"Стандартын ариун цэврийн байгууламжгүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцална"

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

"Стандартын ариун цэврийн байгууламжгүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцална"

"Стандартын ариун цэврийн байгууламжгүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцална"

Улаанбаатар хот урд хаяагаараа дэлхийн хамгийн эртний дархан цаазат Богдхан уултай айлсаж оршдог. Дархан газартаа нийслэлчүүд аялж амрах зориулалтаар ам болгонд нь шахуу хана дугуйлж, тоосго өрж төвхнөөд авсан. Ингэж эзэмшилтэй болгох нь байгаль орчноо хамгаалах, ашиглагч нь хамгаалагч байх нэг арга мөн. Гэхдээ нэг асуудал бий. Тэнд төвлөрсөн дэд бүтэц үгүй. Тиймээс бохироо дархан газрынхаа хөрсөнд чимээгүйхэн шингээгээд байх уу гэдэг нь шийдэл хүлээсэн асуулт.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн С.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-БОАЖЯ-ны  зүгээс тусгай хамгаалалттай газруудын дэд  бүтцийн асуудал дээр  ямар арга хэмжээ авч байна вэ?

-Яамнаас энэ асуудалд анхаарал хандуулж, эхнээсээ тодорхой шийдэл гаргаад явж байгаа. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 1-ээс эхлэн Тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргаад байсан. Өнөө маргаашгүй сайдын тушаал гарах гэж байгаа. Одоогоор гарын үсэг зурагдаад явж байна. Энэхүү тушаал гарснаар тусгай хамгаалалтын газар нутгуудад зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш нүхэн жорлонг ашиглахыг бүр мөсөн хориглож байгаа. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлонгууд гэсэн үг.

-Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг цаашид хэрхэн таслан зогсоох вэ?

Тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоохоор бид хууль, хүчний байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Тусгай хамгаалалтын газруудын ариун цэврийн байгууламжийн тооллого эхэлсэн гэж байсан. Судалгааны дүн гарсан болов уу?

-Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 33 тусгай хамгаалалтын газар байгаа. Тэгэхээр 33 хамгаалалтын захиргаад байна гэсэн үг. Гуравдугаар сарын эхээр бүх хамгаалалтын захиргаад руу тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглаж байгаа  иргэн, аж ахуй  нэгжүүдэд стандартын шаардлага хангаагүй  хичнээн  ариун цэврийн байгууламж байна вэ гэдэг тоо баримтыг гаргахаар албан бичиг хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр судалгааны  ерөнхий тойм гарсан байна. 4015  орчим стандартад нийцэхгүй буюу нүхэн жорлон байна.

-Ариун цэврийн байгууламжийн стандартын шаардлага хангасан хичнээн  аж ахуй нэгж, иргэн  байв?

-Ерөнхийдөө тойм судалгаанаас хараад байхад ихэвчлэн аж ахуй нэгжүүд ариун цэврийн байгууламжийн стандартыг хангаж байсан. Аж ахуй нэгж байгууллагууд стандарт мөрдөж байна гээд нүхэн жорлон ашиглах биш үүнээс илүү хичээнгүй байдлаар асуудалд хандах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нүхэн жорлонгийн долоон стандартад нийцсэн магадгүй тэрнээс ч илүү төвлөрсөн  шугам сүлжээнд холбогдох ч юм уу тийм байдлаар энэ асуудлыг шийдэж болно. Эхний ээлжид  ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлэх үүднээс аль аль  талдаа чирэгдэл багатайгаар энэ ажлыг зохион байгуулсан.

-Цаашдаа ямар арга  хэмжээ авах вэ?

-Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж эхлэх учиртай. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Стандартын ариун цэврийн байгууламж ашигласнаар ямар давуу талтай вэ?

-Стандарт бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон хөрсийг бохирдуулахаас гадна доошоо гүний усыг маш ихээр бохирдуулдаг. Гүний ус бохирдсоноор гэдэсний халдварт өвчин, үүсэх боломжтой. Нүхэн жорлон ашиглахыг бүрмөсөн хориглож байгаа шийдвэр нь олон давуу талтай. Монгол нутгийн тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн цэврийн байгууламжийг стандарттай болгосноор хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэж байгаа юм.

Стандартын ариун цэврийн байгууламж хэд хэдэн давуу талтай. Эдгээрээс хамгийн чухал нь хөрсний бохирдлоос сэргийлнэ. Нэг үгээр хэлбэл бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулдаг. Ийм стандартын ариун цэврийн байгууламжийн хэд хэдэн шийдэл байдаг. Тухайлбал,

  • Бохир хөрсөнд шингэхээс хамгаалсан доторлогоотой соруулдаг ариун цэврийн байгууламж
  • Өтгөн шингэнийг ялгаж салгаж хуурайшуулдаг технологи бас байна. Энэ нь өөрөө байгальд ээлтэй технологи юм.
  • Зөөврийн буюу шилжүүлэх ариун цэврийн байгууламж гэж байна.
  • Агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламж.

Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн хөрсний бохирдлоос хамгаалах ач холбогдолтой, орчин үеийн шинэлэг шийдэл юм.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж