Дизель түлшний ОАТ-ыг тэглэх санал оруулна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Дизель түлшний ОАТ-ыг тэглэх санал оруулна

Дизель түлшний ОАТ-ыг тэглэх санал оруулна

“Газар тариалангийн тогтвортой хөгжил 2018” улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.04.04/ Төрийн ордонд боллоо. Улсын зөвлөгөөнд 21 аймгийн газар тариалан эрхлэгчид болон салбарын сайд нь оролцлоо.  Өнөөдөр тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1400, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж,  тэдгээрт 60 мянган тариаланч, ногоочид ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалан эрхэлж буй аж.  2018 онд 513,2 мянган га талбайд тариалалт хийж, 538,4 мянган тонн үр тариа хурааж авахаар төлөвлөсөн. Тариалан эрхлэгчдэд тариалалт хийхэд дизель түлшний үнэ өндөр, хөрсний хуурайшилт, хөрсөө бордоодох зэрэг асуудал тулгамддаг юм байна. Мөн цаг агаарын давагдашгүй хүчин зүйл нөлөөлж, ургац алдах тохиолдолд төрөөс тодорхой дэмжлэгүүд хэрэгтэй байгааг тариаланчид хөндлөө.

Өнгөрсөн онд гантай байснаас тариаланчид ургац алдаж, төлөвлөсөн хэмжээнд ургац хурааж авч чадаагүй. Энэ жилийн хувьд усалгаатай газар тариаланг нэмэгдүүлж, нийт тариалангийн талбайн 80 хувьд хүргэх зорилтыг салбарын яам нь тавьсан байна. Ингэснээр нэг га талбайгаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэх боломжтой аж. Мөн  400 гаруй мянган га талбайд тариалалт хийж, 530 мянган тонн үр тариа, 170 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо ургац хураан авахаар төлөвлөжээ.  Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас ой угтсан “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг батлан гаргажээ.  Бүтээлч ажлын төлөвлөгөөнд  тусгагдсан 19 үйл ажиллагааг яам, аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж бүр өөр өөрийн онцлогийг тусгасан дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж батлан хэрэгжилтийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт шийдэгддэггүй олон тулгамдсан асуудал байдаг. Энэ жилээс ойн зурвасаа татах, газар тариалангийн талбайг хашаажуулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байгаа юм байна.

Улсын зөвлөгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос газар тариалангийн салбарт хийгдэх ажлуудын талаар тодруулсан юм.

-Тариаланчдын зүгээс улаанбуудайн үнийг тогтвортой байлгах саналууд олонтаа гарлаа. Улаанбуудайн үнийг тогтвортой барих боломжтой юу?

-Цаг агаарын үзэгдэл хамгийн нөлөөлдөг салбар бол газар тариалангийн салбар. Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой үйлдвэрлэл явуулдаг болгох зорилт тавьж байна. Улаанбуудайн ургац хураалтын үеэр тодорхой болно.

-Импортоор үрийн улаанбуудай авахаар болсон. Энэ асуудал яаж шийдэгдэж байна вэ?

-Ургац алдсантай холбоотойгоор энэ жил 60 мянган тонн үрийн улаанбуудай шаардлагатай. Тариаланчид 24 мянган тонныг бэлдсэн. Харин Тариалан эрхлэгчдийг дэмжих сан дээр 30 гаруй мянган үр байна. Үүн дээр нэмээд 480 орчим элит үрийн буудай импортоор авна. Тариаланчдадаа дэмжлэг болгож тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 30 хувийн хөнгөлөлттэй үрийн буудай олгох шийдвэр гаргасан.

-Газар тариалангийн бүсийн хөрсний усалгаа, хамгаалалт муу байдаг. Энэ нь малчид, тариаланчдын дунд багагүй маргаан үүсгэдэг. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг тариаланчид хэлж байх шиг байна?

-Хөрс хамгаалах асуудлыг олон жил ярьж байгаа ч тодорхой үр дүнгүй байсаар байна. Тариалалт хийгээд ургац аваад байдаг ч хөрсөө хамгаалах асуудал орхигддог. Салбарын яамнаас ойн зурвас татах, тариалалтын талбайг хашаажуулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

-Дизель түлшний үнэ газар тариалангийн салбарт шууд нөлөөлдөг. Тариаланчид түлшээ хямд үнээр авах боломж бий юу?

-Энэ жилийн тариалалт, ургац хураалтад 22 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа. Тариалалтад 7,8 мянган тонн дизель түлш шаардлагатай байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэглэх саналыг оруулна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж