Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив | News.MN

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

  1. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Баба ахмад Жида

  2. Испанийн Вант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алберто Карнеро Фэрнандэз

  3. Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон

  4. Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бахтиёр Саидов нар Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс

Манай улс Холбооны Бүгд Найрамдах Нигери Улстай 1971 оны есдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон байна. 2013 оноос хойш Нью-Йорк дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар тус улсыг хавсран хариуцаж байна. Нигери Улс нь Сахарын цөлийн өмнөд хэсгийн бүс нутаг дахь хамгийн том эдийн засаг бөгөөд газрын тосны экспортоор дэлхийд дээгүүр жагсдаг юм.

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Баба ахмад Жида “46 жилийн өмнө манай хоёр улс дипломат харилцаа тогтоож байсан. Нигер бол Африктаа хамгийн том, дэлхийд зургадугаарт ордог газрын тос олборлогч орон юм. Иймд манай хоёр улс баялгийн засаглалын асуудлаар хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Манай улсын дэд Ерөнхийлөгч 2013 онд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлаар Монгол Улсад ирсэн. Энэ үедээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн улсдаа урьсан. Боломжтой үедээ манай улсад хүрэлцэн ирээрэй” хэмээн урьлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Нигери улс газрын тосны экспортоороо дэлхийд дээгүүрт ордог. Энэ талын туршлага солилцохдоо таатай байх болно” гээд ажлын амжилт хүсэв.

Испанийн Вант Улс

Манай хоёр улс 1977 оны долдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоожээ. Манай улс Парис дахь Элчин сайдын яамнаас Испанид хавсран суудаг бол Испани Улс 1996 оноос Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан манай улсад хавсран сууж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Алберто Карнеро Фэрнандэзэд хандан “Би Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа танай улсад айлчилж, хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг испани мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байсан. Тухайн үед Монгол Улсад 10 сая орчим арьс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлтгэж, танай улсын технологийг ашиглан арьс боловсруулж, худалдах чиглэлийн төсөл боловсруулсан” гээд энэ асуудалд анхаарахын ялдамд хоёр орны худалдааг нэмэгдүүлэх боломж эрэлхийлж ажиллахыг хүсэв.

Харин Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Алберто Карнеро Фэрнандэз “Биднийг найрсаг, дотноор угтаж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Би өөрийн зүгээс эдийн засаг, худалдааг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно. Энэ чиглэлээр хэд, хэдэн сайдтай уулзаж, санал солилцсон. Испанийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Таны саналыг хүлээн авахад бид бэлэн байгаа” гэлээ.

Исланд Улс

Монгол Улс тус улстай 1974 оны зургадугаар сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон байна. Монгол Улс Их Британ Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас, Исланд Улс БНХАУ-аас манай улсыг тус, тус хавсран суудаг. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай тус улс Рейкьявикт байрладаг НҮБ-ын салбар их сургуульд газрын гүний халуун ус судлалын чиглэлээр манай мэргэжилтнүүдийг өөрийн зардлаар бэлтгэж иржээ.

Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон “Исланд улс халуун рашаан буюу газрын хэвлийн дулааны эрчим хүч олборлох тал дээр 100 гаруй жилийн туршлагатай. Миний бодлоор энэ Монгол Исландын хамтын ажиллагааны хамгийн сонирхолтой салбар байж болох юм. Энэ талын төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байгаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би танай улсыг халуун рашаанаараа алдартай, энэ талын менежмент сайтай гэдгийг мэднэ. Монгол Улсад 40-98 хэмийн халуун, 300 орчим халуун рашаан байдаг. Гэвч, бидэнд халуун рашаанаа ашиглах хангалттай хэмжээний менежмент байхгүй” гээд тус улсын туршлагаас судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах санаачилга гаргаж ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Хариуд нь, Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Гуннар Снорри Гуннарсон “НҮБ-ын салбар их сургуульд газрын гүний халуун ус судлалын чиглэлээр 12 Монгол оюутан Исландад суралцаж төгссөн” гээд Төрийн тэргүүний хамтран ажиллах саналыг талархан хүлээн авч байгаагаа хэлэв.

Бүгд Найрамдах Узбекистан Улс

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Элчин сайд Бахтиёр Саидов Итгэмжлэх жуух бичгээ барьсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Узбекистан улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний гэр бүл, Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа. Түүнчлэн Элчин сайд Бахтиёр хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц бололцоо их байгааг онцлоод, улам сайжруулахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Монголоос боловсруулсан болон боловсруулаагүй махан бүтээгдэхүүн импортолж, өөрийн улсаас хатаасан жимс болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсноор манай хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаас худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх саналаа ажил хэрэг болгохыг хүсээд, ноён Бахтиёр Саидовд ажлын амжилт хүсэв.

Эх сурвалж: president.mn

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-04 202.131.243.162

Монгол ялна багийн ориг төвд гаралтай жанхуу та өөрөө өөртөө эмгэнэл зарлаж нэн даруй огцорно уу!!! Учир нь сонгуульд амласан амлалтаа огт биелүүлэхгүйгээр барахгүй хүргэн ах руугаа хэт пялдагдаж, сонгуулийн амлтаасаа ухарч бүр мурих тактик руу орсон байгаа тул өөрийн амласны дагуу сайн дураараа огцрохыг шаардаж байна!!!

Avatar

Зочин 2018-04-04 202.131.247.58

Манайх хэзээ Испанийн Мадридад ЭСЯ-аа нээх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж