С.Баярт хүрэх “шат” хэтэрхий үнэтэй биш үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

С.Баярт хүрэх “шат” хэтэрхий үнэтэй биш үү?

С.Баярт хүрэх “шат” хэтэрхий үнэтэй биш үү?

Оюутолгойн гэрээг Д.Дамба-Очир нар шалгаж, “гэрээчид”-ийг нь Х.Энхжаргал даргатай Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгах цаг иржээ. Оюутолгойн гэрээн дотроо “Дубайн гэрээний хэрэг” гэж бий. Гол агуулга нь далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд яарч 4.2 тэрбум ам.долларын хөрөнгийг 14 банкнаас босгох” тухай юм. Гэрээнд гарын үсэг зурах шийдвэрийг нь тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргасан тул АТГ-т дуудагдаад байгаа. Гарцаагүй тэр гэрээнд гарын үсэг зурсан нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан байсан тул Оюутолгойн тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан Сангийн сайд асан С.Баярцогтын хамт нэг сарын хугацаагаар хоригдох болов. Энэ Монголын эдийн засагт гэрэл асаасан Оюутолгойн гэрээ, “цусны эргэлт нь саарахад тэлж өгсөн” Дубайн гэрээ хэдэн хүнийг яллах бол. Учир нь үр дүнг нь хэтэрхий олуулаа хүртсэн. Бид бүгдээрээ АНУ-д хаустай, Сингапурт хувийн эдлэнтэй болж, чөлөөт цагаараа Чилид загасчилж чадаагүй нь үнэн. Гэхдээ олон монгол хүн, үндэсний үйлдвэрлэгчид ажлын байртай болж, дэлхийд Монгол гэж хөрсөндөө баялагтай орон байдгийг мэдэж, сонирхож, хөрөнгө оруулж эхэлсэн нь ч үнэн.

Одоо асуудлыг өөрөөр харцгаая. Яагаад зөвхөн М.Энхсайхан, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хорьж Ч.Сайханбилэгийг дуудав. Тэр тусмаа АТГ? Энэ бүхэн АТГ-ын даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөнтэй холбоотой юу. Яагаад С.Баяр, Ц.Нямдорж, Д.Зоригт нарт Оюутолгойн гэрээ хамаагүй вэ?

С.Баярцогт “Би 2009 оны долдугаар сарын 21-нд Оюутолгойтой анх холбогдсон. Ерөнхий сайд байхдаа С.Баяр дарга үүрэг өгч, “Чи үүнийг босгож ир, энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ энэ төсөл босч ирэхгүй бол хамтарсан Засгийн газар ч гэж байхгүй, ард түмэнд амласан амлалт ч гэж байхгүй гэсэн” хэмээн 2015 оны гуравдугаар сарын 24-нд “Өдрийн сонин”-д ярьсан байдаг.

Харин С.Баяр 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Би энэ гэрээг байгуулсан хүн биш ээ. Ерөнхий сайдын хувьд энэ гэрээг байгуулснаар би бахархдаг” гэсэн юм.

Энэ гэрээний эргэн тойронд хүлээх хариуцлагын тухай олон бичвэр, тэмдэглэл түүх болон үлджээ. Нэг жишээ дурдъя. Ерөнхий сайд асан М.Энхсайхан 2011 оны арваннэгдүгээр сард “Улс төрийн тойм” сонинд ярихдаа “Оюутолгойн гэрээний зөв, бурууг Монгол талаасаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрөө гардан хариуцах ёстой. Гэтэл яагаад Монголын талын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэгт орохгүй, энэ үүргээс өөрөө сайн дураараа зугтаад байсан юм бэ. Энэ юу хэлээд байна вэ. Нарийн ярих юм бол гадныхантай харилцаж байсан нь зарим хүний нүдэнд харагдсан байгаа шүү. Энэ бол асуудал” гэсэн нь ноцтой биш гэж үү. Гэвч “ноцтой” гэж бодсон маань биш Оюутолгой, Тавантолгойн мега төслийг хариуцаж байсны хувиар мөн л АТГ-т шалгагдаж байгаа нь тохуурхал гэлтэй.

Цаашилбал, хүссэн ч эс хүссэн ч Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн гэрээний асуудал үнэхээр гэмт хэргийн түвшинд оччихоод байгаа юм бол яах аргагүй том “тул” байж таарна. Гэхдээ л түүнийг С.Баярцогт шиг хорьчихож чадахгүй л байгаа юм. Тиймээс ч түүнд хүрэхийн тулд С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг дуудаж, “С.Баяр ч гэсэн нэг ангийнх учир шалгуулах ёстой” гэсэн нийгмийн захиалгыг хүлээв үү. Харин жийргэнд нь ч гэх үү, Б.Бямбасайхан хоригдчихов. Төрийн төлөө ажилла, дараа нь хорино гэсэн бол түүн шиг залуус төрд ажиллана гэж үү. Сэжигтэй бол шалгуулалгүй яах вэ. Харамсалтай нь, гэм буруутай эсэхийг нь тогтоохоос өмнө нийгмээрээ гэмтэн мэт хүлээн авч, хэлмэгдсэн, цагаадсан байвч ар гэрийнхэн нь айхавтар шарх авдагийг дэндүү олон жишээ нотлох билээ.

Дашрамд сонирхуулахад С.Баярцогтыг 2013 оны дөрөвдүгээр сард яг л саяынх шиг эхлээд гадаадын, дараа нь дотоодын хэвлэлээр “нууц, оффшор данс, Хятадын Монгол гэсэн иргэншилтэй гэдэг” гэхчлэн өдөөн хатгаж эхэлсэн байдаг. Яг одоо өрнөж буй үйл явцтай ижил байгаа биз. 2018 оны гуравдугаар сарын 21-нээс эхлэн эхлээд “Ройтерс”, дараа нь Монголын хэвлэлүүд Швейцарын прокурорын газартай хурдаараа уралдан С.Баярцогтыг “шалгаж” эхэлсэн, санасандаа ч хүрэв бололтой.

Тэрбум тэрбум ам.доллараар Оюутолгойн гэрээний үр дүнг сайжруулсныг нь биш нууц дансан дахь нэг сая ам.долларыг ярьсаар С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн. Гэтэл таван жилийн дараа 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд Ганц худагт хоригдох нь тэр. Тэр тусмаа 2000 оны эхээр АНУ-д хамтдаа оффис цэвэрлэж явсан гэх С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 20-иод жилийн дараа торны цаана уулзах шалтгаан нь хөгжлийн зүтгүүр Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ юм байх. Дахиад хэлье, гэрээ шалгагч нь Д.Дамба-Очир тэргүүтэй УИХ-ын хэсэг гишүүд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж