Ёс заншлаа мэдэхгүйгээс уламжлалаа устгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Ёс заншлаа мэдэхгүйгээс уламжлалаа устгаж байна

Ёс заншлаа мэдэхгүйгээс уламжлалаа устгаж байна

Монголчууд цагаан сар тэргүүтэй томоохон баяраар уул овоондоо хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч сүүлийн үед ёслолын дараа уул овоо нь сүүний сав, чихрийн цаас тэргүүтэй хогонд дарагддаг. 

Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Уул овоо тахих монгол зан үйлийг ЮНЕСКО-д бүртгэж, хамгаалалтад орсон. Ингэснээр Монголчууд 14 дэх биет бус өвөө дэлхийд данстай болгосон юм. Уг нь, овоонд идээ будаа, мөнгө төгрөг өргөх нь хориотой гэнэ. Тухайлбал, овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг аж. Үүний оронд “Овооны эхэн тандаа, олзны эхэн наддаа” гэж хэлээд чулуу нэмж нар зөв гурван удаа тойрдог уламжлалтай гэнэ. Ёс уламжлалаа мэддэггүй ард бид өөрсдийн гараар энэ зан үйлийг устгаж байсан.

Уул овоо тахих зан үйлээс өөр бидэнд маш болон биет болон биет бус өв бий. Гэвч даяаршлын энэ үед биет болон биет бус өвд аюул учраад байгаа. Тухайлбал, өвийн ач холбогдол, түүний хувь хүн болон үндэстний онцлогт үзүүлэх нөлөөний талаарх мэдлэг олон нийт, тэр дундаа залуусын дунд хомс байгаа. Тиймээс ЮНЕСКО хөтөлбөрийн хүрээнд 2009-2015 онд “Дэлхийн өв залуу үеийнхний гарт” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд “Богцон дахь соёлын өв” иж бүрдэл боловсруулсан байна. Тус иж бүрдэл бүхий төсөл нь Орхоны хөндийн дурсгалт газарт байрлах долоон сургуульд сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжжээ. Судалгааны үр дүнд үндэслэн төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Өнөөдөр /2018.4.4/ тус төслийн зөвлөлдөх уулзалт боллоо.

Үйл ажиллагааны зорилго нь өвийн боловсролыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, туршилтын хугацаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иж бүрдлийг илүү боловсронгуй болгоход орших юм.

Өвийн боловсролыг ерөнхий боловсролын хөтөлбөрт оруулна

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга

-Богцонд юу багтаж байгаа вэ?

-Богцонд дэлхийн соёлын өвтэй холбоотой материалууд, гарын авлага, үзвэрүүд орж байгаа. Түүнчлэн хичээл заах багш нарт зориулсан гарын авлага боловсруулсан байгаа

-Орхоны хөндийг сонгон  төслийг хэрэгжүүлсэн шалтгаан нь юу вэ?

-Монгол Улс ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд таван газар бүртгүүлсэн байдаг. Үүнийг нэг нь Орхоны хөндийн дурсгалт газар. Тиймээс тус газарт үндэслэн сурагчдад мэдээлэл өгсөн юм.

-Төслийн үр дүнгээс хуваалцахгүй юу?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үндэсний, дэлхийн, байгалийн, соёлын өвийн боловсрол нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх санал тавьж байгаа. Цаашлаад өвийн боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулах тухай ярьж байна. Үүний тулд БСШУСЯ, эрдэмтэн судлаачид, ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүд  хамтран хэлэлцэж байна.

ЮНЕСКО-д бүртгүүлж байна гэдэг нь соёлын өвөө хамгаалах нэг хэлбэр

Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын дарга М.Цэцэнбилэгээс соёлын өвийг хэрхэн хамгаалж байгаа талаар тодрууллаа.

Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын дарга М.Цэцэнбилэг

-Монгол Улсад хэдэн биет болон биет бус өв байгаа вэ?

-Соёлын өвийн үндэсний төвөөс жил бүр судалгаа явуулдаг. Монгол орны нутаг дэвсгэрт 116 мянган хөдлөх өв /музейн үмэр зэрэг/, 89 мянган үл хөдлөх өв бүртгэгдсэн байна. Биет бус өвийн судалгааг мөн тогтмол явуулж байна. Биет бус өв болон түүнийг өвлөн уламжлагч гэсэн хоёр статусаар явдаг. Өнөөдөр манай улсад 89 биет бус өв албан ёсоор бүртгэгдээд байна. 7000 гаруй өвлөн уламжлагч бий. Биет бус өвийн судалгааг хийж, зарим мартагдсан, судлагдаагүй байгаа өвийг улам баяжуулах хэрэгтэй байгаа.  

-Өвийг хэрхэн хамгаалж байна. Өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

-ЮНЕСКО нь БСШУСЯ-тай хамтран тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Манай улс ЮНЕСКО-гийн соёлын таван конвенцод гишүүн орноор элссэн. Уг конвецийн дагуу биет болон биет бус соёлын өвийг хамгаалах арга хэмжээ авдаг. Конвенцийн гишүүн орон болсон тохиолдолд ерөнхийдөө соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, сурталчлах гэсэн үүрэг хүлээдэг. Соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж байна гэдэг нь соёлын өвөө хамгаалах нэг хэлбэр. Биет бус өвийн хувьд хойч үедээ өвлүүлж байгаа нь хадгалж байгаагийн нэг хэлбэр.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж