнхаад явав. Энд Бао Чай хувцаслаж дуусав.

Фөн Же энэ эр эм хоёрын ийм янаг халууныг хараад Жя Ляний тэр ааш байдалтай харьцуулаад ихэд зовж сууж чадахгүй болоод босож Бао Чайн зүг инээсээр: “Хоёул тайтайгийн гэрт очъё” гээд гарч Жя Мүгийнд очиж мэндлэв. Бао Юй тэнд нагацындаа очно гэж Жя Мүд яриад сууж байв. Жя Мү:

-Оч, оч! Архи бага уугаарай! Эртхэн ирээрэй гэж захив. Бао Юй гарснаа эргэж ирээд Бао Чайгийн чихэнд хэдэн үг шивнэсэнд инээгээд:

-За тэгвэл чи хурдан очтугай… гээд Бао Юйг шаардан явуулав. Жя Мү, Фөн Же, Бао Чай тэднийг хэдэн үг сольж байтал гаднаас Чю Вэнь орж ирээд: “Эр найнааг залж байна. Эр Еэ, Бэй Минг буцааж үг хэлүүлжээ” гэв. Бао Чай: “Юугаа мартаад түүнийг явуулсан юм бол” гэсэнд цаадах нь: “Би Бэй Мингээс нэг шивэгчнээр асуулгасанд тэр: “Эр Еэ нэг үг мартжээ. Эр найнайд: “Очвол түргэн ир. Очихгүй бол битгий салхинд зогсоод бай” гэж хэлүүлжээ” гэв. Үүнийг сонссон бүх хүн хөхрөлдөв. Бао Чайгийн царай улайж, Чю Вэнийг харж хий нулимаад:

-Эргүү амьтан. Үүнийг сандран ирж хэлэх хэрэг юү байна вэ гэсэнд цаадах нь инээж гараад Бэй Минг хараав.

Жя Мү Бао Чайд: “Чи оч. Тэр зовоод тайван байж чадахгүй байгаа байх” гэсэнд ичиж, байх газраа олохгүй байтал Фөн Же бас шоолов.

Цацагт сүмийн чавганц Да Ляо ирж Жя Мүгийн амрыг эрээд Фөн Жетэй золгоод цай уув. Жя Мү түүнээс: “Ойрд яагаад ирсэнгүй вэ” гэж асуусанд чавганц: “Энэ хэдэн өдөр сүмд ном, буян үйлдээд, хэдэн өргөмжлөлт хатан үргэлж ирж очих тул зав гарсангүй. Өнөөдөр би, маргааш бас нэг буян номын учир бий. Их ахайтан та дуртай бол очиж сэтгэлээ сэргээхгүй юү гэж мэдүүлэхээр зориуд ирлээ” гэв. Жя Мү: “Ямар буян үйлдэх вэ” гэсэнд чавганц: “Дээр сард Ван Лаоегийн ордонд амар жимэргүй болж чөтгөр, сахиусан үзэгдээд тайтай бас шөнө нөгчсөн Лаоег олж үзжээ. Тийнхүү өчигдөр манай сүмд очиж над цацагт бодисадвагийн өмнө хүж барин амалж аливаа зуурдын сүнсний зүг мөрийг заах гүрмийг дөчин есөн хоног хийлгэж, гэр хотлоорыг амгуулж, нөгчсөнийг тэнгэрт дэвшүүлж амьдад буян эдлүүлтүгэй гэжээ. Тийнхүү би ирж Луо тайтайгийн амрыг эрж завдсангүй ээ” гэлээ.

Харин Фөн Же бол иймэрхүү яриаг сонсох ч дургүй цаад үзлийг нь жигшдэг боловч өчигдөр орой чөтгөр үзээд дотроо сэжигтэй болчихжээ. Өнөөдөр Да Ляогийн яриаг сонсоод угийн зангаасаа хагасыг нь орхиод жаахан итгэх сэтгэл төржээ. Тэгээд тэр чавганцаас:

-Энэ цацагт бодисадва гээч хэн юм бэ. Тэр яаж ад чөтгөрийг дарж чадаж байна вэ гэж асуусанд цаадах нь түүний асуултаас баахан итгэх санаа суусныг мэдээд:

