Новичок бодисыг ОХУ-д үйлдвэрлэсэн гэдгийг нотолж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Новичок бодисыг ОХУ-д үйлдвэрлэсэн гэдгийг нотолж чадсангүй

Новичок бодисыг ОХУ-д үйлдвэрлэсэн гэдгийг нотолж чадсангүй

Их Британийн армийн судалгаа, шинжилгээний төв орос иргэдийг хордуулсан химийн хортой бодисыг шинжилсэн боловч ОХУ-д үйлдвэрлэсэн эсэхийг нотолж чадаагүй байна. Тус улсын Батлан хамгаалах яамны лаборатори “Портон Даун”-ы эрхлэгч Гэри Эйткенхэд хэлэхдээ “Шинжээчид тэрхүү химийн хортой бодисыг цэрэг армийн зориулалттай Новичок хэмээх хорт бодис болохыг тогтоосон. Новичок гэдэг нь Зөвлөлтийн үед гаргаж авсан мэдрэлд нөлөөлөх химийн бодисуудыг нэрлэдэг нэр. Гэвч бид тэрхүү хортой бодисыг хаана үйлдвэрлэснийг тогтоож чадаагүй” гэжээ.

 “Химийн хортой бодисыг ямар төрлийнх болохыг шинжлэх ухааны үүднээс тогтоох нь бидний ажил. Бид энэ бодисыг ямар төрлийнх болохыг бас цэрэг армийн зориулалтаар ашигладаг гэдгийг тогтоосон. Харин үүнийг хаана үйлдвэрлэсэн, хаанаас гаралтайг тогтоох нь бидний ажил биш” гэжээ. Тэрбээр мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодисыг гаргаж авахын тулд маш нарийн арга технологи шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Их Британид амьдардаг Оросын экс тагнуулч Сергей Скрипал, түүний охин Юлия нарыг гуравдугаар сарын 4-нд Солсбери хотод химийн хорт бодисын халдлагад өртөж, ухаангүй байдалтай байхад нь онцгой байдлын ажилтнууд олсон билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Химийн зэвсгийн хяналтын олон улсын хорооны уулзалтаар энэ асуудал нэг мөр эцэслэн шийдэгдэнэ гэж найдаж буйгаа өчигдөр илэрхийлсэн.

Химийн зэвсгийн хяналтын олон улсын хороо Их Британид гарсан химийн хортой бодисын халдлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр удахгүй хуралдах юм.

Их Британийн Засгийн газар энэ хэргийн ард Кремлийн эрх баригчид байгаа гэж үзэж байгаа бол Москва энэ хэрэгт ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж