Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж, шинэ тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдсон юм. Мөн энэхүү хурлаар Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр баталсан билээ.
Өнөөдөр Бөхийн өргөөнд шинээр томилогдсон Цэцдийн зөвлөлийн хурал болж байна. Хурлын эхэнд Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ албан ёсоор тамгаа хүлээж авлаа.
Тэрбээр хурлын эхэнд дараах үгийг хэлсэн юм.
“Өнөөдөр “Их Эе” хурлын төлөөлөгчдийн итгэлийг хүлээж, эрх барих байгууллага болох Цэцдийн зөвлөлд багтан ажиллахаар болсон бөхчүүд, төлөөлөгчид та бүхэн хатуу ухамсарлаж байгаа. Санхүүгийн тайлан, аудит, бусад тооллого зэрэг энэ бүх зүйл ил тод байж, хууль дүрмийн дагуу явж ирсэн гэдгийг бид мэдэж байна. Өнөөдөр гол зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Холбооны дүрмээр цаашид гол үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал авч явна. Бөхийн холбооны тэргүүний хувиар миний бие Төрийн бус байгууллагын хууль болоод Бөхийн холбооны наймдугаар “Их Эе”-ээр баталсан дүрмийн дагуу Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллана. Ингэхдээ санхүүгийн хяналтын албатай тооллого хийж, цаашид хариуцлагатай авч явна. Жил тутам ажлын тайланг гаргаж, мэдээлж байх болно. Санхүүгийн болоод бусад бүх үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй байх болно. Цаашид бүх ажил хариуцлагатай, нээлттэй явна. Ардчилал нийгмийн харилцаанд Төрийн бус байгууллага яаж ажилладаг, энэ жишгийг Бөхийн хамт олон бий болгосон. Бид дөрвөн жилийн дараа дараагийн багтаа өнөөдрийн зарчмаар ажлаа хүлээлгэж өгнө. Монгол бөхийн үйл хэргийн төлөө оюун сэтгэл, хичээл зүтгэлээ дайчлан өдий зэрэгт хүргэсэн Бөхийн холбооны анхны тэргүүн Р.Нямдорж гуай, үе үеийн тэргүүлэгчид та бүхэнд Цэцдийн зөвлөлийн нийт гишүүд, бөхчүүдийн өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе.’ гэсэн юм.
БӨХИЙН ХОЛБООНЫ ДЭД ТЭРГҮҮНЭЭР УЛСЫН ЗААН Ц.МАГАЛЖАВЫГ СОНГОЛОО
Цэцдийн зөвлөлийн өнөөдрийн хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч 13 гишүүнийг сонгоно. Гүйцэтгэх захирлыг холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ сонгож, Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах юм.
Цэцдийн зөвлөлийн хурлаар дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо. Түүнийг нэрийг тэргүүн Б.Бат-Эрдэнэ санал болгож, олонхын саналаар зөвшөөрчээ. Шинэчилсэн дүрмээр холбооны дэд тэргүүн орон тооны бус байна гэж заасан юм.
Гишүүдээ дэд тэргүүнд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нэрийг дэвшүүлсэн боловч тэрбээр нэрээ татсан байна.
Мөн түүнчлэн Цэцдийн зөвлөлийн даргаар дархан аварга Г.Өсөхбаярыг сонгосон байна.
Цэцдийн зөвлөлийн хурлаар ярилцах нэг асуудал бол бөхийн барилдааны давааны асуудал юм. Барилдааны шүүлтэд камерын бичлэг ашиглах, хөлийн цэц засуулуудыг илүү хариуцлагатай ажиллуулах, өндөр цолтой бөхчүүдийн барилдааны идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Иргэдийн зүгээс шүүлттэй холбоотой асуудалд илүү их анхаарал хандуулж, олон бөхчүүд хохирч байгааг удаа дараа сануулсаар байгаа. Мөн бөхийн барилдааны тасалбарыг онлайнаар худалдаалах уу, барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэх нь зөв үү зэрэг олон асуудлууд өнөөдрийн хурлаар шийдэгдэх юм.
Бөхийн өргөөнд болж буй Цэцдийн зөвлөлийн хурал энэ цагт үргэлжилж байна. Уг хурлыг ТВ5 телевиз шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд мэдээллийг эргэн мэдээлнэ.
НЭМЭЛТ: (21:30)
Монголын Үндэсний бөхийн холбоны гүйцэтгэх захиралаар улсын заан Болдын Сайнбаяр сонгогдлоо. Тэрбээр Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат юм.