-Найнай энэ бодьсүнг асууж байгаа бол би хэлж өгье. Энэ цацагт бодисадваагийн язгуур сурвалж бол нимгэнгүй. Увидас эрдэм ер биш, баруун тэнгэрийн их модот хүрээлэнд6 мэндэлжээ. Эцэг эх нь түлээ түүж амьдардаг байжээ. Тэр бодьсүн, тэргүүндээ гурван эвэртэй, дөрвөн нүдтэй, найман тохой биетэй, газар шүүрэм хоёр урт гартай төржээ. Эцэг эх нь түүнийг шулмас байх гэж бодоод мөсөн уулын ард хаяжээ. Энэ ууланд шидийг олсон нэг сармагчин байдаг байжээ. Хоол эрж яваад, бодьсүнгийн оройноос цагаан солонго татаж, барс, чоно үргэн зайлж байхыг харжээ. Тэгээд уг язгуур нь эгэл бишийг мэдээд агуйдаа аваачаад тэжээсэн байна. Тэр бодьсүн төрөлхийн цэцэн сэргэлэн бөгөөд даяаны ном мэддэг байв. Тэгээд өдөржин сармагчинтайгаа ном бясалган даяаны ёсыг хэлэлцэж, дээд тэнгэрээс цэцгийн хур буутал номолжээ. Тэндээ мянган жил болоод нисэн дэгджээ. Өдий болтол тэр ууланд ном бясалгасан газартаа хаяа бас цэцгийн хур буулгаж, мөргөсөн бүхэнд тусалж үе үе хувилгаан дүрээ харуулж, хүний гаслан зовлонг арилгана. Тэгээд ертөнцийн хүмүүс сүм барьж, бурхны хөрөг, баримал бүтээж түүндээ мөргөж шүтдэг болжээ гэж ярив. Фөн Же:

-Үүнд ямар баримт байна вэ гэж асуув. Чавганц:

-Найнай бас ч сүвэгчилж байна. Нэг бурханд ямар баримт байх вэ. Худал хэлье ч гэсэн нэг хоёр хүнийг мэхэлж чадахаас биш, эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэд хэнд мэхлэгдэх вэ. Найнаа бодоод үз. Эртнээс нааш бурхан шашны хүж зул тасарсангүйг бодвол, улсыг соёрхож, ардыг ивээн, ирд хувилгааныг илрүүлснээс л сая улс амьтан итгэн сүжиглэсэн байх даа гэв. Фөн Жед их үнэн шиг санагдав. Тэгээд:

-Тийм л бол би маргааш очиж үзье. Танай сүмд төлгө бий юү? Би нэг төлгө үзүүлье. Төлгөнд миний санасан зүйл гарвал би итгэнэ гэв. Сүмийн чавганц:

-Манай төлгө маш мэргэн. Маргааш найнай очоод төлгө үзүүлээд л мэднэ гэсэнд Жя Му

-Тийм бол нөгөөдрийн шинийн нэгнийг хүлээж байгаад очиж төлгө үзүүл гэв.

Тэд ийн ярилцаж, цай ууж, дараа нь Ван Фүрэньтэй уулзаж мэнд мэдээд явав. Шинийн нэгнийг яаран хүлээсээр Фөн Же унаа хөсөг бэлдүүлэн, Пин Эр хийгээд олон боол шивэгчин дагуулсаар цацагт бурхны сүмд хүрч очив. Да Ляо олон чавганц нарын хамт гарч ирж угтан оруулж цай барьсны дараа Фөн Же гараа угаагаад их дуганд орж хүж асаав. Фөн Же бурхдын хөргийг харсан ч үгүй гагцхүү сүжгээрээ залбиран мөргөөд, албин сүүдрийг үзсэн явдал ба бие нь өвдөх мэтийн явдлыг нэг зэрэг шившээд, төлөгний хонгиог аваад гурвантаа сэгсэртэл, түүнээс нэг саваа шурдхийтэл үсрэн гарч ирэв. Мөргөөд авч үзвэл, дээр нь “Гучин гуравдугаар талга. Дээдийн дээд эрхэм сайн” хэмээн бичжээ. Да Ляо яаран төлөгний дэвтрийг авч эргүүлж үзвэл “Ван ШиФөн магнаг өмсөж нутагтаа эгэв” гэжээ. Фөн Же энэ хэдэн үгийг хараад ихэд цочиж, сандран Да Ляогаас “Эртний хүнд бас Ван ШиФөн гэж байсан хэрэг үү” гэж асуусанд чавганц инээж:

-Найнай эрт эдүгээд нэвтэрсэн хүн байтлаа хань улсын Ван Шифөнгийн зэрэг эрсэн учрыг мэдэхгүй гэж үү гэв. Хажууд нь Жоу Рүйн эхнэр инээсээр:

-Урьд жил Ли ШяньЭр бас энэ нэг бүлэг үлгэрийг хэлж байлаа. Бид найнайгийн нэртэй адил гэж түүний хэлэхийг хориглож байсан билээ гэсэнд Фөн Же инээж:

-Нээрэн тийм шүү. Би мартчихжээ гээд цааш үзвэл бичсэн нь ийм ажээ.

Нутаг уснаасаа салан одож хорин жил болоод

Эдүгээ харин магнаг өмсөж нутагтаа эгжээ

Хээрийн цэцгийг зөгий цуглуулж бал боловсруулж гаргаад

Хэний төлөө зовж зүдэрч, хэнд амтлуулна вэ?

                                Явсан хүн ирнэ. Сураг чимээ хожимдоно

                                Зарга эвлэвэл зохино. Ургийг дахин хэлэлцэнэ… гэжээ.

Үзэж дуусаад ухааныг нь сайн олсонгүй. Да Ляо: “Энэ нэг саваа үнэхээр гайхалтай. Найнайд их баяр болов. Найнай багаас энэ газар өсөөд хэзээ Наньжинд харьж байсан бэ. Одоо Лаое гадны мужид томилогдсон тул өрх гэрээ ирж аваачих ч магадгүй. Энэ далимаар уг гэртээ харивал найнай даруй: “Магнаг өмсөж нутагтаа эгэх” бишүү гэсээр төлгөний бичгийг сийрүүлэн бичиж шивэгчинд өгөв. Фөн Же итгэж ядсаар байв. Да Ляо цав бэлтгэж авчирсанд Фөн Же ор төдий гар хүрээд, одоо буцъя гээд зул хүжийн мөнгийг өгөв. Да Ляо жаахан байлгах гэсэн боловч тэд яаран явцгаав. Фөн Же гэртээ ирж Жя Мү, Ван Фүрэнь нартай уулзаад төлгөний учрыг асуулцан хүнээр тайлуулсанд “Лаоед үнэхээр ийм санаа төрөөд бид нэг удаа очвол мөн сайн болой” гэж бүгдээр баярлалдав. Фөн Же хүмүүс цөмөөр ингэж хэлэхийг сонсоод итгэсэнгүй ажээ.

Бао Юй үдийн нойрноос сэрээд харвал Бао Чай алга байв. Хаачсаныг сураглаж байтал цаадах нь орж ирэв.

 

-Чи хаана очоод ингэж удав?

-Фөн Же эгчид нэг төлгө шинжиж өгөөд ирлээ.

-Ямар төлгө юм бэ?

Бао Чай төлөгний бичгийг уншиж өгөв. Тэгээд: “Гэрийн хүмүүс цөм сайн гэнэ. Миний бодохоор энэ “Магнаг өмсөж нутагтаа эгэв” гэсэн дөрвөн үгэнд учир байна. Хойч өдөр мэдсүгэй” гэсэнд Бао Юй: “Чиний сэжиг ихдэж, бурхны санааг дэмий л тайлжээ. “Магнаг өмсөж нутагтаа эгэв” гэгч дөрвөн үсэг бол эртнээс сайныг зөгнөсөөр иржээ. Чи харин яагаад үүний дотор учир байгааг мэдэв? Чинийхээр бол энэ “Магнаг өмсөж нутагтаа эгэв гэдэгт өөр тайлбар байна уу…” гэсэнд Бао Чай тайлбарлан хэлэх гэтэл Ван Фүрэнь шивэгчин илгээж: “Эл найнайг дуудаж байна” гэсэнд Бао Чай яаран явав. Ямар учир болсныг эс мэднэ.Дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Ордны дотоод хэргийг ерөнхийлөн захирч, бүгдийг хянагч тайган-Энэ бол зохиогч, зохиосон тушаал

2.Ордны хуулбар-Албан зурган буюу гадаах харуулын байцаагч түшмэдээс эзэнд айлтгасан өргөдөл, бодруулын зүйлийг хамаарагч түшмэл үзүүлэхээр хуулж сийрүүлэн тараасан товч мэдээ.

3.Ялгагч түшмэл-Зурганы доорх захиргааны түшмэл

4.Тайж түшээ гүн-Эртдээ, тайш, тайфү, тайфүгийн гурван гүн гэдэг байв. Тусгайлан хаанд туслах бас тайжийг зааж сургах ажлыг эрхэлдэг байв. Мин, Чингийн үе болоод хайрын зэрэг болжээ.

5.Цагдагч түшмэл-Эртдээ бол тусгайлан газар орныг байцааж явдаг түшмэлийг хэлдэг байв. Чингийн үед Жоуг мэдэгч ноёны хүндэтгэл болжээ.

6.Их модот хүрээлэн-Домгийн орон. Үүнийг “Улаан асрын зүүдний” бусад эхэд их модот гүрэн гэж бичсэн буй.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж