БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн ажилтай танилцлаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Пак Жү Сөн-ий урилгаар 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийсэн УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ дахь Монгол Улсын НХХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн  үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, БНСУ-д оршин сууж буй иргэдэд Монгол Улсын нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх зорилгоор байгуулагджээ. Тус төвөөс гаргасан судалгаагаар БНСУ-д 46000 гаруй монгол иргэд ажиллаж, амьдарч байгаагаас хөдөлмөрийн гэрээтэй 6700, богино хугацааны аялалын визтэй 21500, суралцаж буй 7900, тусгай мэргэшилтэй 190, байнгын оршин суух 600, солонгос хүнтэй гэр бүл болсон 1700 гаруй иргэд байдаг байна.

Тус төв нь 2007-2018 оны хооронд БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй 23,800 гаруй монгол иргэдийг Монгол Улсын нийгмийн даатгалд хамруулсан ба дээрх хугацаанд Нийгмийн даатгалын санд 20 тэрбум 500 сая гаруй төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Төвийн ажилтнуудын мэдээлснээр БНСУ-ын Монгол Улсаас ажиллах хүч авах квот жил бүр багасаж, 2013 онд 3900 байсан бол 2018 онд энэ тоо 2100 болон буурчээ. Үүнд хууль бус хөдөлмөр эрхлэлтийн асуудал ихээр нөлөөлдөг байна. Ажиллах хүч авах квот буурч байгаа ч гэсэн Монгол Улсаас хөдөлмөр эрхлэхээр БНСУ-ыг зорих иргэдийн тоо уг квотод хүрдэггүй байна. Монгол гэрээт ажилчид тогтвор сууршилтай ажилладаггүй, ажлын байр их солих, гэмт хэрэгт холбогдох зэргээр сахилга бат муу байдаг зэргээс шалтгаалан ажил олгогч нар хөдөлмөрийн биржээс монгол ажилтнуудыг сонгохгүй байна. Иймд, квот өндөр байгаад ч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байх асуудал үүсч байна.  

Иймд, хөдөлмөрийн гэрээт ажилчдад зориулж БНСУ-ын хөдөлмөрийн харилцаатай холбоотой холбогдох хууль тогтоомжийг таниулах, монгол иргэдийг БНСУ-д зорчихын өмнөх болон дараах сургалтыг чанаржуулах, тэдэнд Солонгос орны талаар бодит ойлголт өгөх, солонгосын иргэд ажиллах боломжгүй хөдөлмөрийн хүнд орчинд (3D нөхцөл буюу difficult, dirty and dangerous) ажиллана гэдгийг ойлгуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу эрхээ эдлэхийн сацуу үүргээ биелүүлэхийн чухлыг ухамсарлуулах хэрэгтэй гэдгийг төвийн ажилтнууд онцолж байлаа. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа иргэдийг хугацаанд нь нутаг буцаах хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх, тогтвор сууршилтай сайн ажиллаад нутаг буцаж буй иргэдэд бизнесийн хөнгөлөлттэй зээл олгож, жижиг дунд бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, орон сууцны зээлэнд хамруулах зэргээр      Монгол Улсын Засгийн газраас бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байгааг төвийн ажилтнууд УИХ-ын төлөөлөгчдөд хэллээ.  БНСУ руу хөдөлмөр эрхлэхээр явах сонирхолтой монгол иргэдийн тоо нэмэгдэж, Улаанбаатарт хөдөлмөрийн биржийн үүдэнд ачаалал, бөглөрөл үүсч байна. Иргэд бүртгүүлэх, шалгалт өгөхдөө тодорхой хэмжээний мөнгөн хураамж төлж, цаг хугацаа зарцуулж байна. Энэ нь эргээд хүлээлт, бухимдал, ар гэрт нь санхүүгийн хүндрэл учруулж байна. БНСУ руу ажиллах хүч илгээхдээ эрэлт хэрэгцээний судалгаанд үндэслэн, тус улсын хэл, соёл, хууль дүрмийн талаар тодорхой мэдлэг, мэдээллийг иргэдэд өгөх зэрэг асуудалд анхаарал хандуулж, уг асуудлыг төр засгийн хэмжээнд бодлогоор зохицуулах шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.      

Мөн БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээрээс Монгол ажилчдыг сонгоход манай Элчин сайдын яамны зүгээс БНСУ-ын ажил олгогч иргэдтэй нягт хамтран ажиллаж, тэдэнд бодитой зөв мэдээлэл өгөх, Монголоос ажилчид сонгохын давуу, сайн эерэг талуудыг ойлгуулах, тэнд ажиллаж байгаа Монгол ажилчдынхаа эрхийн зөрчлийг хамгаалах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг зөвлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж