ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард улиран сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа Турк улсаас эхлүүлжээ. Айлчлалаар хоёр улсын хооронд удаан хэлэлцсэн “S-400” алсын тусгалын пуужингийн системийг ОХУ-аас худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан юм. Умард Атлантын гэрээний байгууллагын “NATO” зүгээс болгоомжлол дагуулсан томоохон зэвсгийн наймааг хоёр орны албаныхан өнгөрсөн арванхоёрдугаар сард гарын үсэг зурах хэмжээнд хүргэж эцэслэн тохиролцоод байв. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр энэ айлчлал нь хоёр орны харилцаагаа эрчимжүүлсэн үр дүнтэй болсныг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган онцолжээ. Харин Владимир Путин пуужингийн системийг Анкарагийн хүсэлт тавьснаас илүү хурдан хугацаанд үйлдвэрлэн хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.
“S-400” нь ямар ч төрлийн нисэх онгоц, мөн нисдэг тэрэг, пуужинг нэг секундэд 4.8 км (буюу нэг цагт 17.000 км-ийн) хурдтай пуужингаар устгадаг хөдөлгөөнт систем юм. Энэ систем 400 км-ийн алсад 27 км өндөрт нисч буй байг устгах чадвартай гэнэ.
Түүнчлэн айлчлалын үеэр Оросын Росатом агентлагийн Турк улсад барьж буй анхны атомын цахилгаан станцын явцыг хэлэлцжээ. Газар дундын тэнгисийн эргийн ойролцоо Аккуюд атомын цахилгаан станц барих ажил эхэлж 2023 онд анхны цөмийн тогоог ажлуулахаар төлөвлөж байгаа аж. Турк улс 2023 онд байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тэмдэглэх юм. Энэхүү төсөл нь хоёр орны өсөн дэвжиж буй харилцааны бэлгэдэл гэдгийг Владимир Путин онцлов. Тус атомын цахилгаан станц нь ашиглалтад орсноор Турк улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах аж. Төслийн нийт өртөг 20 тэрбум ам.доллар гэж тооцсон байна.
Экс тагнуулыг хордуулсан хэргээс үүдэн ОХУ болон Барууны харилцаа муудсан энэ үед Турктэй хийх зэвсгийн наймаа анхаарал татаж байна. “NATO”-гийн гишүүн Турк улс нь Сирийн хойд хэсэгт курдуудын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа болон хүний эрхийн асуудлаас үүдэн Барууны холбоотнуудтай харилцаа таарамжгүй болж иржээ. Харин Турк болон ОХУ-ын харилцаа шашин болон өөр бусад ялгаатай байдлаас үүдэн дайсагнасан шинжтэй байсан ч бүс нутгийн байдал, олон улсын улс төрийн байдал өөрчлөгдсөнөөр илүү ойр харилцаатай болж иржээ. Одоогоос хоёр жилийн өмнө Туркийн арми Сирийн хойд хэсэгт Оросын байлдааны онгоцыг сөнөөснөөр хоёр орны харилцаа ээдрээтэй болж ирсэн ч асуудлыг даван гарч чаджээ. Өнгөрсөн жил Владимир Путин Туркийн ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож, олон улсын асуудлыг хэлэлцсэн байв. Хоёр орны тэргүүн Ираны ерөнхийлөгч Хассан Роуханыг оролцуулан Анкарад лхагва гаригт Сирийн асуудлыг хэлэлцжээ. Сири улсад долоон жил үргэлжилсэн иргэний дайн, зөрчил тэмцлийг зогсоохоор гурван улс хамтрах болсон билээ.