Прокурорууд хүний эрхийн чиглэлээр суралцана

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Прокурорууд хүний эрхийн чиглэлээр суралцана

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт өчигдөр “Улсын ерөнхий прокурорын газрын гадаад орнуудтай харилцаж буй харилцаанд гарсан дэвшил болоод олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч ажилласан тухайгаа мэдээлэхээс гадна, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна” гэсэн хурлын зарыг хэвлэлийхэнд хүргэсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтоос зарим асуултанд хариулт авлаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт:ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ХАРИУЦСАН ХҮНЭЭС НЬ АСУУ


-Прокурор алдаа гарган буруу шийдвэр гаргадагтай  холбоотой санал гомдол их ирдэг болсон гэж байна. Тэгэхээр алдаа гаргасан прокурорт ямар арга хэмжээ авдаг вэ?

-Прокурор алдаа гарган буруу шийд­вэр гаргасан тохиолдолд тухайн прокурорт тодорхой арга хэмжээ авна гэсэн тийм юм байдаг­гүй байсан. Харин саяхан гаргасан Ерөнхий прокурорын тушаал, жур­маар бол тухайн ажилтан алдаа гаргавал албан тушаал бууруулах, ажлаас халах хүртэлх   арга хэмжээ авдаг болсон.

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөн­дөгдсөн. Энэ асуудал дээр прокурорын байгууллага ямар байр суурьтай байна. Аль шатны арга хэмжээ авч байгаа тухайд?

-Бид энэ талаар мэдээлэл өгөх боломж байхгүй. Өнөөдөр сургал­тын талаар мэдээлэл өгөх учиртай.

-Прокуроруудыг сургалтад суул­гах, түүнээс гадна мөрдөн байцаах явцад хяналт тавьдаг болгосноор хэргийг сунжруулахгүй шийдвэрлэдэг болж байгаа гэж ярьж байна. Тэгвэл ОБЕГ-ын дарга асан П.Дашийн хэрэг удаашралттай байгаа шалтгаан нь юу юм бол?

-Бид үүнд хариулт өгөх боломж­гүй. Эрүүгийн хэргийн талаар хариуцсан хүнээс нь асуу.

-Та сүүлийн үед  олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдэд авч байгаа арга хэмжээний талаар сэтгүүлчдийн асуултад хариулна гэсэн байсан?

-Би сургалтын талаар л мэдээлэл өгөх төлөвлөгөөтэй байсан. Тэр­нийхээ дагуу л явж байна. Энэ бол  ташаа мэдээлэл байна.

-Сургалт хэзээ эхлэх вэ. Аль аймгийн прокурорын байгуул­лагатай хамтарч, ямар сэдвийн дор зохион байгуулж байгаа вэ?

-Дархан, Сэлэнгэ, Булган аймгуу­дын шүүх, прокуроруудтай хамтран энэ сарын 19-ны өдөр “Хүний эрхийг мөрдөн байцаах шатанд болон яллахад хэрхэн хамгаалах вэ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа. Өмнө нь энэ сургалтыг Дорноговь, Дундговь зэрэг говийн аймгуудаар зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй байсан.

-Сургалтанд нийт хэдэн про­курор хамрагдаж байна?

-Энэхүү сургалтад дээрх аймгуу­даас нийт 57 прокурор хам­раг­дана. Гэхдээ одоогоор зарим прокурорууд амарсан байгаа болохоор нийт 40 гаруй хүн хамрагдах байх. 

-Сургалт зохион байгуулах нь хэр үр дүнтэй байгаа талаар?

-Өмнө нь прокурорын байгуул­лагад хүний эрх ховор яригддаг байсан. Тийм болохоор  иргэдээс прокурорын байгууллагын талаар гомдол  их ирэх болсон тул сургалт зохион байгуулснаар прокурорууд хүний эрхийг дээд­лэн ажиллахад суралцах юм. Хөтөлбөрийн бас нэг шинэлэг тал нь хүний эр­хийг хамгаалах, мөн хяналтын шатанд хэрэг удааширдаг зэргээс болоод прокурор мөрдөн байцаах явцад хяналт тавихаар болсон. Мөн Сургалтанд АНУ-ын Техас мужийн шүүхийн шүүгч Эд Винфри багшилж байгаа нь их ач холбогдолтой юм. Хоёр орны мэргэжлийн талаарх санал бодлоо солилцож туршлага судалж байгаа.

Д.Мөнхгэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж