Сангийн яам УИХ-д дүнгээ тавиулахаар бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Сангийн яам УИХ-д дүнгээ тавиулахаар бэлтгэж байна

Сангийн яам УИХ-д дүнгээ тавиулахаар бэлтгэж байна

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юу байна” буланг хөтлөн хүргэдэг билээ. Бид энэ удаагийн булангаараа Монгол Улсын төсөв санхүүг барьж, зохицуулдаг Сангийн яамыг онцолж байна.


Татварын хуулиудын хэлэлцүүлэг дуусчээ

Засгийн газар тэр дундаа Сангийн яам Европын холбооноос сануулга авсны дараа татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж буй. Татварын багц хуулиудын хэлэлцүүлгийг төрийн байгууллагууд болон иргэд, хувийн хэвшил, эрдэмтдээр хэлэлцүүлж, хаврын чуулганаар эхний хуулийн төслүүдийг батлуулахаар зэхэж буй. Татварын багц хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг шинэчлэн найруулж, дагалдах хуулийн төслүүдийг боловсруулан санал авч, хэлэлцүүлгээ хийж дуусгасан. Одоо ажлын хэсэг ажиллаж, хуулийг УИХ-д өргөн барина. Татварын хуулиудыг багцаар нь шинэчилснээр аж ахуй нэгж, иргэдэд илүү их боломж олгож байгаа гэж хууль санаачлагчид үзэж буй. Хууль хэлэлцэж эхлэх үеэр УИХ-ын чуулганы босго давж эсэхийг хаврын чуулганаар тодорхой болох юм.

 Азийн хөгжлийн банкнаас 207 сая ам.долларын зээл авна

Азийн Хөгжлийн Банк /АХБ/-аас Монгол Улсын Засгийн газарт нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламж олгох гэрээнд өчигдөр /2018.04.04/ гарын үсэг зурсан. Энэ зээлийн мөнгийг Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олгож байгаа юм байна. Эдгээр төслүүд нь ард иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн АХБ-Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн үзэл баримтлалтай нийцсэн төслүүд юм байна.

Үүнээс агаарын чанарыг сайжруулах 130 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулахад дэмжлэг болгож байгаа аж. Харин боловсролын салбарт хэрэгжих төслөөр сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна. Төслийн хүрээнд 34 сургууль шинээр барих, өргөтгөх, 15 цэцэрлэгт элсэн суралцах 15 мянга гаруй хүүхэд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо. Түүнээс гадна гурав дахь төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэн тэдэнд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгой анхаарна. Энэхүү зээлийн төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас олгох хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлтэй хамтран хэрэгжүүлэх юм.

228 МЯНГАН ХҮҮХДЭД НЭМЖ САР БҮР 20 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО  

Хаврын чуулганы эхэнд “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өнгөрсөн оны үйл ажиллагаанд УИХ дүн тавина. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүг барьдаг яамны хувьд Сангийн яам үндсэн чиглэлээ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Өнгөрсөн онд эдийн засагт ямар өөрчлөлт, дэвшил гарсан бэ гэдэгт тэд дүнгээ тавиулна. Засгийн газар, Сангийн яамны зүгээс эдийн засаг өсөлттэй гарсан гэж үзэж нийт хүүхдүүдийн 80 хувьд 20 төгрөг олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нийт 200 гаруй мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгөө авах эрхтэй болж байгаа юм. Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд 164,2 тэрбум төгрөг олгож байсан. Нийт хүүхдүүдийн 80 хувьд олгохоор 684 мянга дээр 228 мянган хүүхэд нэмэгдэх юм байна. Энэ мөнгөнд нийт 41 тэрбум төгрөг нэмж төсөвлөх бөгөөд 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр санхүүжилтийг Сангийн яам зохицуулахаар болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж