“Саальчин авна. Санаа нийлвэл амьдарна”

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

“Саальчин авна. Санаа нийлвэл амьдарна”

“Саальчин авна. Санаа нийлвэл амьдарна”

Ийм зар бүтэн долоо хо­но­гийн турш  Эрдэнэтийн FM радиогоор явав. Сонссон бү­хэн амаа даран аальгүйтэж элгээ хөштөл хөхрөлдөв. Эх­лээд сон­соход инээдтэй ч гэ­сэн эр­гэцүүлж бодоход  яах ар­гагүй амьдрал юм аа.

Мал малладаг нэг залууд саальчин хэрэгтэй байдаг. Сайн хань ч бас  хэрэгтэй л бай­­даг.  Сураг сонсох нь ээ, тэр хөгжилтэй зарын эзэн  сүү­­ний чиглэлийн овоо хэдэн үнээ­­тэй тов хийсэн фермерч гэ­нэ.  Эхнэр нь хаяад  явчихаж. Хүрээ маягийн ган­­ган авхай болж жийп унаж, зангиа зүү­сэн  нөхөр олж ава­хаар хот руу гараад өг­чээ. Мөнгөтэй, баян, болж  өг­вөл тэгээд  улстөрч нө­хөр мө­рөөддөг өнөө цагийн хүүх­нүү­дийн л нэг. Уулын мухарт хэ­дэн үнээний дэлэн шувтарч саарьтай гартай,  салхинд ганд­­сан царайтай явахыг хү­сээ­­гүй  гэнэ. Тансаг харшид суун  брэнд өмсөж,  шоппинг хийж салон хэсч амьдрахыг мө­рөөджээ. Харин нөгөө муу нөхөр нь хэдэн үнээтэйгээ хад­лан тэжээлтэйгээ зууралдаад уулын мухартаа бахь байд­гаараа хоцорсон байж.  Яаж ч хичээгээд ганцаараа 40 гаруй үх­рийг  маллаж сааж  хоол унд­тай явна гэдэг санасаны гарз болов. Тэгээд зар өгч. Нууж хаахыг мэдэхгүй үнэнээ л туучихаж. Тэгээд нутаг ну­гаар нэг шараа болсон нь тэр. Үнэнээ хэлсэн залуу нэг л өдөр саальчинтай бас санаа нийл­сэн ханьтай болох нь мэдээж. Харин энэ зар монголчуудын дунд 1990 оноос хойш бий  болсон сэт­гэлгээний доголдлыг  харуулах шиг санагдлаа.  Нийгэм өөрчлөгдсөн цагаас хойш манайхан эмэгтэй хүүхэддээ аль болох дээд боловсрол олгохыг хичээж эхэлсэн. “Эмэгтэй юм энэ нь дээд боловсролтой болог. За эрэгтэй хүүхэд хаа ч алзахгүй ээ. Адаглаад нүх ухаж шороо зөө­гөөд ч болов амьдарчихна.” Аав, ээжүүд ингэж л ярих болсон. Тэ­гээд  хөдөөний эрэгтэй хүүхдүүд сур­гуулиа ч бүрэн төгсөлгүй мал дээр гарсан бол хотынхон 10 ангиа төгсөөд л ёстой нүх ухаж,  шороо зөөж эхэлсэн дээ. Харин 20 жилийн дараа өнөөдөр байдал ямар  байгааг бид бүгдээрээ мэднэ. Эрчүүд баргаараа харийн оронд хямд ажиллах хүч болон гарч эмс хүүхнүүд нь  тэдний явуулсан мөнгөөр чанаргүй дээд боловсрол  эзэмшсээр байгаа.  Со­лон­гос, Япон, Америк, Герман, Чех Польш гээд хаа сайгүй монгол эр­чүүд боол мэт зүтгэж  олсон хэдээ  Монгол руу илгээж байгаа. Түү­гээр нь охид хүүхнүүд учиргүй гангалж,  машин тэрэг унаж аваад,   дээд сургуулийн диплом өвөртлөн үнэртэй ус сэнгэнүүлэн ганхаж яваа шүү дээ. Үгүй гээч. Байчихаад бүр “Монголын эрчүүд унхиагүй, бо­ловсролгүй “ гэж голоод   жендер мэндэр ярин төр рүү зүтгэж байгаа.  Ийнхүү хүйсээрээ түрээ баригчдын “арми”  өдрөөс өдөрт  өргөжиж хаа сайгүй л том ярьж пээдийсэн хүүх­нүүд  тамшаалж байгаа нь үнэн.  Үгүй юм бол саальчин авч санаа нийл­вэл амьдарчих гээд байгаа за­луугийн бодит түүх юу өгүүлнэ вэ. Мал аж ахуйн орон байсан одоо ч бараг хэвээрээ байгаа Монголд сааль­чин олдохгүй, малчин залууд хань байхгүйн шалтгааныг өөрөөр тайлбарлах гээд оролд доо. Охид бүсгүйчүүд нь гоёж гоодон улс төрд хүч үзэхээр ханцуй шамлаж эрчүүд нь хар бор ажил хийх гэж  гадагшаа экспортлогдож байгаа. Тэд хэний төлөө юуны тулд харьд худалдагдаж бай­гааг бүсгүйчүүд  минь тайван суу­гаад бодоод үзээрэй. Эмэгтэй хүний авах идэх, гоёж гангалахын дон хэрээс хэтэрвэл  юунд хүргэдгийг зах зухаас нь бид үзэж л байна. Гэр бү­лээрээ гадаадад амьдарч байгаа хүмүүстэй уулзахалд эмс охид нь Мон­голдоо буцахыг хүсдэггүй нь мэд­рэгддэг. “Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг үнэн болол­той.  Хаана   хөнгөн дулаан, тансаг сай­хан байна тэнд л бүсгүй хүн идээ­шин дасаж төрж өссөн нутаг орноо,  төрүүлж өсгөсөн ижий ааваа ч умартдаг аж.  Харин эр хүн, эмээлт хүлэг хоёр л эх нутгаа санан эргэцэж элгэндээ эгшиж явдаг гэнэм. Эх орон,  ижий  аавдаа  яаравч гэргий хүүхдийнхээ эрхшээлээр  хичнээн олон аавын хүү хүний нутагт хар бор ажил хийн нугарч хугарч яваа бол доо. Тэглээ гээд сайн нэр зүүх­гүй, сайхан амьдарлаа гээд  сэтгэл ханахгүй. Өнөөх л тоостой бо­рог хө­дөөдөө, таана амтагдсан айр­ган­даа, тарваганы махан  боодгондоо сэтгэл татагдавч хувь заяаны эр­хээр  ажиллаж л, амьдарч л яваа байлгүй…

Ингэж бичлээ гээд хүүхнүүдийн уур хүрч байна уу. Тансаг хар­шид амьдарч, үнэтэй машин хө­лөглөн, брэнд хувцас өмсөж, ча­мин салон хэсэхэд учир бий. Өөрийн хөдөлмөрөөр, чанартай бо­ловсролоороо өндөрлөгт хүрсэн бүс­гүйчүүдэд энэ нийтлэл үл хамаарна. Харин хань нөхрөө голон байж, хэтэвч зузаантай эрчүүдийг уургалах гэж гүйлдэн буй гэзэгтүүдэд зо­риул­лаа. Ямар мөнгөөр, хэний хү­чээр сургуулиа төгсөж боловсрол эзэмшчихээд юу ярьж  яваагаа бодож үзэх ухаан богино жолоотнуудад байх л ёстой. Бид чинь ургийн би­чигт хүртэл нэр дурдагдах төдий л тэм­дэглэгдэнэ  үү гэхээс “хээнцэр ганган хэлтэй амтай явсан юм“ гэж би­чигдэнэ гэж үгүй. Чингис хаанаас хойш байнга эвдрэлдэн тэмцэж  салж бутарч явсан Монгол улсыг түр­хэн зуур ч атугай  буцаан нэгтгэж  амар амгалан байлгасан Мандухай хат­ны хөрөг зураг хүртэл түүхийн хууд­санд үлдээгүй гэдгийг санаарай. Бүс­гүй хүн шуналаа тэвчиж, ааш аягаа хямгадаж явахгүй  бол гэр бүлээ байтугай улс орноо самарчих гээд байх юм.  Ажил байлаа гээд хий­дэг­гүй тэгсэн атлаа баян амьдрахыг хү­сээд монгол эрчүүдээ голоод яваа хүүхнүүд минь дээ, цаана чинь “Сааль­чин авна. Санаа нийлвэл амьд­рана” гэнэ шүү.

2010 оны 08 сарын 12

"Улс төрийн тойм" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж